Өчигдөр, өнөөдөр

0
хуваалцах
184
үзсэн

2019.03.27: ҮАБЗ-ийн Зөвлөмжөөр чөлөөлөх нь зөв

Өнөөдөр: Хүчингүй болгох хуулийн төслийг өргөн барив

 

Т.БАТСАЙХАН

ҮАБЗ-ийн зөвлөмжөөр хууль, шүүхийн байгууллагын удирдлагыг чөлөөлдөг болох хуулийн заалтыг Ерөнхийлөгч Х.Баттулга өргөн барьж, УИХ өнгөрсөн оны гуравдугаар сард яаралтай горимоор хэлэлцэн баталж байв. МАНАН-гийн гэгдэх  Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор, АТГ-ын дарга нарыг энэ хуулийн заалтаар өөрчилнө гэсэн ойлголтыг тухайн үед олон нийтэд өгсөн. Хууль батлагдаж, ҮАБЗ-ийн зөвлөмжөөр хууль, шүүхийн байгууллагын удирдлагуудыг ч өөрчлөв.  Тухайлбал, АТГ-ын даргаар  З.Дашдавааг, дэд даргаар Ж.Батсайханыг томилов. Мөн Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох саналаа Ерөнхийлөгч оруулж, парламент батлав. Прокурорын орлогчоор М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг томилсон.  Түүний дараа Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны тавдугаар сарын 9-ний зарлигаараа  Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Х.Батсүрэнг томилсон. Түүнчлэн 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгаж эхэлсэн. Ерөнхийдөө Ерөнхийлөгчийн өргөн барьж, МАН-ын баталсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль нь хууль, шүүхийн байгууллагын үйл ажиллагаанд “том цохилт” болсон.

Тэгвэл ердөө нэг жилийн дараагаас  МАН “матрын  нулимс” унагаж, эхлэв.  Өөрсдийн кноп дарж баталсан хуулиа, үгүйсгэж, өөрчилнө гэнэ.  Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнгөрсөн наймдугаар сард  ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүгчдийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, чөлөөлөх цонхыг нэн яаралтай хаахгүй бол Монгол Улсад хараат бус шүүх засаглал устана. Тиймээс бид энэ цонхыг нэн тэргүүнд хаахыг зорьж байна” хэмээн мэдэгдсэн. 

Улмаар өнгөрсөн даваа гаригт болсон МАН-ын бүлгийн хаалттай хуралдаанаар ҮАБЗ-өөс хууль, шүүхийн байгууллагын удирдлагыг томилдог байдлыг өөрчлөх асуудлыг хэлэлцэж, дэмжээд байна.   Энэ талаар  бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тайлбар өгөхдөө “Хууль зүйн байнгын хорооноос өмнө нь гаргасан саналын дагуу Ерөнхийлөгчийн өргөн барьсан Шүүхийн тухай гурван хуулийг буцаах нь зүйтэй гэж үзсэн. Тэр дундаа ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүх, хуулийн байгууллагын удирдлагуудыг өөрчилдөг байдлыг хүчингүй болгоно.  Нэр бүхий 13 гишүүн хуулийн төсөл өргөн барьсан” гэв.  

Жил гаруйн өмнө МАН-ын гишүүд тухайн хуулийг батлах гэж яаж яарч гүйснээ өнөөдөр мартав бололтой.  МАН-ын бүлэг, байнгын хороод, чуулган бүгд яаралтай горимоор хуралдсан байдаг.  Мөн хууль батлагдсанаар Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хэргийн жинхэнэ эзэн олдоно, эрүүдэн шүүлт үгүй болно гэж Ц.Нямдорж тэргүүтэй зарим гишүүн тун итгэлтэйгээр ярьсан байдаг.  

Тухайн үед энэ асуудлаар гишүүд ямар байр, суурьтай байсныг хүргэж байна. 2019 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн чуулганы хуралдааныг УИХ дахь АН-ын бүлгийнхэн орхин гарсан байдаг. Бүлгийн дарга Д.Эрдэнэбат  “Энэхүү хуулийн төсөл шүүгчийн хараат бус байдалд халдаж байна. Түүнчлэн, АТГ-ын дарга, дэд даргыг УИХ томилдог. ҮАБЗ-ийн зөвлөмжөөр эдгээр албан тушаалтныг чөлөөлөх асуудлыг ярих нь УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдсан үйлдэл. АН-ын бүлэг Үндсэн хууль зөрчсөн асуудлыг хэлэлцэж байна хэмээн үзэж чуулганы хуралдаанд оролцохгүй”  гэжээ. 

Мөн хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр  УИХ-ын гишүүн О.Баасанхүү “С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах явцад сэжигтнүүдийг эрүүдэн шүүсэн асуудал яригдах боллоо. Уг бичлэгийг УИХ-ын гишүүд үзэх хэрэгтэй” гэлээ.  Мөн ҮАБЗ-өөс сэжигтнүүдийг эрүүдэн шүүсэн бичлэгийг нийтэд ил болгохыг Засгийн газарт үүрэг болгосон.  Мөн ҮАБЗ-өөс УИХ-ын даргад уг асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулах үүрэг өгснийг Г.Занданшатар дарга хуралдааны эхэнд танилцуулжээ. 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

-Өнгөрсөн хугацааны алдаа завхралыг эцэс болгоход хариуцлагын тогтолцоо шаардлагатай байгаа. Би хариуцлагын төлөө шаргуу ажиллаж байгаа. Намынхаа удирдлага, томилсон даргадаа хариуцлага тооцсон. Шүүх, ТЕГ-ыг өөрсдөдөө үйлчлүүлж, хууль бус хэрэг хийлгэж байсан мафийн бүлэг илэрч байна. Цаана их хэмжээний мөнгө, авлига, баялгийн хуваарилалтад оролцож, лиценз авч мафийн бүлэглэлээ тэжээдэг. Сүүлд МАНАН бүлэглэл хар тамхи, тамхины наймаагаар тэжээгддэг байсан нь илэрч байна. Шүүгчид авлигад идэгдсэн байгаа учраас нэр бүхий шүүгчдийг өөрчлөх шаардлагыг Үндэсний аюулгүй байдлын гурван гишүүнд хүргүүлж байгаа юм. Энэ хүмүүсийг өөрчлөхгүйгээр шүүхийн реформ хийх боломжгүй.

-УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

-Бид хамтдаа нэг жилийн хугацаанд ордон дотроос, ордны гаднаас мэдээлж байсан дуулиант хэргүүд хамгийн эцсийн буюу шүүхийн шатанд ирээд байна. Өнөөдөр шүүхийн байгууллагын 70 орчим хувь системийн томилгоо буюу МАНАН бүлэглэлтэй холбоотой байна гэдэг мэдээлэл ирж байгаа. Өдрөөс өдөрт энэ нь үнэн болж байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болсныхоо дараа МАНАН-г Монголын улс төр болон бизнесийн системийг гажуудуулж байгаа хорт хавдар гэдгийг маш гүнзгий ойлгосон. Өнөөдөр Төрийн ордонд ч энэ хүмүүсийн төлөөлөл олон байна. Надтай хамт ч ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

-Шалгасан, хянасан, шүүсэн хүмүүс нь хөдлөхгүй болохоор ийм байдалд хүрч байна гэж байна. Яг одоогийн бичигдсэн хэлбэрээр явбал шүүх засаглал ганхана. ҮАБЗ-ийн гурван хүн бурхан биш. Зүйлүүдийг нь харахаар дан өнгөрсөн цаг дээр бичигдсэн байна. Үүнийг хэн тогтоох юм, аймшигтай байдалд хүрнэ. Хэмжээ хязгаар тогтоож, өөрчлөх хэрэгтэй. ҮАБЗ-ийн ажлын хэсэгт ийм чадамж байхгүй. Хилс хэрэгт хэлмэгдсэн гээд өчнөөн хүн гарч ирнэ. ҮАБЗ-ийн ажлын алба тэр хэмжээнд ажиллаж чадах уу. Бүх шүүгчийг түдгэлзүүлэх боломжтой болсон байна. Гуравхан хүн сууж байгаад л ард түмэн хүсч байна, хэвлэл хүсч байна гээд сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргаж болзошгүй. Хуулийг хэлэлцэхийг болиулаад цаашид яах вэ гэдгийг ярих боломж байна.  Өнөөдөр Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурорууд зурагт үзэж байгаа байх. Шүүхийн засаглалыг аварч үлдэхийн тулд маргааш өөрсдөө өргөдлөө өгөөд явах ёстой болов уу. Энэ хуулийг баталсны дараах үр дагаварт санаа зовж байна.

Ц.Нямдорж:

-УИХ шийдвэр гаргахгүй бол Монгол Улс эрүүдэн шүүхийг дэмждэг улс болно шүү.  Ийм зүйл хийсэн хүмүүс шүүхийн хараат бус байдлын талаар илтгэл бичиж өгөөд тэрийг нь уншаад сууж байгаа нь хогийн, новшийн харагдаж байна. 1937 оны хэлмэгдүүлэлтийг өөгшүүлдэг хүмүүстэй эцсээ хүртэл тэмцэнэ. Яасан хүний зовлонд ханаж, цаддаггүй юм.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-УИХ-ын дарга Г.Занданшатар аа, МАН-ын бүлэг Хууль зүй, дотоод хэргийн сайдын мэдээлэлтэй танилцсан. Гэхдээ ийм хуулийн төсөл бариад ороод ир гээгүй шүү. Буруу ойлголт төрүүлж байгаагаа залруулмаар байна. Намын бүлэг Засгийн газарт энэ бичлэгийг ил болгох нь зүйтэй гэсэн чиглэл өгсөн. Хоёрт, УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулъя, ажлын хэсэг энэ хуулийн асуудлыг цэгцэлж, УИХ-ын гишүүдээс хуулийн төслийг өргөн баръя гэсэн. Түүнээс Ерөнхийлөгчийг ийм хуулийн төсөл бариад ороод ир гээгүй шүү.

ҮАБЗ-ийн зөвлөмж гараад Монгол Улсын 512 шүүгч түдгэлзэх боломж бүрдэж байна. Ингэж системийг бүхлээр нь донсолгосон хууль баталж болохгүй. 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

-Энэ хуулийн төсөл дээр Үндсэн хуулийн зөрчлийн асуудал яригдахгүй байх.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

-Гишүүдийн ярьж байгаа шиг төрийн эсрэг гэмт хэрэг биш, Үндсэн хууль ч зөрчөөгүй, зөвлөмж л гаргаж байна. Гэхдээ зөвлөмж гаргахад хүлээн авахгүй бол яах вэ.  Шүүгч нарыг бид хангалттай эрхлүүлсэн. Хангалттай цалин өгч, хэмжээгүй эрх мэдэл өгсөн гэжээ.

Ийнхүү чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг дэмжиж баталж, тухайн өдрөөсөө эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн байдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.10.28 ЛХАГВА № 208 (6433)