Ч.ЗОТОЛ

Тагнуулын ерөнхий газар (ТЕГ)-ын  дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарт холбогдох Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эхэллээ.

 Б.Хурц нарын  зургаан хүн нь  С.Зоригийг  хөнөөсөн гэх  хэргээр яллагдсан  Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутгагдаж буй юм.  Хэргийг өнгөрсөн долдугаар сард Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцсэн. Ингэхдээ  Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Г.Эрдэнэбат нарт гурван жилийн хорих ял ногдуулж, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр заасан. Мөн  О.Бямбажав, Ү.Отгонбаяр нарт хоёр, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаярт нэг жилийн хорих ял оноож, мөрдөгч О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгасан юм.

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Г.Эрдэнэбат, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр нарыг тус бүр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар эрүү шүүлт тулгасан, гүйцэтгэх ажиллагааны  хууль тогтоомжийг  зөрчсөн гэмт хэрэгт  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байдаг.

Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн   анхан шатны шүүхийн дүгнэлтээс  харахад  Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын ял шийтгүүлсэн  зургаан албан тушаалтан нь   Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн нь үнэн болохыг  тогтоосон гэж ойлгогдож байгаа. Нөгөөтэйгүүр,  эрүүдэн шүүсэн гэдэг нь тогтоогдсон бол  Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт хилсээр хэрэг хүлээлгэсэн гэдэг нь  батлагдаж байна  гэсэн үг юм. Гэвч уг шийдвэрийн дараа  шүүхээс 24-25 жилийн ял өгч шоронд илгээсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллаагүй, үргэлжлүүлэн хорьсоор байгаа юм.

Эх сурвалж:www.polit.mn