Б.ТӨГС

 

“Сороптимист интернэшнл” олон улсын байгууллагын Монгол дахь анхны салбар байгуулагдсаны 20 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Тус байгууллагын үйл ажиллагааны талаар 2020-2022 онд тэргүүлэн ажиллаж буй Б.Бундхоролтой цөөн хором ярилцлаа.

-Юуны өмнө манай уншигчдад “Сороп­ти­мист интернэшнл” байгууллагын зорилго, үйл ажиллагааны талаар танилцуулахгүй юу?

-Сороптимист Интер­нэшнл нь 129 орны 75 мянга гаруй гишүүнийг эгнээндээ нэгтгэсэн эмэгтэйчүүдийн төлөөх олон улсын байгууллага юм.

Сороптимистууд НҮБ, түүний дэргэдэх төрөлжсөн байгууллагууд, гишүүдийнхээ дэмжлэгтэйгээр охид, эмэгтэйчүүдийн  нийгэмд эзлэх байр суурь, эрх тэгш байдлыг дэмжих, эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, манлайлал, ур чадваруудыг хөгжүүлэх замаар тэдний амьдралыг өөрчлөх боломжуудыг нээхэд чиглэсэн үйл  ажиллагааг явуулдгаараа онцлог.

-Сороптимист гэдэг үгийн  утгыг тайлбарлавал?

-Soroptimist гэдэг нэр “soror” буюу эгч, дүүс, “optima” буюу нь сор, шилдэг гэсэн утгатай латин үгнээс гаралтай юм билээ. 1921 онд АНУ-ын Калифорни мужийн Оакландад анхны Сороптимист олон улсын байгууллага байгуулагдсан байдаг. Сороптимистуудын үйл ажиллагааны зарчим нь хамгийн энгийнээр хэлбэл маргаашийн манлайлагчдыг төрүүлэхийн тулд өнөөдрийн охид, эмэгтэйчүүдэд боловсрол эзэмшүүлэх явдал юм.

-“Сороптимист Улаанбаатар” байгууллагын үйл ажиллагаа болон өнгөрсөн хугацаанд хийсэн онцлог ажлуудаасаа хуваалцаач.

-“SI Улаанбаатар” байгуулагдаад 20 жил болж байна. Энэ хугацаанд нийгмийн сайн сайханд чиглэгдсэн олон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн. Түүнээс “Эх, хүүхдийн эрүүл мэндийн төв”-д хэвтэн эмчлүүлж буй цусны өвчтэй хүүхдүүдийн эцэг, эхчүүдэд байрлах боломж олгох “Эцэг эхийн сахиурын байр” төслийг онцолж болох юм. Хөдөө, орон нутгаас ирж хэдэн жил хүртэл үргэлжилдэг эмчилгээний үед өвчтөний эцэг, эх, асран хамгаалагчдыг түр байрлуулах байрыг засварлан тохижуулсан. Эмчлүүлэгч хүүхдүүд болон тэдний ар гэрийнхэнд маш хэрэгцээтэй, нүдээ олсон ажил болсныг  олон хүн хэлж, талархлаа илэрхийлж байсан. Мөн цусны эмгэг, хавдар судлалын тасагт шаардлагатай зарим эм, тоног төхөөрөмжийг олгох, эмч, мэргэжилтнүүдийг сургах төслийг 2005-2014 оны хооронд хэрэгжүүлсэн. Төслийн маань үр дүн 1019 иргэнд хүрч нөлөө үзүүлсэн.

-Ер нь хүүхэд, эмэгтэйчүүд рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг гэж ойлгож болох уу?

-Яг ч бас тийм биш юм. Хэд, хэдэн жишээгээр тайлбарлая. Бид  2000 оны өвөл болсон зудын үеэр малаа алдсан залуу гэр бүлүүд болон өрх толгойлсон эхчүүдэд тусалж малжуулах “Хонь” төслийг хэрэгжүүлж байсан. Нийтдээ 100 гаруй залуу өрхийн амьжиргааг дээшлүүлэхэд зориулж 1600 гаруй бог мал олгосон нь 3 жилийн дотор 6000-д хүрсэн статистик тоо гарсан. Монгол Улсын “Улаан ном”-д орсон мөнх ногоон жодоо модыг сэргээн нутагшуулах, ургуулах төслийг Богдхан уулын Нүхт, Түргэний аманд 10 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн бөгөөд устах аюулд ороод байсан жодоо модыг аварч, хойч үедээ үлдээх сайхан төсөл болсон гэж хардаг.

Эмзэг бүлгийн буюу тэр бүр эмнэлгийн үзлэг шинжилгээнд ороод байж чаддаггүй хүүхдүүд, эмэгтэйчүүдэд чиглэсэн үйл ажиллагаа бас нэлээд түлхүү хэрэгжүүлж ирсэн.  Хотын захын дүүрэг болон хөдөө орон нутгийн алсын сумдад амьдарч буй хүүхдүүдэд эрүүл мэндийн урьдчилсан оношилгоо хийх “Хүүхэд хөгжил-эрүүл мэндийн үйлчилгээ”, “Эрүүл шүд”, “Амны хаалт” төслүүдийг нэрлэж чадахаар байна.

-Олон нийтийг хамарсан компанит ажил буюу хүчирхийллийн эсрэг аяныг жил бүр зохион байгуулдаг гэж сонсож байсан. Энэ талаар товч мэдээлэл өгөөч.

-Жендэрт суурилсан “Улбар өдөр” нэртэй хүчирхийллийн аяныг жил бүр тогтмол зохион байгуулдаг юм. Энэ аян маань 16 өдөр үргэлжилдэг бөгөөд олон нийтийг хүчирхийллийн эсрэг хамтдаа тэмцэхэд уриалж тодорхой ажлууд хийгддэг. Бас  өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын малчдад туслах, оёдолчин эмэгтэйчүүдийг дэмжих зорилготой хуучин хувцсыг дахин ашиглах “Нэмнээ” төсөл, усыг арвилан хэмнэх арга, туршлагыг зааж сургах “Ус”, өсвөр насны хүүхдүүдэд амьдралынхаа хамгийн эгзэгтэй үе шатыг даван туулахад нь чиглүүлж өгдөг “No Apology” сургалтууд, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон охид, эмэгтэйчүүдэд туслах “Тусламжийн гар” зэрэг төсөл, үйл ажиллагаануудыг бас компанит ажил, олон нийтийг хамарсан аян гэж нэрлэж болох юм.

Дээрх үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдэд бидэнтэй зорилго нэг олон улсын Сороптимист эмэгтэйчүүдийн хувийн дэмжлэг, биечилсэн оролцоотойгоор явагддаг гэдгийг онцлон хэлмээр байна. Эмч нар маань үзлэгээ хийгээд, багш нар маань хичээлээ заагаад л явдаг даа.  

-Клубийн гишүүн болоход мэргэжлийн юм уу тусгай шаардлага тавигддаг уу? Та жишээлбэл ямар ажил эрхэлдэг вэ?

-Манай клубийн гишүүд нь эмч, багш, төрийн албан хаагч, хувиараа аж ахуй эрхлэгч, уран бүтээлч гээд төрөл бүрийн салбарын ажил мэргэжилтэй, авьяас чадвар, хүсэл  сонирхолтой эмэгтэйчүүд байдаг. Биднийг охид, эмэгтэйчүүдийн төлөө гэсэн зорилго нэгтгэдэг. Бидэнтэй нэгдэхийг хүссэн эмэгтэйчүүд  www.soroptimistinternational.org хаягаар орж гишүүнчлэлийн шаардлага, дүрэмтэй танилцах боломжтой. Миний хувьд Үндэсний аудитын газарт газрын захирлаар ажилладаг. Ажлын чөлөө заваараа клубийнхээ үйл ажиллагаанд оролцоод явахад ямар нэг хүндрэл учирдаггүй.

-Цаашид ямар ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна вэ?

-Охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах асуудалд хил хязгаар үгүй. Хэдийгээр манай улсын тулгамдсан асуудал биш ч гэлээ дүрвэгсдийн хуаран дахь эмэгтэйчүүдийн ариун цэврийн нөхцөлийг дээшлүүлэх, ахмад настай эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, насанд хүрээгүй охидын гэрлэлтийг таслан зогсоох, охидод эмнэлгийн бус аргаар мэс засал хийхийн эсрэг олон орны Сороптимист клубүүд ажилладаг. Манай хувьд эмэгтэйчүүд зөвхөн хамгаалал, дэмжлэг хүсдэг нийгмийн бүлэг биш гэдгийг батлан харуулж эмэгтэйчүүдийн дуу хоолой, бодит хүчин чармайлтаар хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, тэгш байдал, нийгмийн болоод байгаль орчны үнэт зүйлс хамгаалагдах учиртайг ойлгуулах, үлгэрлэхийг хичээдэг. Эдгээрийн төлөө дуу хоолойгоо хүргэж чадах олон олон эмэгтэйчүүдээр хүрээгээ тэлэх хүсэлтэй. Бусдын төлөө цохилдог зүрх хамгийн хүчтэй бас үзэсгэлэнтэй гэдэг дээ.  Таны оролцоо, дуу хоолой энэ цаг үед нийгэмд маш их хэрэгтэй байгаа шүү гэж уншигчдадаа хандаж хэлмээр байна.

-Баярлалаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.10.28 ЛХАГВА № 208 (6433)