Т.САЙХАН

Орон нутгийн сонгуулийн санал хураалтаар  Өвөрхангай аймагт эрх баригч нам олонх болсон.  Аймгийн ИТХ-ын 41 суудлын 35-д МАН, 6-д АН-аас нэр дэвшигчид ялалт байгуулсан юм.   Одоогоор тус аймагт  Засаг дарга,  ИТХ-ын дарга нараа сонгох тухай яриа болж,  нэлээд  маргаан дагуулж байна.  Шинээр томилохоор яригдаж байгаа аймгийн удирдлагуудаа хараад  өвөрхангайчууд  шоконд орсон сурагтай. Өөрөөр хэлбэл, Аймгийн МАН-ын хорооноос Засаг даргад А.Ишдоржийг нэр дэвшүүлжээ.  Тэрээр өмнөх дөрвөн жилд аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан. Харин түүнтэй заалнаас Баянтээгийн уурхайн дарга асан  Сумъяасүрэн нэр дэвшиж  өрсөлдсөн байна.  Гэвч  Сумъяасүрэн Засаг даргын сунгаанд орохдоо намын хорооны гишүүдэд мөнгө санал болгосон.  Тэр нь хурлын үеэр ил болж,  асуудал дэгдээжээ.  Сумъяасүрэнг  өнгөрсөн дөрвөн жил  Өвөрхангай  Засаг даргаар  ажиллаж байсан УИХ-ын гишүүн Г.Ганболдын  “халаас”-ны хүн гэж ярьдаг байна. 

Мөн О.Пүрэвдоржийг 60.3 хувийн саналаар аймгийн ИТХ-ын даргад нэр дэвшүүлжээ.  Тэрээр өнгөрсөн дөрвөн жил Арвайхээр сумын Засаг даргаар ажиллаж байсан юм.  Ийнхүү аймгийн удирдлагуудын нэрс яригдаж эхлэхтэй зэрэгцэн иргэд эсэргүүцсэн байр сууриа илэрхийлсээр байна. 

Эх сурвалж:www.polit.mn