“Мэдээллийн шуурхайг бус үнэн бодит байдлыг эрхэмлэе”

0
хуваалцах
200
үзсэн

Ч.ОЛДОХ

 

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн 11  дэх удаагийн форум  “Цар тахлын үед сэтгүүлзүйд тулгамдаж буй сорилт, туршлага болон хамтын ажиллагаа” сэдэв дор цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа.

Хоёр орны сэтгүүлчид  цар тахлын үед хэрхэн ажилласан, шинэлэг туршлага, цаашид анхаарах асуудлаар илтгэл тавьж, санал солилцов. Мөн цаашид соёлын солилцоо, хэвлэл, мэдээллийн байгууллагын хамтын ажиллагааг идэвхжүүлж  хоёр орны уламжлалт найрамдал, харилцан ойлголцол, мэдээллийн үнэн бодит байдлыг бэхжүүлэх зэрэг асуудлаар “Монгол, Хятад хоёр орны сэтгүүл зүйн хамтын ажиллагааны шинэ 10 жилийн тунхаг” -ийг баталлаа.

Цар тахлын улмаас манай улс  нэгдүгээр сарын 27-ноос өнөө хүртэл  хилээ хааж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Хөл хорио тогтоож,  онцгой дэглэм зарласан  үед төрийн байгууллагууд “Нэг цонх”-ны мэдээллийг удирдлага болгосон. Телевиз, сонин, сайтын  редакц,  сэтгүүлчид хөл хорио, онцгой дэглэмээс үүдэн томилолтуудыг   цуцлаж, төрийн байгууллагуудын өгсөн мэдээллийг дэлгэрэнгүй мэдээлэх болсон. Энэ нь сэтгүүлчдийн мэдээлэл олж авах эрхийг хязгаарлаж, ил тод нээлттэй байдлыг хумисан. Нөгөөтэйгүүр, эрх мэдэлтэн, төрийн зарим байгууллага цар тахалд  дулдуйдан  хууль бус үйл ажиллагаагаа нуух, хаах боломжтой болсон нь нууц биш юм. Энэ тухай илтгэгчид баримт, мэдээлэлд тулгуурлан  дурдсан. Тэгвэл  БНХАУ-ын хэвлэл, мэдээллийн байгуулагынхан цар тахлын талаарх мэдээллийг  шуурхай,  үнэн бодитой мэдээлэхийг хичээн ажилласан гэдгээ ярьж байна. Ингэхдээ техникийн дэвшил,  аль болох шинэ арга хэлбэрийг ашиглахыг зорьсон гэв. Мөн зарим хэвлэл, мэдээллийн хэрэгсэл ташаа мэдээлэл тараасныг залруулахын тулд багагүй хүч хөдөлмөр зарцуулсан гэлээ.

Манай  хэвлэл, мэдээллийн салбарт хэдийгээр  “Чимэгэ” программ нэвтэрсэн зэрэг ололт, сайн  туршлага байгаа ч  техник, технологийн  боломж, нөөц  бололцоо дутмаг байгаа нь цар тахлын үед түлхүү анзаарагдсан. Онлайн хэлбэрт шилжин ажиллахад  сонин, сайт, телевизийн салбарын аль нь ч техникийн болон интернэтийн хурд  дутмаг зэрэг доголдол гарч  байсан. Гэхдээ цаашид цар тахлын үед ажиллах арга барил, туршлага хуримтуулснаараа ололттой. Мөн цар тахлын халдварыг дотооддоо алдахгүй байхад,   иргэдэд хэрэгтэй мэдээ, мэдээллэл, сэрэмжлүүлгийг цаг тухайд нь шуурхай хүргэхэд хэвлэл, мэдээллийн гүйцэтгэсэн үүрэг их байсан юм. Энэ тухай тухайн үед Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Т.Амаржаргал “Эрүүл мэндийн яамны сайд асан Д.Сарангэрэл өөрөө сэтгүүлч байсан учраас  нэгдсэн шугамаар мэдээлэл ил тод нээлттэй өгдөг 11:00 цагийн мэдээллийг санаачилсан. Хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид цар тахлын үед үүргээ маш сайн биелүүлж ажилласан. Тиймдээ ч Монгол Улс халдварыг дотоодод алдахгүй байхад сэтгүүлчдийн хувь нэмэр их байлаа” гэсэн юм.

