Ч.ОЛДОХ

 УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан  Н.Алтанхуяг сонгуулиас хойш ам нээгээгүй. Тэгвэл түүнийг ярилцлагад урьсан, асуултад хариулт авахыг хүссэн сэтгүүлчид олон байсан юм. Иймд тэрээр өнөөдөр сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Сэтгүүлчид түүнээс “АН-ын гишүүнчлэлээ сэргээх үү”, “Та Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үү”, “Ерөнхийлөгч Х.Баттулга болон Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой ямар харилцаатай байгаа вэ”, “Таны анх олон нийтэд хандан хэлсэн шударга бусын хонгил одоо байна уу, МАНАН байна уу” гэхчлэн асуусан.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хэлэхдээ “Би намаасаа гараагүй. Намын зарим удирдлага намайг намаас гаргасан гэсэн  тул би арга буюу бие даан нэр дэвшсэн. Тухайн үед буруу шийдвэр гаргасан хүмүүс энэ шийдвэрээ залруулах байх  найдаж байна. “Шударга бусын хонгил”-ыг нураахын тулд би хамтран  ажиллаж байна. Үүнтэй холбоотой хамгийн чухал хууль бол Шүүхийн тухай хууль. Энэ хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт би багтсан. Шүүх шударга байх ёстой. Би Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан. 2017 онд Монгол Улс их бүрхэг, ойр хавийн зүйлс харагдаггүй, манан будантай байсан. Одоо байдал өөрчлөгдсөн. Гэхдээ МАНАН бүрэн арилаагүй. Шүүгчид гурван улстөрчийн хараанд байж болохгүй” гэв. Тэрээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн тухайд  “Улс орныг дампууруулж, Монгол орны ирээдүйг балласан хүний нэг нь яах аргагүй Ц.Элбэгдорж мөн. Би хүнтэй сөргөхгүй. Харин итгэл үнэмшлийнхээ төлөө бат зогсоно” хэмээн хариуллаа.   

 Эх сурвалж: Polit.mn