Б.НАМУУНТАМИР

Аялал жуулчлал ба орон нутгийн хөгжил уриан дор “ITM-2020” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт өчигдөр болж, цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан COVID-19 ба COVID-19-ийн дараах аялал жуулчлал сэдэвт уулзалт хэлэлцүүлэг боллоо. Энэ жилийн хувьд нийслэл хот, 21 аймаг орон нутгийн төлөөлөл, 200 гаруй байгууллага, 10 гаруй орны элчин сайд нар оролцсон юм. Энэ удаагийн хэлэлцүүлэг Цар тахлын үе болон чиг хандлага, хамтын ажиллагааны хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлуудаа хэлэлцэж,  гадаад дотоодын судлаачид учирч буй хямрал бэрхшээлийг хэрхэн даван туулах талаар санал бодлоо солилцсон юм.

 

Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр:

Олон улсын туршлагын тинк танк үйл ажиллагаа явагдаж байна

- 2020 онд цар тахал аялал жуулчлалын салбарт олон сөрөг үр дагаваруудыг авч ирсэн хэдий ч хэрхэн бид энэ салбараа орон нутагтаа ээлтэй, өрсөлдөх чадвартай, оновчтой зохион байгуулалтыг хийх вэ гэдэг талаар хэлэлцэж байна. 

Нээлтэд олон улсын аялал жуулчлалын салбарт хамгийн өндөр үр нөлөө бүхий 10 гаруй улсын элчин сайдууд, олон улсын байгууллагууд зориуд өндөр ач холбогдол өгч элчин сайд нар нь өөрсдөө хүрэлцэн ирсэн байна. Бидний хамгийн их ярьдаг зүйл хог, нойлын асуудал байдаг. Үүн дээр ямар инноваци, шийдлүүд байна вэ гэдгийг хэлэлцэнэ. Норвегийн бизнес эрхлэгчийн Монголын нөхцөлд хэрхэн Норвегийн хүйтэн сэрүүн онцлогт дээрх асуудлыг шийдсэн талаарх туршлага яригдана. Үүнээс Монголын амралт жуулчны баазууд санаа авч, хэрэгжүүлэх боломж бий. Мөн хөдөө орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийг орон нутгийн иргэд өөрсдөө ямар зохион байгуулалт хийж ямар менежментээр хөгжүүлэх, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, шинэ арга хэмжээнүүдийг эдийн засгийн бөгөөд, соёлын агуулгатай хийх гэх мэт зүйлсийг ярилцана. Тиймээс “ITМ” үзэсгэлэн “Мишээл” экспо дээр хэдэн байгууллага, компаниуд очоод зогсдог биш, олон улсын туршлагын тинк танк үйл ажиллагаа явагдаж, тэр хэрээрээ аялал жуулчлалын салбарт ахиц дэвшил гарах ач холбогдолтой юм.

 

“Аялыл жуулчлалын тогтвортой хөгжлийн төв”-ийн УЗ-ын дарга доктор Д.Гансүх:

Дотоодын аялал жуулчлал өссөнөөс даацаас хэтэрсэн аялал жуулчлал үүсч байна

-Дан ганц Монгол Улс ч биш олон улсын аялал жуулчлалын салбар цар тахлаас шалтгаалан 70 гаруй хувь буурсан. Эсрэгээрээ дотоодын аялал жуулчлал нь нэмэгдсэн. Дотоодын аялал жуулчлал өссөнөөс шалтгаалан даацын хүчин чадлаас нь хэтэрсэн хэмжээний дотоодын аялагчид явж байгаагаас даацаас хэтэрсэн хэт их аялал жуулчлал үүсч байгаа. Энэ үзэгдлийг хэрхэн яаж шийдвэрлэх талаас нь олон улсын судлаачид сонирхож байна. Үүнийг нэгдүгээрт байгальд ээлтэйгээр аялал жуучлалынхаа төрлүүдээ сонгох, эко байдлаар, шувуу болон болон зэрлэг ан амьтан ажиглах ч гэдэг юм уу, төрлүүдээ сонгоод, маркетинг хийх, хоёрдугаарт,  хүчин чадалдаа тохирсон хэмжээний хязгаарлалтыг тогтоох, нэн ялангуяа зорчих тээврийн хэрэгсэлд бүсчлэл болон, дотор, хураамжаа нэмэгдүүлэх зэргээр хязгаарлаж болно.

