Засгийн газрын чимээгүй сайд нарын нэг  нь З.Мэндсайхан. Тэрээр 100 хоногт  дорвитой ажил эхлүүлээгүй ч цаашид хийж хэрэгжүүлэх ажлынхаа “зураглал”-ыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд  танилцуулжээ.  З.Мэндсайхан сайдын хувилбарт “Атар-4”  тариалангийн тогтвортой хөгжлийн аян, 117.4 сая литр сүүний үйлдвэрлэлийг дотоодоос хангаж, цаашид 200 сая литрт хүргэх, гурилын хэрэгцээгээ дотооддоо бүрэн хангаж, гадаадад  200 мянган  тонн гурил экспортох, өндөгний хэрэгцээнийхээ 52 хувь буюу 178 сая ширхэгийг дотооддоо үйлдвэрлэж байгааг 90 хувьд хүргэх, төмс 100 хувь, хүнсний ногооны хангамжийн 56 хувийг хангана гэж тусгажээ.

Мөн “Монгол мал” үндэсний хөтөлбөрөөр махны экспортын өнөөгийн түвшин 58.6 мянган тонн байгааг гурав дахин нэмэгдүүлэх, тариалангийн бүс нутгийг эрчимжсэн мал аж ахуйн бүс нутаг болгон хөгжүүлэх, 10 сая ширхэг арьс шир, 10 мянган тонн ноос, гурван мянган тонн ноолуур боловсруулах хүчин чадалтай Дархан арьс ширний цогцолбортой болсноор малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үнэ өсөх, Ховд аймагт “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк, 3000 тонн ноос, ноолуур боловсруулах хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад оруулна гэж Ерөнхий сайдад амласан байна. З.Мэндсайхан сайдын хувилбар хэрэгжвэл сайхан л байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин