Д.ЦЭРЭННАДМИД

 

М.ГАНБАТ ГЭЖ ХЭН БЭ?

 

Сэтгүүлч бид хэзээний олон ажил, мэргэжлийн хүнтэй уулзаж л явдаг. Тэр дотор эргээд санахад бүх юм нь тод, яагаад ч мартагдахгүй хүн тийм олонгүй. Ингэж мартагдахгүйн учир нь тухайн хүний төрх дүр, зан ааш төдий биш ээ. Харин сэтгэн бодож, уйгагүй хөдөлмөрлөж байж хийсэн бүтээл нь төгс төгөлдөр гэхээр амьдралд нь байдаг юм.

Манай сонины “Амьдралын тойрог” булангийн энэ удаагийн зочин зураач М.Ганбатынх. Үнэхээр сайхан бүтээлч сайхан амьдралтай өнөр айл байлаа. М.Ганбат монгол ухааны гайхамшиг болсон өв уламжлалын нэг хээ угалз хэмээх сэдвийг зоригтойгоор барьж авч түүнийг хөгжүүлэн зурж яваагаараа үнэ цэнэтэй амьдарч яваа хүн юм. Монгол түмний ашдын билгэдэл хээ угалз байгаагүй бол ухаалаг өвгөд маань тэр буяныг үлдээж өгөөгүй бол монгол уран зургийн урлаг өнөөдөр бүтэн биш байх байсан болов уу. Ганбатын яриаг сонсож, бүтээлээс нь хараад ийм бодол төрж байлаа.

Тэр ярихдаа, нүүдэлчин Монголын түүх юунаас эхтэй вэ гэвэл өвгө дээдсийн үеээс уламжлагдаж ирсэн их соёл тэр дотор хээ угалз гэдэг урлангийн тэнгэр нь багтана.  Би уранбүтээлч хүний хувьд энэ л гайхамшигтай зүйлд эргэлт, буцалтгүй татагдсан даа гэж байна лээ.

Цаг цагийн салхинд алив юмс хуу хамагдан одно. Тэр дундаас юу үлддэг вэ гэвэл орчин үеийнх шиг атлаа үндэсний гэдэг эерэг тодотголд хамаарах социализмын үед бараг мартагдах шахсан шинэ нийгмийн үед модернчлогдох дөхсөн хээ угалз гэдэг бүтээл л үлдэж дээ. Тэгээд Ганбат зураачийн уран бүтээлийн улаан шугам нь энэ болсон юм байна гэж хэлэм. Хээ угалзыг улам хөгжүүлснээр Монголын өв соёлд хойшид улам урган төлжих нэг үндэс язгуурыг үлдээж байгаа гэж бодсон учраас би энэ сэдвийг сонгосон. Зурах бүрдээ сэтгэлийн жаргал эдлэх шиг болдог гэж тэр хэлнэ лээ. Монгол хээ угалз нь аль тэртээ хүн төрөлхтөн үүссэнээс цөөхөн дүү юм гэдэг. Ийн бодохоор аугаа юм даа. Шувуу нисэхийг урьдал болгодог амьтан гэдэг шиг М.Ганбат гэдэг эрхэм зурснаа улам хөгжүүлэх гэж боддог түүнийгээ эрхэмд үздэг хүмүүн билээ.

 

УДАМТАЙ ЗУРААЧ

 

Удам судар гээд ярихаар М.Ганбатын нүд нь сэргээд ирдэг юм билээ. Арга ч үгүй юм. Аав Мягмаржав нь Завхан аймгийн Тэлмэн сумын харьяат хүн байж. Өвөө Дагва нь партизан, 1911, 1921 оны хувьсгалд оролцож явсан нэгэн байв. Сүүлдээ мал маллаж аятай тохьтой амьдарч байж л дээ. Тэр хүний нэг онцлог гайхамшигтай уран, ган сийлбэрч гэдгээрээ нутаг усандаа алдартай дархан. Амьдрал ахуйн чанартай гоёл чимэглэл бас зэр зэвсэг, буу хүртэл хийчихдэг нэгэн байсан тухай дурсамжийг Ганбатын эмээ хэлдэг. Ингэхлээр нь тэр хүний ур ухааны хэлтэрхий надад хүрч ирсэн байж магадгүй гэж Ганбат санадаг гэнэлээ.

Тэгж боддог нь багаасаа зурах сонирхолтой болгож. Эмээ нь бас багагүй боловсролтой тухайн үедээ Рабакт сурч байсан эмнэлгийн талын хүн. 1939 оны чөлөөлөх дайны оролцогч нь. Орост боловсрол эзэмшсэн учир тэр сонин, сэтгүүл их уншина. “Огёнок” гэдэг гоё зурагтай сэтгүүл авчирна. Түүнд зураачдын бүтээл элбэг. Ганбат ч их сонирхоно. Заримыг нь хараад зурна. Ийм л байж.

Тэндээс л би зургийн гоо сайхныг мэдэрч татагдсандаа гэж Ганбат ярьж байналээ. Ганбат дүрслэх урлагийн дунд сургуульд орж Ш.Оюунчимэг гэдэг багшийн ангид сурч мундаг багш нараар хичээл заалгаж. Ардын зураач Д.Амгалан, Б.Чогсом, төрийн шагналт М.Бүтэмж, урлагийн гавьяат зүтгэлтэн, академич Ц.Бүдбазар, Ц.Байды гээд хэлсэн, заасныг нь гээлгүй авахаар багш нартай байснаараа бахархдаг гэнэлээ.

Мэргэжлийн зураач болсноосоо хойш нэг үе ан амьтан, хөрөг, байгалийн зураг зурж бас барилгын дизайн чиглэлээр ажиллаж ч үзэж. Өөрийгөө задлахын тулд өөрийн орны зураачдаас гадна Сальвадор Дале, Леонардо Винч зэрэг алдартай зураачдын бүтээлийг байнга үздэг. Харин Пикассо ч юм уу орчин үеийн постмодерн талын зураачдын бүтээлийг нэг их сонирхсонгүй. Зарим зураачдын адил огт шинийг хөөж сонирхох хүсэлгүй л байсаар нэг мэдэхнээ Монгол хээ угалз гэдэг сэдэв барьж авахаар шийдэж. Энэ тухайгаа уранбүтээлч нөхөддөө хэлж. Хэн нь ч таашааж үзэж дэмжсэнгүй. Гэвч Ганбат эр хүн зорьсондоо гэдгийн үлгэрээр зураад эхэлж. Харин найз нөхөд нь бүтээлийг нь үзээд ойлгож “За сайн байна зураад бай” гэж урам хайрласан нь түүнд уран бүтээлийн цоо шинэ зам нээж өгчээ.

Ингээд л дээхнэ үед ардын зураач Д.Маньбадар гэдэг аугаа хүний судалж гаргасан мөрөөр монгол ухааны нэгэн гайхамшиг гэгддэг хээ угалзыг хөгжүүлэхээр ур ухаанаа зарах болжээ. Хэтийн зорилго нь гэвэл монголыг дэлхийн хүүхэн хараанд өртөхөд юу туслахав гэвэл монгол урлал, тэр дотор хээ угалз л байх болно гэдгийг харуулах гэсэн юм гэж Ганбат ярьсан шүү.

Тэгэхээр хээ угалз гэдэг нь дүрслэх урлагийн бие даасан төрөл. Зураачийн хэлснээр монгол зураг ч биш уран зураг ч биш орчин үеийн ямар ч “изм”-д хамаарахгүй тусдаа урлал аж. Хээ угалз хэдийд үүссэн бэ гэвэл хүн үүссэн цагаас л гэж хэлэхэд буруудахгүй юм билээ. Хүн аж байдалтайгаа улядуулан урлаг, урансайхны гоо сайхныг мэдэрч алив дүрс зургийг хаа нэгтэй зурж байсныг бид хадны сүг зургаас хардаг шүү дээ. Тэр дотор бугын зураг олон бий. Эврийг нь хараарай. Хээ угалзны эцэг л тэр гэмээр байдаг. Үүнтэй холбоотойгоор хээ угалзны төрөл хөгжсөн болов уу.

 

ХЭЭ БҮХЭН УТГА УЧИРТАЙ

Бат-Өлзий хээ. М.Ганбат

Хээ угалзны үндсэн төрөл нь хас, өлзий гээд байна. Тус тусдаа утга учир, билгэдэлтэй бие даасан зүйл. Монголын дүрслэх урлагийн нэг сонгодог нь гэж судлаачид үздэг. Зураач Ганбат маань ч үүнийг хэлдэг юм билээ. Өлзий гэдэг хээ байна. Бидний мэддэгээр бол 10 нүдтэй нэг дүрс бий. Үүнийг цааш хөгжүүлээд хэдэн нүдтэй болгоод зурж болдог. Ганбатын бүтээл “Бат-Өлзий” гэдэг хээ. Дээрээс нь харахад тулганд гал бадарч байгаа шиг, наамал мэт харагдана. Ойроос харахад зурсан нь мэдрэгдэнэ. Энэ нь Өлзий баяжаад хэд ч болж болохын илэрхийлэл аж. Нэгэн гайхамшгийг нь тодруулаад хэлэх юм бол тэр дугуй хэлбэртэй багц хээ буюу Бат өлзийн гол утга нь дөрвөн зүг, найман зовхистооо мандан бадарч байхын билгэдэл гэж зураач өөрөө тайлбарлана лээ. Тэгвэл билгэдэл гэж чухам юу хэлээд байнав гэвэл амьдралд алив сайн сайхныг хүссэн ерөөл юм. Хол замд яваа нэгэндээ монголчууд “аян замдаа өлзийтэй сайн яваарай” гэж захидаг. Ер нь буян хишиг сайн бүхнийг дууддаг хүч гэж үздэг байх нь. Бас хас хээ байна. Бас л төгсөшгүйн билгэдэл. Олшроод “Түмэн насан” гэдэг хээг бий болгодог. Монгол хээ угалз нь зурсаар байтал эргээд л эхний зураас дээрээ эргэж ирдэг онцлогтой. Өлзий хээ гэхэд энэ утгаар үзвэл буцаад ирэхийн билгэдэл ч гэж болох мэт. Үүлэн хээ, усан хээ гэж байна. Мөн задтай мөртөө адил төгсгөл гэж үгүй. Авдар дээр хоёр арслангийн дүрс зурсан байдаг нь монгол уламжлалыг хадгалсаар ирсэн нэг соёл. Арсланг тойруулаад алхан хээгээр битүү хүрээлсэн байдаг. Энэ ямар утгатайг  хэлбэл монголчууд авдартаа хамгийн үнэ цэнэтэй нандин эд хөрөнгөө  хадгалдаг. Тиймээс түүнийгээ хамгаалуулах гэж хүчит арслангаар бас бат бэхийн билгэдэл алхан хээгээр хүрээлүүлэн урладаг байна. Энэ уламжлал одоо ч бий. Гэвч авдартайгаа ховордож буй нь үнэн. Бүр тодруулж хэлбэл арслан нь хамгаалж байгаа, алхан хээ нь авдарт маань алив муу муухай юм оруулахгүй гэсэн билгэдэл юм. Энэ аугаа сэдвийг барьж авсан тухайгаа М.Ганбат ярихдаа,

-Миний хээ угалзаар дагнан зурж уранбүтээл хийх болсон нь “айлаас эрэхээр авдраа уудал” гэсэнтэй утга нэг. Би эхлээд барилгын зураг чимэглэлийн чиглэлээр хэдэн жил ажилласан. Бусдын адил зураг зурж л байлаа. Гэтэл нэг ажиглагдсан нь монгол юм дутаад байсан даа. Тэгээд л хээ угалз руу орсон юм гэж байсан. Ганбатын сонголтыг зөвдөж гэж олон хүн хэлдэг болсон байна. Хамгийн наад зах нь хээ угалз ямар нэг зүйл явцад хамаардаггүй гол онцлог нь төд өдөн төрөл гэж тооломгүй зураад л байхад хөгжөөд л байх тал. Ардын зураач Д.Маньбадар гэдэг хүн судалгаа хийж Монголын уламжлалт хээ угалз гэдэг юмны төрлийг тогтоож судлаад бүхэл бүтэн зурагт ном хийж үлдээсэн юм билээ. Зураач дундуурыг нь дүүргэж хөгжүүлэхээр төрхүү сонгодог урлалын түүчээ нь болж явна.

Тэр 2015 онд хээ угалз гэсэн сэдвээрээ бие даасан үзэсгэлэнгээ гаргажээ. Гэхдээ бас түүхтэй.

Цагаан арслантай авдрын нүүр. М.Ганбат

Цагаан сард зориулсан үзэсгэлэнд зураачдын бүтээлийг цуглуулж байж. Ганбат ч хэдэн бүтээл өгч. Гэтэл үзэсгэлэн зохион байгуулагчдаас түүний бүтээлийг бие даасан үзэсгэлэн болгохоор шийдэж. Энэ нь мань хүнд том аз завшаан байлгүй яахав. Хамаг бүтээлүүдээсээ сорчилж тийн бие даасан үзэсгэлэн гаргачихаж. Үзэгч түмэн ч сайн үнэлж. Хаа нэгтэйгээс манайд үзэсгэлэнгээ дэлгээч гэсэн урилга ирэх болж. Монгол цэргийн музейд үзэсгэлэнгээ шилжүүлж байсан удаатай юм. Энэ үед Итэлийн хоёр жуулчин Бат-Өлзий хэмээх зурагны нь өмнө удаан гэгч зогсоод зураачаас тайлбар хүссэн байх юм.

-Бид монголоор аялж явахдаа азаар таны уранбүтээлийн үзэсгэлэнд таарлаа. Энэ дугуй зураг ямар утгатай юм бэ гэсэн. Тэгэхэд нь уг зургийн утга санааг, билгэдлийг хэлж өгөхөд тэд

-Монголын үндэсний хээ угалз гэдэг чинь бусдаас гайхамшигтай юм. Тэр билгэдэл нь зурагнаасаа яг л харагдсан шүү гэж байв.

Энэ нь ижил бус тэнгэртэй тэс өөр соёл иргэшилтай улс орныхон Монголыг хээ угалзын урлалаар нь ойлгож байгаагийн илэрхийлэл байлаа гэж болох. Одоо Ганбат нэг урилга ирээд байгаа юм. Тайваны олон улсын урлаг соёлын байгууллагаас манай улсад ирж үзэсгэлэнгээ толилуулна уу гэсэн урилга. Ирэх хавар Ганбат үзэсгэлэнгээ тэнд дэлгэхээр бэлтгээд байна. Тэр ч байтугай үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдийнхээ үнийг хэлээрэй гэсэн үг дайсан байгаа гэнэ. Тухайн зураач маань ярихдаа,-

-Би үзэсгэлэнгээ тэнд гарганаа. Дэлхийд сурталчилж байгаа юм чинь. Харин бүтээлүүдээ худалдчих бодол алга. Монгол өв соёл гэдэг юм зараалын хэрэгсэл болж таарахгүй л дээ. Үзэсгэлэн гарах хугацаа зургаан сар гэж байгаа. Гадны оронд Монголын үндэсний урлалыг тэгж сонирхож байгаа нь  хээ угалзын төрөл сонгодог төвшинд хүртэл хөгжсөн байна гэж ойлгогдож байгаа юм гэж ярьсан. Хэн нэгэн хээ угалз гэдэг чинь Монголд байсан л төрөл. Шинэ юм ердөө биш гэж магадгүй л дээ. Тэгвэл Өлзий хээг гэхэд 10 нүдтэйгээс эхлээд 40, 60 бүр 100 нүдтэй болгон зурж уранбүтээл болгож байгаагаар зураач М.Ганбат уг төрлийг шат ахиулан хөгжүүлж шинэчилж байна гэж хэлж болно. Бас зургийн арга нь өөр. Тухайлбал “3D” гэж байгаа шиг товгор харагддагаараа түүний бүтээл онцлог. Басхүү уранзураг гэдэг стандартдаа нийцэж байгааг судлаачид ч хэлж байх юм билээ.

Арслан хээтэй авдар зөндөө л байдаг. Түүний нэг гайхамшиг нь давтагдаагүй шинж чанартай. Баруун айлын Дорж гуайн авдрын хээ ердөө ганц. Саахалтын Сандагийн авдарынхаас өөр. Тийнхүү авдар бүхний хээ нэгнийгээ хэзээ ч давтдаггүй байх нь. Энэ бол Монгол үндэсний хээ угалз хэмээх урлалын содон хэв шинж ажээ.

 

ЗАЯАНЫ ХАНЬ ЗАМ ДЭЭР ГЭДЭГ

Тиймээ. Заяаны хань зам дээр гэсэн үг бий. Энэ үг хэллэгийн үнэнийг зураач М.Ганбатын эхнэр С.Батцэцэгтэйгээ танилцсан учрал хэлээд өгнө л дөө. Залуу эр М.Ганбат сургуулиа төгсгөчихсөн. Зургийн эрдэмд суралцснаа цаасан дээр буулгах л “өвчтэй” юм шиг байсан цаг. Тэр мэргэжилтэй боллоо. Хоолоо олж идэх арга замаа сонгочихсон. Харин ганцхан юм дутуу байсан нь гэр бүлтэй болох. Тэрэндээ нэг их яараад байсангүй. Гэтэл М.Ганбат, С.Батцэцэг хоёр их сонин тохиолдлоо учирсан юм билээ. Нэг өдөр тэд баруун дөрвөн замын явган хүний гарцаар хамт гарах болж. Танихгүй эмэгтэй нэг л содон харагдсан гэж Ганбат хэлдэг. Эмэгтэйгээс “гарцаар гарах уу гэж. Тиймээ” гэж байна гэнэ. Хоёул зэрэгцээд гарцаар гарсны дараа үг өдөж жаал зугай юм асуухад эмэгтэй тун товч мөртлөө эелдэг хариулаад байж. Цааш зам нийлж 10 гаруй минут хамт алхаж. Нэр ус, ажил албаа ч мэдэлцэж. С.Батцэцэг төр үед багшийн дээд сургуулийн хоёрдугаар дамжаанд сурдаг байжээ. Хоёрын харц мөргөлдөж бие биенээ жаахан таньж авсан нь тэр хамт алхсан цөөн минут.  Ганбатад яасан аятайхан яриа хөөрөөтэй бүсгүй вэ гэсэн санаа төрж түүнтэй дахиад уулзахсан гэсэн бодол эзэмджээ. Тэр тухай амттайхан дурсамж бидний дунд хөврөх зуур эхнэр С.Батцэцэг нь ярианд оролцохдоо

-Хачин юм шүү. Би  бас тэр анхны уулзалтаар л энэ хүнтэй гэр бүл болохсон гэсэн бодол толгойд зурсхийж билээ. Ерөөл гэж тэр байх шүү гэж билээ. Ингээд л хэд хэд уулзаад л хэн хэн нь миний хань энэ юм байна гэдгээ мэдэрсэн гэх. Түүнээс хойш 20-иод жил өнгөрч. Өнөөдөр Ганбатынх гэж таван сайхан хүүхэдтэй өнөр сайхан айл байна. Удахгүй зургаа дахь үрээ өлгийдөж авах юм байна. Тийм өнөр өтгөн айл болох хугацаанд тэдний амьдрал улам өөдөө байгаа. Зураач нөхөр ч бийр хатаалгүй зурж олон арван бүтээл гаргачихаж. Зорилготой явснаараа амжилт арвинтай байна. Тэгвэл эхнэр С.Батцэцэг нь номын жинхэнэ садан хүн юм. Хүүхдийг номтой нөхөрлүүлэх гэж л төрсөн мэт ажиллаж өдий хүрчээ. Хэдэн жилийн өмнө нөхөртэйгөө зөвшилцөн хоёр өрөө орон сууцаа зарж тэр мөнгөөрөө хүүхдийн номын сан байгуулсан юм билээ. Цаашлаад “Нобелийн шагналтнууд” нэртэй номын сангийн салбар олширч одоо арван сургууль цэцэрлэгт байгуулагджээ. Тэднийд ороход угалз хээ тэргүүтэй олон зураг урлал дунд нэг содон зйл ажиглагдсан нь “Энэ цагийн эгэл баатар”-ын жаазтай диплом байлаа. Арав гаруй жилийн өмнө юм даа. Манай сониноос шалгаруулдаг эгэл баатар цолтны нэг нь Нобелийн шагналтнууд номын сангийн захирал Сэрдамбын Батцэцэг гэж байсныг сая л санав. Тэрбээр хүүхдийг номтой нөхөрлүүлэхэд олон арга ажиллагаа хэрэглэдэг. Дөрвөөс зургаан настай хүүхдэд ямар номоор үйлчлэхэв. Тэгвэл зургаагаас найман настайд нь ямрыг уншуулхав гэх үе шатыг гол болгодог юм билээ. Номын сангийнх нь салбаруудыг хаяг нэрийг нь харалгүйгээр мэдэж болно.

