У.Хүрэлсүхийн Засгийн газар нэг онцлогтой. Олон нийтэд төдийлөн танил болоогүй эрхмүүдэд салбарын удирдлагыг өгсөн. Гэхдээ өнгөрсөн хугацаанд сайд нараас сайн, муугаараа олонд танигдаж л байна.  Тэгвэл  100 хоногт иргэдэд бүү хэл салбартаа ч танигдаагүй сайд байна.   Үүний нэг нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон. Уг нь манай улсын хөгжлийн тэргүүлэх салбар бол уул,уурхай.  Энэ салбарыг тойрсон хэл ам, томилгоо, наймаа, найраа улстөржилт салдаггүй.   Харин салбар сайд нь олны анхаарал татсан  асуудлуудад өнгөрсөн 100 хоногт ер чимээлсэнгүй.  Бодвол “танилцах дадлага” нь дуусаагүй байгаа бололтой.    Тус яамны цахим хуудсаар ороход өнгөрсөн хугацаанд УУХҮ-ийн сайд хэд хэдэн уулзалт л зохион байгуулжээ.  Тухайлбал, энэ сарын 1-нд  Г.Ёндон сайд  Монгол дахь Америкийн худалдааны танхимаас зохион байгуулсан “Уул уурхайн салбарын бодлого: 2020-2024” хэлэлцүүлэгт оролцож гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхсон асуултад хариулсан байна. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, Тавантолгойн IPO-н асуудал, хайгуулын лиценз, хөрөнгө оруулагчдын эрх ашиг болон хөрөнгө оруулалтын орчин нөхцлийг сайжруулахад байр сууриа илэрхийлсэн гэнэ. Гэвч ямар байр суурь илэрхийлсэн нь тодорхойгүй, нууцалжээ.  Мөн уул уурхайн салбарын мэргэжлийн холбоодууд төрийн бус байгууллагуудын удирдлагуудтай уулзаж,  Засгийн газрын үйл ажиллагааны 2020-2024 хөтөлбөрийг танилцуулснаас өөр тодорхой ажил, байр суурь УУХҮ-ийн сайд Г.Ёндонд одоохондоо алга.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин