Р.ОЮУН

 

Хүүхдийн урлан бүтээх төвийн Хүүхэлдэй, бэлэг дурсгалын багш, Соёлын болон боловсролын тэргүүний ажилтан А.Үржинхандын “Урлан”-гаар зочиллоо.

Урлангийн хаалгаар ороход хүүхдүүд багштайгаа хийж буй бүтээлийнхээ талаар ярилцан баяр хөөртэй байх бөгөөд тавиур дээр том, жижиг янз бүрийн хүүхэлдэйнүүдийг өрсөн байлаа. А.Үржинханд багш хичээлийн бус цагаар IV-XII ангийн хүүхдүүдэд гарын доорх материал ашиглан загвараа гаргаж хэрхэн хүүхэлдэй, бэлэг дурсгалын зүйл хийхийг зааж өгдөг байна. Мөн хүүхдүүдийн гаргасан загварын дагуу токарчноор модоо зоруулсны дараа багшийнхаа тусламжтайгаар хүүхэлдэй болон бэлэг дурсгалын зүйлээ хийж байгаатай таарсан нь энэ байлаа.

II сургуулийн 6б ангийн сурагч М.Энхзулын хийж байгаа бүтээлтэй танилцах зуураа яагаад энэ дугуйланг сонгосон талаар асуухад “Би чөлөөт цагаараа зураг зурж, оёдол хийх дуртай болохоор хүүхэлдэй, бэлэг дурсгалын дугуйланд хоёр дахь жилдээ явж байна. Хоёр жилийн өмнө багш маань дээлний эсгүүрийг цаасан дээр гаргаж өгөхөд эсгүүрийнх нь дагуу хайчлаад дүүдээ дээл хийж өгсөн. Хүүхэлдэй хийхийнхээ өмнө эхлээд загвараа гаргаад модон дээрээ нүд, ам, хамрыг нь зураад буддаг. Үүний дараа хувцсыг нь оёдог. Би гэртээ чихмэл хүүхэлдэйндээ хувцас оёдог. Харин дугуйландаа ирээд модон хүүхэлдэйндээ хувцас оёдог. Би энэ дугуйланд ирээд олон найзтай болсон. Том болоод загвар зохион бүтээгч болно” гэж байлаа. 

А.Үржинханд багш СУИС-ийн ерөнхий дизайны ангийг төгсөөд Хүүхдийн урлан бүтээх төвийн Хүүхэлдэй, бэлэг дурсгалын ангид 20 дахь жилдээ багшилж байгаа гэсэн. Хүүхдүүдэд зааж сургахаас гадна “Уулын сүнс”, “Хатадууд”, “Аялгуу-1”, “Аялгуу-2” хүүхэлдэйгээ урлажээ. Тэрээр “Аялгуу” хэмээх бүтээлээ харсан хүнд эгшиг аялгуу шиг сэтгэгдэл төрөхөөр эрэгтэй, эмэгтэй хоёроор зохиомжилж хийсэн гэж байлаа. Харин багш нарын баярт зориулсан үзэсгэлэн уралдаан зарлахад “Ямар хүүхэлдэй хийх вэ” гэж бодож загвараа гаргасаар байгаад “Аялгуу-1” зохиомжоо хийсэн гэдэг. Мөн урлан бүтээх төв ахлах ангийн хүүхдүүдэд зориулж хүүхэлдэй хэрхэн хийх талаар гарын авлага болгож ном гаргахад түүний хүүхэлдэй багтжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.10.27 МЯГМАР № 207 (6432)