Наадам сольж дэвсэн “молиго” Сумьяа

0
хуваалцах
271
үзсэн

Б.ГАРЬД

 

УИХ-ын гишүүн, Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумьяабазар Хотын дарга болчихлоо. НИТХ-ын анхдугаар хуралдаан дээр бярдаж орж ирээд аатай гэгч нь “даваад” явчихлаа. Ерөнхий сайд ч яаран баталж ажилд нь оруулав.

Д.Сумьяабазар Нийслэлийн МАН-ын даргын хувьд Хотын дарга болох нь урьд тогтоод, ойрд халагдаад байсан жишгээ дагаж буй хэрэг. Нэг талаас ингэж харагдаж байгаа юм.

Нийслэлийн МАН-ын даргаар ажиллаж байгаад НИТХ-ын дарга болсон Ц.Сандуй дараа нь яаж “алууллаа” даа. Тэрний оронд Засаг даргын тамга атгачихаад амьтан хүн горьдоогоод сууж байсан бол журмын нөхөд нь журамгүй зан гаргахгүй л байсан.

Ингэж харвал Д.Сумьяабазарын зөв.

Угаасаа нам нь өнгөрсөн зуны сонгуульд ялчихаад сайдын суудлаас нь мулталсан. Уг нь мань эр сайдаараа үлдчих гээд их л чардайсан гэдэг юм.

Тэр ч байтугай тэр сонгуулиас хойш Д.Сумьяабазар намынхаа удирдлагуудын хувьд буланд шахагдчихаад байсан. Сая ялагдсан бол улс төрөөс шууд “зодог тайлах” байв.

Нөгөө талаасаа болохоор Д.Сумьяабазар УИХ-ын гишүүнээс Хотын дарга болсон нь аргагүй л цаг үеэ мэдэрсэн айхтар улстөрчийн хийсэн алхам болж харагдаж байна.

Үнэхээр ч Хотын дарга том л доо. Хот гэдэг их айл төсөв ихтэй. Бараг л Ерөнхий сайдын хэмжээний эрх мэдэл түүнд ирж байгаа юм.

Тэгээд ч УИХ-аар өнгөрсөн оны өвөл хийсэн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр эрхэм гишүүдийн эрх мэдлийг хязгаарлачихсан. Сайд болоогүй л бол сул гишүүн байх үнэхээр хэрэггүй болсныг олон гишүүний амнаас сонсож байна.

Энэ утгаараа Д.Сумьяабазар зөв шийдсэн.

Хамгийн гол нь Д.Сумьяабазарын Хотын дарга болсны цаана хоёр том ноцтой асуудал явж байгаа юм.

Нэгдүгээрт, Д.Сумьяабазар шударга сонголтоор Хотын дарга болсонгүй. МАН-ын Удирдах зөвлөл дээр Д.Сумьяабазарыг Хотын дарга болгох шийдвэр гаргаад НИТХ-ын төлөөлөгч нар шууд гар өргөөд Хотын дарга болгочихсон.

Шинээр сонгогдсон НИТХ-ын төлөөлөгч нар гэж зүгээр л хүүхэлдэйнүүд аж. Тэдний дундаас “...Би Хотын даргад нэрээ дэвшүүлье” гэх ганц ч хүн гарч ирсэнгүй. Тэд намынхаа шийдвэрийг дагажээ. Д.Сумьяабазар ч “...Би намаар л хүмүүжсэн хүн” гээд сууж байсан. Уг нь намаар биш спортоор хүмүүжсэн улстөрч л дөө.

Энд юу алдагдаж байна вэ гэхээр НИТХ-ын 45 төлөөлөгчийг сонгох гэж төсвөөс бөөн мөнгө гаргаж, сонгууль хийж, санал хурааж, бүтэн нэг өдөр нийтээрээ амарч, ажил төрлөө гацаасны хэрэг гарсангүй.

Ард түмний сонголт Ардын намын Удирдах зөвлөлийн уланд гишгэгдлээ.

“...Ардчилсан сонгууль” хэмээх магтуу худал байсныг энд хүрээд бид мэдлээ.

Одоо цаашид ийм маягаар нэг нь нэр дэвшиж, нөгөө нь сонгож тоглоод хэрэг байна уу даа. Ийм л дүнд бид хүрэв. Маш товчоор хэлэхэд, Д.Сумьяабазар бол иргэдээс сонгогдсон гэх 45 төлөөлөгчийн саналаар бус МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрээр томилогчдихлоо.

Хоёрдугаарт, нэг балиар жишиг сүүлийн үед бүр эл дол болж байна. Тэр нь юу юм гэхээр бөөн юм болж УИХ-д сонгогдчихоод дараа нь хэрэг түвэгт ордог, аль эсвэл “...Ерөөсөө би өөр ажилд орчихлоо. Шал дэмий УИХ-д орж ирсэн байна” гээд яваад өгдөг.

УИХ-ын тухай хуулийн 10 дугаар зүйлд УИХ-ын гишүүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох үндэслэлүүдийг заасан байдаг. Түүгээр бол УИХ-ын гишүүн нь “...Ерөнхийлөгчөөр сонгогдсон, Хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг УИХ хүлээн зөвшөөрсөн, Хүндээр өвчилсний улмаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг үндэслэн цаашид гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж УИХ үзсэн, Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн 66 зүйлийн 2 дахь хэсгийн 4-т зааснаар гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн зөвшөөрсөн, Үндсэн хуулийн цэц гишүүнийг энэ хуулийн 7.2-т заасан тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн зөвшөөрсөн, Гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон” гэсэн зургаан үндэс бий. Бодвол Д.Сумьяабазарынх “...Хүндэтгэн үзэх шалт­гаа­наар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг УИХ хүлээн зөвшөөрсөн” гэдэгт багтсан байх. Ямар “...Хотын дарга болох тул” гэж протокол бичилтэй биш.

Гэхдээ үүний цаадах хамгийн том асуудал нь Д.Сумьяабазарыг УИХ-д сонгож явуулсан Сонгинохайрхан дүүргийнхний санал чихрийн цаасны үнэгүй болж байгаа юм.

Хэрвээ мань эр Хотын дарга л болох байсан бол УИХ-ын сонгуулийг өнжиж байгаад НИТХ-д нэр дэвших байсан юм.

Сонгуулийг тоглоом болгож, сонголтыг юу ч биш болгосон айхтар том жишээ бол энэ.

Одоо Д.Сумьяа­базарын “дэвжээ” сольсноос болж УИХ-ын нөхөн сонгууль явагдах нь тодорхой болчихлоо. Бас л бөөн зарлага гаргаж, төсөв хөрөнгө үрнэ.

Д.Сумьяабазар ийм л олон хорлонтой үр дагавартайгаар Хотын дарга боллоо. Манай монголчууд мундаг шооч улс, энэ бүхнийг хураагаад “...Наадам сольж дэвсэн “молиго” Сумьяа” гээд л маазарч байгаа нь дуулдана.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.10.28 ЛХАГВА № 208 (6433)