​Х.Бум-Эрдэнэ: Ажилтнууддаа зориулсан дэмжлэгийг хуулийн хүрээнд олгож ирсэн

0
хуваалцах
171
үзсэн

Олон нийтийн цахим сүлжээгээр сүүлийн үед Хадгаламжийн даатгалын корпораци болон тус байгууллагын удирдлагатай холбоотой мэдээллүүд ар араасаа гарах болсон. Үүнтэй холбогдуулан Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал Х.Бум-Эрдэнэтэй уулзаж, хариулт нэхсэн олон асуудлын хүрээнд ярилцлаа.

-Сайн байна уу та. Танаас ямар асуудлуудаар тодруулга авах гэж байгааг та бараг гадарлаж байгаа байлгүй дээ.

-Сайн. Сайн байна уу. Сүүлийн үед олон нийтэд сошиал сүлжээгээр тарсан манай байгуулага болон миний тухай сөрөг агуулгатай мэдээллүүдийг та сонирхож байна уу. Миний зүгээс таны асуултад татгалзах зүйлгүй, хариулахад бэлэн. Би ер нь тайлбар өгөхөөр төлөвлөж байсан.

-Гарсан мэдээллүүдийн талаар та тайлбар хийгээч. Мэдээлэл гарах нэг хэрэг, гарсан мэдээллийг эх сурвалжаас нь тодруулах бас нэг хэрэг шүү дээ?

-Тэгье ээ. Би тайлбар өгье.  Эхлээд би оршил хэлье. Би энэ байгууллагад таван жил гаруй ажиллаж байна. Миний чиг үүрэг бол энэ байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, чиглүүлэх, хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор бүх талын арга хэмжээг авч ажиллах явдал. Нөгөө талаас байгууллагадаа ажиллаж байгаа залуусын амьдрал ахуй, жаргал зовлонг анхаарч, тэдэнд туслалцаа дэмжлэг үзүүлж байх явдал юм. Байгууллагын үйл ажиллагааг явуулахад зориулж төсөв баталж өгдөг. Тэр баталсан төсвийн хүрээнд хууль зөрчихгүйгээр байгууллагын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах нь миний үүрэг. Энэ эрх, үүргийнхээ хүрээнд гүйцэтгэх захирлын хувьд авч хэрэгжүүлсэн ажлуудыг маань шүүмжилж байна л даа.

Нөгөө талаас би энэ байгууллагад хугацаатай томилогдсон, миний томилогдсон хугацаа дуусаж байгаа. Ийнхүү хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор миний энэ ажилд томилогдох далд сонирхолтой хүмүүс намайг дахин энэ ажилд үргэлжлүүлэн ажиллахыг болиулах зорилгоор зориуд ийм зохион байгуулалттай гүтгэлэг явуулж байгаа юм биш байгаа гэж хардаж байна.        

-Танай байгууллага ажилчдынхаа спортоор хичээллэх арга хэмжээнд их хэмжээний мөнгө буюу 30-аад сая төгрөг зарцуулсан гэдэг мэдээлэл гарсан. Эхлээд энэ талаар тайлбар өгөөч?

-Манай байгууллагын ажилчдын 90 хувь нь залуучууд. Бусад байгууллагуудын жишгээр ажилчдынхаа эрүүл мэндийг дэмжих, хамгаалах зорилгоор тэмцээн уралдаан зохион байгуулдаг. Дээр нь хүмүүсийнхээ спортоор хичээллэх хүсэл сонирхлыг нь дэмжиж спорт заал түрээслэх, жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулах зэрэг арга хэмжээг байнга авч хэрэгжүүлдэг. Үе үеийн удирдлагын үед ч ийм л байсан. Энэ талаар манай Хөдөлмөрийн дотоод журамд соёл, спорт, эрүүл мэндийн үзлэгт хамруулахад зориулж холбогдох зардлыг корпорацын төсөвт тусгана гэж заасан байгаа. Төсөвт суусан санхүүжилтын хүрээндээ л багтаан энэ асуудлуудыг шийдсэн. “Шангри-Ла” спорт цогцолбортой гэрээ хийсэн тухайд гэвэл аль болох олон хүнийг сонирхож байгаа спортоор нь хичээллүүлэх, тодруулбал нэг гэрээний дагуу олон спортоор хичээллэх боломжтой гэж үзэж энэ гэрээг хийсэн юм. Энэ үйлчилгээг авах саналыг манай хүмүүс өөрсдөө гаргасан. Тэрийг нь удирдлагын хувьд би дэмжсэн. Тухайн үед бид хөнгөлөлттэй үнийн санал авсан, манай ажилчид 14 сарын хугацаанд тэдний үйлчилгээг авах, фитнес, усанд сэлэлт, иога, спининг, бокс гэх мэт спортын 6-7 төрлийн үйл ажиллагаанд хамрагдах боломж олгосон. Дээр нь мэдээж хувцас солих өрөө, саун, шүршүүр гэх мэт хүмүүсийн тав тухыг хангасан нэмэлт нөхцөлүүд нь сайн газар шүү дээ.  Энэ гэрээнд бид 30 гаруй ажилчнаа хамруулсан. Хүмүүсээсээ бас өөрсдөөс нь тодорхой хэмжээний мөнгө гаргуулсан. Хамгийн гол нь баталсан төсвөө зөрчихгүйгээр, эрх хэмжээнийхээ хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэсэн юм. Магадгүй хөндлөнгийн хүнд энэ зарцуулсан мөнгө нь их дүнтэй харагдаж байгаа байх л даа.

