Б.ГАРЬД

 

Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхантай цаг, үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Өнөөдөр ЖДҮХС-гаас олгож буй хөн-гөлөлттэй зээл нээлттэй, шударга, тэгш олгогдож чадаж байна уу?

-Тэгэлгүй яах вэ. 2018-2019 онд асуудал үүсч, хууль, хяналтын байгууллагууд шалгасан. Зарим нь тогтоогдсон. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих тухай хуулийг Ж.Ганбаатар нарын гишүүд санаачлан хоёр жил  гаруй хугацаанд хэлэлцүүлж, олон мянган жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийнхээ санаа бодлыг тусган 2019 оны зургадугаар сарын 6-нд батлуулсан. Үүний дараа “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр”-өө батлууллаа. Хууль, хөтөлбөрийнхөө хүрээнд ЖДҮХ сангаас “Зээл олгох журам”-ыг Засгийн газрын хуралдаанаар мөн батлуулчихлаа. Эдгээр алхмууд маань зээлийг ил, тод шуурхай зөв олгох, өмнө алдаа, дутагдлыг арилгах бодлогын бичиг баримт юм. Эдгээр бичиг баримтдаа тулгуурлан 2019 оны төсөл сонгон шалгаруулалтаа зохион байгуулсан. Сонгон шалгаруулалтад орсон аж ахуйн нэгжүүдээс шалгарсан, шалгараагүй судалгаа хийж үзсэн. Бүгд л сэтгэл хангалуун байсан. “Хэдийгээр шалгарч амжаагүй ч гэсэн төсөв сонгон шалгаруулалтад оролцоод шударга болж байгаа юм байна. Өөрийнхөө төслийн алдааг олж харж чадлаа. Дараа жил төслөө өгөхдөө өмнөх алдаагаа ингэж засах юм байна гэдгээ мэдэж авлаа” гэж  олон хүн хэлсэн. Сонгон шалгаруулалт  шударга болсон гэдэг нь харагдаж байгаа юм. Энэ жилийн хувьд ч бид нар сонгон шалгаруулалтыг хууль, журмынхаа дагуу явуулах учраас шударга, ил тод явагдана гэдэгт эргэлзэх хэрэггүй.

- Энэ жил сонгон шалгаруулалтаар ямар нэгэн чиглэл, салбарыг сонгож дэмжих вэ. Өмнөх жилүүдэд тийм  бодлого гаргаад явж байсан?

- Хуулиараа жижиг дундын салбарт тэргүүлэх салбар чиглэлийг тогтоох ёстой. Энэ асуудал 2019 он хүртэл огт хийгдээгүй. Тиймээс 2019 онд Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдвэрлүүлсэн. Жижиг, дунд үйлдвэрийн тэргүүлэх салбар чиглэл гэдгийг бүсчилсэн хэлбэрээр буюу баруун, төв, говийн  зүүн бүс гээд  тогтоосон. Баруун бүсэд гэхэд  нэн шаардлагатай ЖДҮ энэ юм гээд нөөцөд нь тулгуурлаж тогтоосон. Үүнийхээ дагуу  жил бүр зээл олгох салбар чиглэлийг ХХААХҮ-ийн сайдын тушаалаар баталдаг. 2020 оны хувьд дэлхий нийтийг хамарсан коронавирус гарсантай холбоотойгоор ХХААХҮ-ийн сайдын тушаалаар нэн тэргүүнд маскны үйлдвэрлэл,  ариутгах бодис халдваргүйжүүлэх бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлд онцгой анхаарсан. Эдгээр салбарыг шинээр оруулж ирсэн. Мэдээж уламжлалт салбар буюу ноос ноолуур, арьс шир үйлдвэрлэл байхаас аргагүй. Бас аялал жуулчлалын салбар Монголд төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Дэлхий даяар энэ чиглэлээр ажилладаг аж ахуйн нэгжүүд уналтад орсон.  БОАЖЯ-аас маш олон удаа энэ салбарыг дэмжинэ үү гэдэг хүсэлт ирүүлсэн. Бид энэ салбарт судалгаа тооцоог нь хийсэн. Худалдаа аж үйлдвэрийн танхимтай мөн хамтарч судалгаа хийж үзлээ. Судалгаагаар эдийн засгийн хувьд энэ салбар 90 гаруй гаруй хувьтай ковидэд өртөж байна. Тиймээс энэ салбарыг бүр мөсөн унахаас нь сэргийлэхийн тулд 2020 онд аялал жуулчлалын салбарыг  зээл олгох салбар чиглэлдээ оруулж бодлогоо тодорхойлсон.

