Б.ДОЛЖИНЖАВ

“Амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг өргөжүүлэх нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал Улсын нэгдүгээр төв эмнэлэгт өнөөдөр боллоо. Улсын нэгдүгээр төв эмнэлэг дээр бөөр болон элэг, ясны чөмөг шилжүүлэн суулгах, Хавдар судлалын үндэсний төв дээр элэг шилжүүлэн суулгах эмчилгээг хийж байна.

Энэ талаар ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга П.Батчулуун "Донорын тухай хуулийн 13.2-д  Монгол Улсын 25 насанд хүрсэн иргэн амьд ахуйдаа бусдын донор болж болно гэж заасан байдаг. Донор болъё гэсэн санал иргэдээс их ирсэн.  Бид энэ үйл ажиллагааг хуулийн хүрээнд өргөжүүлэхээр ажиллаж байна. Одоогийн байдлаар 18 амьгүй донороос 41 хүнд эрхтэн шилжүүлэн суулгасан.  Дэлхийн улс орнуудад тархины үхэлтэй донороос гадна зүрх нь зогссон донорын эрхтнийг шилжүүлэн суулгаж байна. Манай улсын хувьд дараагийн үе шатанд энэ асуудлыг хөндөнө” гэсэн юм. Энэ хурлыг ЭМЯ, ЭМХТ, Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгалтын нийгэмлэг, Эрхтэн шилжүүлэн суулгалтын Монголын холбоо, БНСУ-ын Рафаэл интернэйшнл ТББ, Вайталлинк, БНСУ-ын болон Монголын Ротари клуб хамтран зохион байгууллаа. 

Эх сурвалж:www.polit.mn