-Танайх “Их Модун” гэдэг компанийн спорт заалыг 14.8 сая төгрөгөөр түрээслэсэн гэдэг мэдээлэл гарсан. Энэ талаар ямар тайлбар хэлэх вэ?

-Тэгсэн. Бид өмнө “Шангри-Ла”-тай байгуулсан гэрээгээ дүгнэж ярисан. Олон хүн дуртай спортдоо хамрагдаж чадаж байгаа нь сайн талтай хэдий ч үнэ өндөр байна гэдэг утгаараа, нөгөө талаас орон тоо нэмэгдэх тохиолдолд энэ гэрээг цааш нь үргэлжүүлэх боломжгүй гэж үзэж дахиж энэ гэрээг үргэлжүүлэхгүй байхаар шийдсэн. Тэгээд судалж байгаад зөвхөн спорт заал түрээслье гэж шийдсэн. Бидний хийсэн гэрээ үнэтэй байна уу гэдгийг та бүхэн харьцуулж болно. Тиймч их үнэтэй биш болов уу л гэж бодож байна. Тухайн үед би гэрээ байгуулах гээд судалж байх үед 10 жилийн сургуулийн спорт заалны түрээс нэг цаг нэг талдаа тоглоход 50-60 мянган төгрөг байсан. Мэдээж, бид хүмүүс тоглож дуусаад ядаж нэг усанд ороод, хувцсаа солиод гарчихдаг заал түрээсэлж таарна. Байгууллагын арав, хорь, гучин  хүн очиж тоглоно гэхэд долоо хоногт нэг удаа 2 цаг тоглохдоо  280 мянган төгрөг төлөх бол болохгүй юм биш байх л гэж бодож байна.  

-Ажилчдадаа болон өөртөө олгосон гээд байгаа 45 сая төгрөгийн дэмжлэгийн тухай асуудал ямар учиртай юм бэ?

-Нэгдүгээрт, энэ орон сууцны гэж нэрлээд байгаа дэмжлэг бол бусад олон байгууллагад ч байдаг. Ажилчдынхаа тогтвор суурьшилтай ажиллах, ар гэрийн асуудалдаа санаа зовохгүй байгаасай гэж л гаргаж ирсэн нэг төрлийн дэмжлэг, туслалцаа гэж ойлгож байгаа. Төрийн албаны өмнөх хуульд ч тэр, сүүлд шинэчлэгдэн найруулагдсан хуульд ч тэр 27.1.5 болон 61.1.5 гэдэг заалтуудад орон байраар хангагдахад төрөөс дэмжлэг үзүүлнэ гээд заачихсан байгаа. Нөгөө талаас манай байгууллагын Хөдөлмөрийн дотоод журамд ийм дэмжлэгийг үзүүлнэ гэж заагаад жил бүрийн төсөвтөө тусгаж батлуулаад явдаг санхүүжилт байгаа юм. Энэ хүрээндээ бид жил болгон цөөхөн хүнд энэ дэмжлэгийг олгодог. Ер нь бол энэ дэмжлэгийг манай корпораци байгуулагдсан цагаас эхлэн буюу 2013 оноос л төлөвлөж, хэрэгжүүлж ирсэн арга хэмжээ байгаа юм. Өөрөөр хэлбэл, зөвхөн би л энэ ажилд томилогдоод өөртөө авахын тулд гаргаж ирсэн дэмжлэг биш юм шүү гэдгийг ойлгоосой гэж хүсэж байна. Өнөөдрийн байдлаар 2013 оноос хойш манай газар, хэлтсийн дарга нар, ажилтан гээд 20 гаруй хүн ийм дэмжлэг авсан. Энэ дэмжлэгийг хэр шударга байдлаар олгож байгаа вэ гэдэг ч юм уу, эсвэл ажилтнуудын амьдрал ахуйд хэр тустай байсан бэ гэх мэт асуудлуудаа бол энэ дэмжлэгийг авсан манай ажилтнуудаас асууж болно. Тэд хамгийн бодитой үнэнийг хэлнэ. Энд бас нэг асуудал байгаа нь дарга нь авчихсан байна, Бум-Эрдэнэ чинь өөрөө өөртөө олгочихсон байна гэдэг яриа гарсан л даа. Манай дарга нар ч бай, ажилтнууд ч бай бүгд л энэ дэмжлэгийг хүртэх эрхтэй. Манай Үндэсний хорооны гишүүд, гүйцэтгэх захирал миний бие, бусад захирлууд, ажилтнууд бүгд л адилхан  эрхтэй. Хамгийн гол шалгуур нь удаан хугацаанд энэ байгууллагад ажилласан байх, улмаар хөдөлмөрөө зориулсан л байх ёстой. Миний хувьд таван жил ажилласан учраас энэ дэмжлэгийг авах болзол хангасан гэж үзсэн. Тэгээд өргөдлөө тухайн үед Үндэсний хорооны даргадаа өгсөн. Тэгээд дэмжиж, зөвшөөрсөн учраас энэ тушаал, шийдвэр нь гараад надад олгосон юм. Мэдээж тушаал шийдвэр гаргахад  би өөртөө тушаал гаргаж болохгүй нь тодорхой шүү дээ. Тэгээд надаас өөр тушаал гаргах эрх бүхий этгээд буюу дэд захирал тушаал гаргаж шийдвэрлэсэн.