-Зээлийн эх үүсвэрүүдийн буцаан төлөлт хэдий хэрийн үлдэгдэлтэй байгаа вэ?

-Хөгжлийн банкны бондыг 2020 онд хүүтэй нь бүрэн дарж дууслаа. Засгийн газрын бондын 280 тэрбум төгрөгөөс 44 тэрбум төгрөг төлөх үлдсэн. Энэ ондоо багтаад 3.3 тэрбум төгрөгийг төлөхөөр ажиллаж байна. Ирэх онд 41 тэрбум төгрөгийг төлнө. Салбарын сайд болон Сангийн яаманд зээлийн эргэн төлөлтийг хойшлуулъя гэж танилцуулсан.

- Тэгвэл зээлийн эргэн төлөлт хэдэн хувьтай байна вэ?

- Өнөөдрийн байдлаар 1124 зээлдэгчтэй 262 тэрбум төгрөгийн зээл байна. Үүнээс  зээлийн эргэн төлөлт тодорхой хэмжээгээр доголдсон буюу 90-ээс дээш хоногийн хугацаа хэтрэлттэй 360 орчим аж ахуйн нэгж бий. Эдгээр аж ахуйн нэгжийн эргэн төлөлтийг сайжруулах талаар олон ажил хийж байна. Жижиг, дунд үйлдвэрийн газар дотроо Хууль, тусгай активийн хэлтэс байгууллаа. Банкны өр барагдуулах албатай адилхан үүрэгтэй гэсэн үг. Харамсалтай нь энэ хэлтэс  маань зургаа долоохон хүнтэй. 360 орчим өрөө төлөхгүй байгаа нөхдүүдийн араас хөөцөлдөнө гэсэн үг шүү дээ. Гэхдээ эхнээсээ бага гэлтгүй үр дүн гарч байна. 2019 онд зөрчилтэй байсан зээлүүдээс 6.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн. 2020 онд аян зохион байгуулаад 12 тэрбум төгрөг төлүүлсэн. Өөрөөр хэлбэл өмнөх онтой харьцуулбал хоёр дахин их эргэн төлөлт төвлөрүүллээ. Эргэн төлөлтийн чиглэлд ахиц гарч байна.

-2020 онд яг хэдэн тэрбум төгрөг төвлөрүүлэх тооцоотой байсан бэ?

- 2020 онд 50.4 тэрбум төгрөгийг төвлөрүүл гэсэн үүрэг өгсөн.

- Энэ онд 1579 төсөл дээр 239 тэрбум төгрөгийн хүсэлт ирүүлсэн гэсэн. Гэтэл оны эцэст 18 орчим тэрбум төгрөгт зээл олгоно гэж байна?

- Төсөл сонгон шалгаруулах дөрвөн үе шаттай. 1579 төслөөс хоёрдугаар шатандаа 400 орчим аж ахуйн нэгж тэнцсэн. Өөрөөр хэлбэл 1100 төсөл хоёрдугаар шатандаа хасагдсан гэсэн үг. Гуравдугаар шатанд газар дээр нь очиж нарийвчилсан үнэлгээ хийхэд 250 гаруй аж ахуйн нэгж тэнцсэн байна. Эндээсээ бид Улаанбаатар хотын хэмжээнд төсөв сонгон шалгаруулах хорооны хурлаа хийнэ. Түүний дараа барьцаа хөрөнгө үнэлэх тусгай зөвшөөрөл бүхий 30 гаруй байгууллагаар хөрөнгийг нь үнэлүүлээд, гэрээ байгуулна. Үүний дараа санхүүжилт нь олгох асуудал яригдана гэсэн үг.

-Зээлээ хэзээнээс олгох вэ. Төслөө өгчихсөн газруудад хүлээлт байгаа байх?

-Журмаараа ондоо багтаах ёстой. онд олон улсын донор байгууллагуудын хөрөнгөөр 15 орчим тэрбум төгрөгийг жижиг, дундын салбарт зээл олгоно.

-Орон нутагт ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийг ямар шалгуураар өгч байна вэ?

-ЖДҮХС-гаас орон нутагт зээл олгох эрхийг нь олгосон. Цар тахалтай холбоотойгоор эргэн төлөлт хойшлогдож хүндрэл үүссэн учраас нэг тэрбум гэж төлөвлөснийгөө 500 сая болгож бууруулсан. Өнөөдрийн байдлаар гурван аймгийн 20 гаруй компани зээлээ авчихаад байна. Үлдсэн аймгууд ихэнх нь төсөл сонгон шалгаруулах дэд хорооныхоо хурлыг хийгээд манайд хүсэлтээ ирүүлж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.20 БААСАН № 223 (6448)