Үндэсний хээ угалзын төрөл бүтээлүүдээр чимэглэсэн өрөөтэй. Нэг ном аваад дэлгээд үзэхэд л номонд байгаа хавчуурга нь өнгө алагласан хээ, угалз зурагтай. Тэр бүхэн хүүхдэд багаас нь номтой нөхөрлүүлж үндэсний уламжлалт өв соёлтой танилцуулах тэгснээр эх оронч иргэд болгон хүмүүжүүлэх зорилготой ажээ. Өөрийн хүүхдүүд нь ч номоос салахгүй өсч. Том хүү Г.Оргилжаргал нь Нийслэлийн тэргүүний уншигч, Д.Нацагдорж тэмдэгтэн, IV ангид сурдаг Г.Үлэмж нь сургуулийн яруу найргийн аварга, VI ангийн сурагч Г.Хурцэцэг нь сургуулийнхаа цэвэр бичигтэн гээд л алсдаа ямар хүн болох төрхөө олчихсон байх юм.

Ганбатынд байх зуур ажиглагдсан нэг содон юм бий. Батцэцэг нөхрөө дандаа та гэж дуудах юм билээ. Энэ нь бас монголчуудын бараг мартагдсан өв уламжлалын нэг. Өвгө дээдсийн үед эхнэр хүн нөхрөө “Та” гэж авгайлдаг том хүндлэл байсан билээ.

 

ТЭМДЭГЛЭЛИЙН ТӨГСГӨЛ ҮГ

 

Зураач М.Ганбатын гэр бүлийнхэнтэй хөөрөлдсөн багахан агшин ихийг бодогдуулсан даа. М.Ганбат, С.Батцэцэг хоёрын зүрх, тархи нэг сэжимээр холбогдсоны учир өлзий билгэдэлтэй амьдралын дардан сайхан замаар дүүрэн жаргалтай амьдарч явнаа. Өнөрхөн ам бүлийн оюун ухааны нэг тахилга сүлд нь хэдэн мянганы түүхтэй нэгэн гайхамшиг монгол үндэсний хээ угалз, номын цагаан буян гэж болно. Бид сайхан уранбүтээлийн тухай болон үндэсний урлал гэдгийг өнгө будагтай нь, гүн гүнзгий утга агуулгатай нь хадгалж явах тухай ярилцсан. Бас дүрслэх урлагт шүүмж судлал дутмаг байгаа, өнөөгийн зарим хэсэг нь гадаадын элдэв хэв шинжийг хэт дуурайж монгол гэсэн өв уламжлалаа бүрхэгдүүлж байгааг товчхон ч гэсэн шүүж ярилцсан.

Хэн нэгэн ижий, аав нар мөнгөний мод ч гэх шиг, гурван сармагчин нэг нь нүдээ, нөгөө нь чихээ, бас нэг нь амаа дарсан дүрстэй фингшү талын юм гэрийнхээ хойморт залсан байдаг нь гадны соёлын халдвар гээд. Энэ нь монгол дархлааг сулруулж байгаа гэж тэд ярина лээ. Сэтгэлээс үл тасран одох ухаалаг үгс бүтээлч гэр бүлийнхнээс сонссоноо тэмдэглэхэд ийм. Өлзий дүүрэн өнөр хийгээд бүтээлч нэгэн бүлийн амьдралын ердөө зах зух нь энэ л дээ. Зураач М.Ганбат, сурган хүмүүжүүлэгч манай үеийн эгэл баатар С.Батцэцэг нар хийсэн бүтээлийнхээ дээр нэрээ бичиж л таарна. Тэр нь хожимоо Монголыг авч ямах сүр сүлд нь байх болтугай. Тэдэнд угалз хээг дэлхийн брэнд болгоорой гэсэн өлзийтэй еөрөөлөө өргөмүү. Монгол өв уламжлал гэдэг юм босоо хувь заяатай гэнэм. Босоо хувь заяа нь Монголыг өөдлүүлж явдаг гэнэм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.10.26 ДАВАА № 206 (6431)