Ер нь бид  батлагдсан төсөв, түүний гүйцэтгэлийн талаар  тухай бүр тайлагнаж, хуулийн хугцааанд нь санхүүгийн тайлангаа гаргаж аудитаар хянуулж ирсэн.    

-Ер нь энэ таныг буруутгасан энэ мэдээллүүд хаанаас гарч байгаа гэж та бодож байна. Ямар нэг санаа зорилго байгаа гэж бодож харж байгаа юм уу?

-Санаа зорилгыг нь хэлж мэдэхгүй юм. Энэ бүх мэдээллүүд манай шилэн данс дээр байгаа шүү дээ. Бид хууль биелүүлэх үүрэгтэй хүмүүс. Шилэн дансны хуулийг хэрэгжүүлдэг. Манай шилэн дансны мэдээлэл рүү ороод харвал бүх юм тодорхой байгаа. Зөвхөн олон нийтч биш, манай ажилтнууд хүртэл бид нарын хийж байгаа гүйлгээг мэдэх эрхтэй шүү дээ. Хэзээнээс шилэн дансыг хөтөлж ирсэн байна гэдгээс эхлээд бусад төрийн байгууллагуудтай харьцуулбал манайх доогуур орохгүй л болов уу. Нөгөө талаас ядаж хар ухаанаар бодоход энэ гүйлгээнүүд хууль зөрчсөн, буруу юм болсон гэж бодож байгаа бол шилэн дансан дээрээ тодорхой тавихгүй байна биз дээ.

Би ажил авснаас хойш энэ ажилтнуудынхаа төлөө олон шийдвэр гаргасан. Цалинг нь бага багаар нэмсэн, эрүүл мэндийн үзлэгт жилд нэг хамруулдаг, орон сууцны дэмжлэгийг үзүүлдэг, спорт заал түрээслээд эрүүл байгаасай гэж хүсдэг гэх мэтээр энэ хүмүүсийнхээ төлөө байнга л анхаарал тавьдаг. Яагаад гэвэл энэ миний үүрэг. Чамд шийдвэр гаргах эрх нь байгаа, энэ үйл ажиллагаанд чинь зориулж төсөв баталж өгсөн шүү дээ. Тэр төсвийнхөө хүрээнд  хүмүүсээсээ гарсан санал санаачилгыг аль болох дэмжээд явахыг боддог. Энэ залуучууд авдаг цалиндаа сэтгэл хангалуун, ажиллах орчин, хамт олондоо дуртай байж энэ ажилдаа дуртай ирнэ, амжилт гаргана, ажил урагшилна биз дээ.

-Та байгууллагынхаа ойрын зорилт, хийж байгаа ажлуудынхаа талаар уншигчдад мэдээлэл өгөөч.

-Баахан сөрөг мэдээлэл гараад хов жив явж байгаа энэ үед би ажил яриад, тэрнийг нь хүмүүс сонирхож уншина гэж бараг байхгүй биз дээ. Дараа цаг зав гаргаад ажил ярьж, тайлангаа тавих боломж бололцоо олдох байлгүй дээ. Энд нэг юм хэлмээр байна л даа. Байгууллагынхаа нэр хүндийг муугаар гаргасандаа үнэхээр харамсаж байна. Ажилчдаасааа уучлал хүсье. Миний талаар гарсан сөрөг мэдээллүүдийг уншаад бухимдсан, загнасан, хараасан, цухалдсан хүмүүсээс бас уучлал хүсье. Ер нь байгууллага толгойлж хариуцсан ажлаа гайгүйхэн шиг хийгээд явах хүсэл эрмэлзэлтэй зүтгэж яваа ийм үедээ хууль зөрчсөн мэт худал зохиомол нэр төр харлуулсан ийм сөрөг мэдээллүүдээс болж байгууллагынхаа нэр хүндийн талаар олон нийтэд буруу сэтгэгдэл төрүүлж байгаадаа үнэхээр харамсаж байна, нөгөө талаас байгууллагадаа ийм нэр хүндийн эрсдэл надаас болж үүсэж байхад би огт санаа зовохгүй байж чадахгүй нь. Чи заавал энэ ажлыг ингэн ингэн хийх хэрэг байгаа юм уу гэж хүртэл бодоод сууж байна.

-Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.       

Ярилцсан: Б.Баяртогтох