Мөн хамгийн чухал, сонирхол татаж байгаа чиглэл нь жуулчид их очдог улиралд биш жуулчид бага очдог улирлуудад аялал жуулчлалын арга хэмжээнүүдийг өргөнөөр зохион байгуулж, жуулчид их очдог газар нутгуудад биш, бусад нутгуудыг судалж байж, тэндээ арга хэмжээнүүдээ зохион байгуулах зэрэг ийм арга хэмжээнүүдийг хийх ёстой.

 

“Монголиа Экспедишнс энд турс” компанийн захирал С.Алдархишиг:

Тасралтгүй маркетинг хийж байж монголын өвлийг бренд болгоно

-Манай компани өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, нэн ялангуяа спортын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Өвлийн аялал жуулчлал спортоо дагавал илүү хөгжих боломжтой. Тийм учраас дугуйн аялал, ууланд авиралт, уулын аялал, чарганы аялал зэрэг төрлүүд дээр тулгуурлан өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлдэг. 

 Шүүмжлэлтэй хандахад манай аялал жуулчлалын компанийн дийлэнх нь өвлийн аялал жуулчллалын бүтээгдэхүүн гаргадаггүй, байхгүй гэж ойлгож болно. Гарынх таван хуруунд багтахаар маш цөөн тооны компаниуд л өвлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн, өвлийн контентуудыг зах зээлд гаргаж байгаа. Яг дорвитойгоор өвлийн цэвэр аяллын бүтээгдэхүүн талаас нь гаргаж байгаа зүйл хомс. Зүгээр өвлийн аялал жуулчлалыг дэмжих зорилгоор мөсний баяр, бүргэдийн баяр, тэмээний баяр гэх мэт эвэнтүүд жилдээ нэг удаа зохион байгуулагддаг. Гэхдээ зөвхөн эвэнтээр жуулчид татна гэдэг нь өөрөө өрөөсгөл ойлголт юм. Тэгэхээр аяллын бүтээгдэхүүнээ давхар хөгжүүлж, тасралтгүй маркетинг хийж байж Монголын өвлийг брэнд болгоно” гэлээ.

 

Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн Доктор, дэд профессор М.Билэгсайхан:

Дотоодын аялал эргэж харах боломж өгч байна

Өнгөрсөн оны аравдугаар сарын 22-нд нэг л өдөр дэлхий даяар аялал жуулчлалд оруулсан хөрөнгө оруулалт зогссон. Мэдээж уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй буй орчин гээд аялал жуулчлалын салбарт нөлөөлж байгаа зүйл байгаа хэдий ч цар тахал цочрол өгсөн. Энэ нь эдийн засгийг хязгаарласан. Олон улсын зорчигч тээврийг хязгаарлахаар олон улсын аялал жуулчлал хязгаарлагдсан. Дотоодын аялал жуулчлал улс дотроо яваад байгаа юм. Нөгөө талаар дотоодын аялал жуулчллалаа дэмжих, эргэж харах боломж өгч байгаа юм. Монгол Улсын хэмжээнд экспортын 6.8 хувийг аялал жуулчлал бүрдүүлдэг. 2019 онд 607.2 сая ам.долларыг аялал жуулчлалаас олж энэ нь өмнөх оноос 14 хувиар өссөн үзүүлэлт гарсан. ДНБ-д аялал жуулчлал нь 10-аас дээш хувь байдаг 20 гаруй улс бий. Тэд бүгд асуудалд орчихсон, амжиргаа нь зогсчихсон байгаа. Манай улсын хувьд 10-аас бага байдаг учраас харьцангуй гайгүй байгаа. Тэгэхээр Монголын аялал жуулчлалыг минибус шиг гэж бодвол хөрвөх чадвар сайтай учраас яаж ийгээд яваад байж чадна. Харин урт галт тэрэг шиг гэж бодвол зогсоход хэцүү, хөрвөх чадвар муутай байна гэсэн үг. Тэгвэл орчин үеийн дижитал хандлагад тулгуурлаад орчин үеийн хэрэглэгчидтэйгээ уялдуулаад жижиг кластер, жижиг газруудаа хөгжүүлэх хэрэгтэй байгаа юм.

 

Энэ жилийн арга хэмжээ нь аялал жуулчлалын салбарт 2020-2021 онд бизнесээ амжилттай үргэлжлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, салбарыг эргэн сэргэлтэд оруулахад хувь нэмрээ оруулах зорилгоор зохион байгуулж байгаа аж. Мишээл экспод энэ сарын 30,31-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, 200 гаруй байгууллагууд аялал жуулчлалын төр ба хувийн хэвшлүүд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах юм байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.10.29 ПҮРЭВ № 209 (6434)