Цар тахлын үед ажиллах арга барилын тухайд  хэдийгээр  төрийн байгууллагын мэдээлэл хаалттай болсон, сэтгүүлчийн эрэн сурвалжлагууд хаагдсан, нүүр тулсан амьд ярилцлага байхгүй болсон, хэвлэл мэдээллийн байгууллагууд ижил мэдээг давтамжтай өгөх уйтгартай байдал руу орсон  зэрэг сөрөг талтай ч манай сэтгүүлчид  зайнаас ажилласнаар цаг хугацаа, эдийн засаг хэмнэх олон боломж байгааг нээсэн. Энэ тухай “Өдрийн сонин”-ы албаны дарга Я.Баярбаатар “Манай редакцийн хамт олон  2-5 дугаар  сар  хүртэл цахимаар ажилласан нь шинэ туршлага байсан. Онлайнаар ажиллахад цар тахлын үед халдварын эрсдэл бага, сэтгүүлчид өөрсдийгөө хөгжүүлэх цаг гарсан, эдийн засгийн хэмнэлттэй  зэрэг олон давуу тал байсан ч дутагдалтай зүйлүүд байна.  Сонины редакцид өглөөний шуурхай хурал тухайн өдрийн ажлын 70 хувийг нугалдаг. Гэтэл зайнаас ажиллахад шуурхай хурал шиг амьд харилцаа, амьд мэтгэлцээн байхгүй болсон.Нүүр тулсан амьд ярилцлагууд хумигдсан.  Бэлтгэсэн асуултын дагуу хариулт авах нь учир дутагдалтай. Нөгөө талаас УИХ-ын гишүүд, яам тамгын газар, төрийн байгууллагуудын холбогдох албан тушаалтнууд сэтгүүлчдээс бултаж, сэтгүүлчдийн мэдээлэл олж авах эрх хязгаарлагдсан.Төрийн байгууллагууд цар тахлаар далимдуулж сэтгүүлчдээс зайгаа барьж, мэдээлэл өгөхөөс татгалзах нь нийтлэг үзэгдэл болсон” гэсэн юм.  МСНЭ-ийн цахим сэтгүүлзүй хариуцсан дэд ерөнхийлөгч О.Ариунбилэг “Цар тахал, онцгой нөхцөл байдлын үеийн цахим орчны мэдээллийн төлөв байдал” илтгэлдээ  “2019 онд Хэвлэлийн хүрээлэнгийн гаргасан судалгаагаар Монгол Улсад 154 сайт үйл ажиллагаа явуулж байна. Мэдээллийн сайтын онцлог нь аливаа асуудлыг  олон эх сурвалжаар баталгаажуулж түргэн шуурхай нийтлэх юм. Цар тахлын үед хэвлэл мэдээллийн сайтуудад гарсан сөрөг тал нь мэдээллийн шуурхай байдал алдагдсан. Цар тахалтай холбоотойгоор түр хууль, Засгийн газраас гаргасан түр журмуудтай холбоотойгоор мэдээлэл авах ганцхан эх сурвалж байна хэмээн тодорхойлсон.Зөвхөн үнэн бодит мэдээллийг Засгийн газар эсвэл Эрүүл мэндийн яамнаас нэг шугамаар мэдээлэхээр болсон.  Хэрэв зөвхөн албаны эх сурвалжийн мэдээллийг нэг шугамаар цацдаг бол хэвлэл мэдээллийн үндсэн үүрэг алдагдаж, сэтгүүлчийн үүрэг байхгүй болсон. Зөвхөн албаны эх сурвалжийн нэг шугамаар тарааж буй мэдээллийг хүлээснээр мэдээллийн сайтын шуурхай байдлыг алдагдуулж байгаа юм” гэсэн юм.

Гэхдээ энэ бүхэн нь манай хэвлэл, мэдээллийн салбарынханд цар тахлын үед цаашид хэрхэн ажиллах вэ гэдэгт туршлага суулгасан, олон шинэ эрэлхийлэл, дэвшлийг авчирсан гэдгийг МҮОНРТ-ийн Хурд агентлагийн редактор Г.Ариунболд онцлон тэмдэглэж байлаа.

Харин Хятадын хэвлэл, мэдээллийн салбарынхны хувьд “Цар тахлын үед  хиймэл оюун ухаан ашиглах, техникийн дэвшил ашиглан  зарим мэдээллийг шуурхай олж авах, дамжуулах, түүнчлэн цаашид цахим ертөнцийн үүлэн тооцоолуурын аргыг илүү нарийвчлалтай  ашиглах  туршлага олж авсан” гээд  “Хоёр орны сэтгүүлчид бид хамгийн гол нь мэдээллийн шуурхай байдлыг бус үнэн бодит байдлыг чухалчлах ёстой” гэдгийг онцлон тэмдэглэж байлаа. Тэд  цаашид техникийн дэвшил, хөгжлийн талаар манай хэвлэл, мэдээллийн байгууллагынхан,  сэтгүүлчидтэй хамтран ажиллах, туршлага солилцоход  нээлттэй гэдгээ илэрхийлж байсан юм.

Цар тахлыг давсан нь дэлхий дахинаа  хүнд  дайныг туулсан мэт мэдрэмжийг өгч байна. Гэхдээ дайнд ялалт гэж байдаггүй ч ололт заавал байдаг. БНХАУ-ыг чөлөөлөх 1945 оны  түүхт дайнд Монгол Улс туслаж байсан.  Тэгвэл   цар тахлын  хүнд дайныг туулах үед нь  Монгол Улсын Ерөнхийлөгч  БНХАУ-д айлчлахдаа 30 мянган хонь бэлэглэснийг  өчигдөр Замын-Үүд боомтоор хүлээлгэн өгөх ажил эхэлсэн. Энэ өдөр хоёр улсын хэвлэл, мэдэээллийнхэн 11 дэх форумаа зохион байгуулсан нь ийнхүү  түүхэн үйл явдал болон тэмдэглэгдэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.10.23 БААСАН № 205 (6430)