МИАТ компани Солонгосын шүүх дээр 20 гаруй  тэрбум вонын өрөнд унах эрсдэлд оржээ

0
хуваалцах
306
үзсэн

Монголын иргэний агаарын тээврийн төрийн өмчтэй цорын ганц компани бий. Тэрхүү МИАТ ХК-ийг “Менежмент муутай”, “Монополь эрхтэй”, “Ашиггүй ажилладаг” гээд “ад шоо” үзэгсэд олон.

Тэгж байгаад л хувьчлалын жагсаалтад оруулчихдаг. Эрх мэдэлтнүүдийн бүх эрх ашиг тэнд шингэж чадахгүй учраас тэр нь ажил хэрэг болдоггүй.

Тиймээс МИАТ ХК төрд хэвээр байсаар, албан тушаалтнуудын “гарын шүүс”, “амны зугаа” болсоор өнөөдрийг хүрэв. Ингэж хэлэхийн учир нь “төрийн мөнгө уйлдаггүй” гэдгийг тод жишээг Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл уншигчдадаа хүргэх гэж байгаа юм. Бидэнд БНСУ-ын Сөүл хотын дүүргийн төв шүүхийн Иргэний хэргийн 46 дугаар танхимын шүүгч Ким Жи Чол, Ли Сүн Ёл, Кан Хён Жүн нарын 2019 оны есдүгээр сарын 5-ны өдөр гаргасан шийдвэр байна. Тус шүүх БНСУ-ын “Сэюү” ХК, түүний захирал Ким Сан Гүгээс Монгол Улсын МИАТ ХК-ийг хариуцагчаар татсан нэхэмжлэлийг хэлэлцсэн байгаа юм.

Тодруулбал, БНСУ-ын “Сэюү” ХК нь МИАТ ХК 20 тэрбум вон нэхэмжилсэн. Үүний 10 тэрбумыг нь нэхэмжлэлийг өөрчлөх хүсэлт гаргасны маргаашаас эхлэн төлж барагдуулах хүртэл жилийн 15 хувиар бодсон төлбөр нэхэмжилжээ.

Тодруулбал, БНСУ-ын “Сэюү” ХК-ийн захирал Ким Сан Гүг 2014 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсын МИАТ ХК-ийн Бодлого, төлөвлөлтийн газрын дарга С.Билэгсайхантай гэрээ байгуулж Улаанбаатар-Инчёон-Улаанбаатар чиглэлийн суудал борлуулах эрхийг авчээ.

2019 оны хоёрдугаар сарын 28-ныг хүртэл үргэлжлэх хугацаанд “Сэюү” ХК нь жил бүр 55 тэрбум төгрөгөөс дээшхийг МИАТ ХК-д олгоно гэсэн агуулга бүхий GSA/General Sales Agency/ гэрээг байгуулсан байна.

Гэрээнд GSA буюу “Сэюү” ХК  нь МИАТ-ийн бүх нислэлийн тийзийг БНСУ-д борлуулна. “Сэюү” ХК    нь баталгааны бэлэн мөнгө болох таван сая ам.долларыг МИАТ-д хадгалуулна. Энэ мөнгө гэрээ зөрчигдсөн нөхцөлд МИАТ-ийн хохирлыг барагдуулахад зарцуулагдана. Харин ийм асуудал гарахгүй бол гэрээ дуусахаас 14 хоногийн өмнө уг таван сая ам.долларыг “Сэюү” ХК-д буцааж шилжүүлнэ. Гэрээний хугацаанд “Сэюү” ХК  нь Улаанбаатар-Инчён-Улаанбаатар чиглэлийн 340 нислэгийг хариуцаж МИАТ-д 55 тэрбум төгрөг төлнө. Энэ хугацаанд нийт зорчигчдын тоо 138 мянга байна. “Сэюү” ХК  чартерийн нислэг хүсвэл МИАТ агаарын хөлөг гаргаж өгнө.

Хэрвээ үйл ойлголцол гарч, маргаан шийдүүлэх шаардлага гарвал БНСУ-ын хуулийн дагуу шийдвэрлүүлнэ гэж гэрээнд заасан байна. Ингээд гэрээний дагуу 2014 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр МИАТ-ийн данс руу “Сэюү” ХК-иас баталгааны мөнгө болох таван сая ам.долларыг шилжүүлжээ. Улмаар МИАТ ХК-иас 2014 оны хоёрдугаар сарын 10-нд Олон улсын агаарын тээврийн холбоо /IATA/ руу “Сэюү” ХК нь 2014 оны гуравдугаар сарын 1-нээс эхлээд БНСУ доторх GSA болсон талаар мэдэгдэж, “Сэюү” ХК-ийн талаарх GSA код олгох болон BSP хүлээн авах дансыг өөрчлөх хүсэлтийг гаргасан. Гэтэл МИАТ ХК-ийн ТУЗ-ийн хурал 2014 оны хоёрдугаар сарын 21-нд хуралдаж, БНСУ-ын “Сэюү” ХК-ийн биенес саналыг хэлэлцээд уг саналаас татгалзсан шийдвэрийг гаргажээ. Ингэхдээ “Сэюү” ХК-д таван сая ам.долларыг эргүүлэн төлөхөөр болсон байна. “Сэюү” ХК-тай байгуулсан гэрээ, бизнес саналаас татгалзсан шалтгаан нь МИАТ компанийг Гүйцэтгэх захирал төлөөлж гарын үсэг зурах ёстой гэж үзсэн байна. Дээрх гэрээнд МИАТ ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхан гэсэн нэрийн дээр нь Бодлого, төлөвлөлтийн газрын дарга С.Билэгсайхан гарын үсэг зурчихсан байна.

Ингэж уг гэрээ хэрэгжихээ больсон талаар МИАТ ХК-иас 2014 оны хоёрдугаар сарын 24-нд мэдэгджээ.

“Сэюү” ХК нь нэхэмжлэл гаргасан үндэслэлээ тайлбарлахдаа “С.Билэгсайхан нь МИАТ ХК-ийг, эсвэл тус компанийн Гүйцэтгэх захирал Г.Жаргалсайханыг төлөөлөх бүрэн эрхтэйгээр энэхүү гэрээнд гарын үсэг зурсан тул гэрээ хүчин төгөлдөр байгуулагдсан. Түүнчлэн С.Билэгсайхан ийм эрхийг аваагүй байсан ч энэ гэрээ хүчин төгөлдөр болсон. Гэтэл МИАТ ХК хууль ёсны үндэслэлгүйгээр гэрээг хэрэгжүүлээгүй учраас хохирлыг барагдуулах ёстой. Тиймээс МИАТ ХК нь  “Сэюү” ХК-д гэрээний хэрэгжилтийн ашиг болох 160 397 805 000 воны тодорхой хувь болох 20 тэрбум вон болон үүнийг алданги төлбөрийг төлөх үүрэгтэй гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, ингэж нэхэмжлэх үндэслэлээ МИАТ ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхан 2013 оны арванхоёрдугаар сарын 6-нд “Сэюү” ХК-ийн захирал Ким Сан Гүгтэй уулзаж уг гэрээг МИАТ ХК-ийн Санхүү эрхэлсэн захирал Ц.Даваасүрэнд шилжүүлсэн гэж тайлбарласан байна. “Сэюү”ХК уг гомдлыг 2017 онд гаргасан байгаа юм.

Харин БНСУ-ын Сөүл хотын дүүргийн төв шүүхийн Иргэний хэргийн 46 дугаар танхимын шүүгч нар “Сэюү”ХК-ийн нэхэмжлэлийг хүлээж аваад МИАТ ХК-ийн гаргаж өгсөн нотлох баримтууд, тайлбар зэргийг 2019 оны долдугаар сарын 17-ны өдөр хүртэл хянаж үзээд есдүгээр сарын 5-ны өдөр шийдвэрээ гаргасан байна. Шүүхийн шийдвэр нь гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн “Сэюү”ХК-ийн нэхэмжлэлийг үндэслэлгүй байна гэж үзээд буцаахаар шийдвэрлэжээ.

Гэхдээ энэ бол анхан шатны шүүх хурлын шийдвэр юм байна. Эх сурвалжийн мэдээллээр “Сэюү”ХК нь дараагийн шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргаж буй аж.

Хэрэв дээд шатных нь шүүх “Сэюү”ХК-ийн нэхэмжлэлийг үндэслэлтэй гээд үзчихвэл МИАТ ХК 20 тэрбум вон, түүний 10 тэрбумынх нь хоёр жилийн 15 хувийн алдангитай нийлүүлсэн төлбөрт унана.

Өнөөдөр дэлхий даяар COVID19 цар тахал гарч МИАТ ХК төрийн тусгай үүргийн нислэгээр амьдарч байна. Саяхнаас зарим нэг улсад агаарын зам нээснийг эс тооцвол ийм байдалтай жил шахам болж байгаа.

Жирийн үед менежмент нь шүүмжлэгдээд байдаг МИАТ-ийн хувьд өнөөдөр орлого санхүү нь ямар байгааг ойлгож ядах юмгүй. Хэрэв БНСУ-ын шүүх дээр унавал МИАТ-ийн санхүүгийн шархан дээр нь давс үрсэнтэй адил зүйл болно. Тэгэхээр манайханд удахгүй БНСУ-д болох шүүхийн шийдвэр хэрхэн гарахыг хараад сууж байхаас өөр боломж байхгүй.

Нөгөөтэйгүүр ийм томоохон гэрээнд МИАТ ХК-ийн Гүйцэтгэх захирлын өмнөөс Газрын дарга С.Билэгсайхан нь гүйж очоод гарын үсэг зурчихсан. Дараа нь МИАТ ХК-ийн ТУЗ уг гэрээг нь хүчингүй болгосон. Үүнд гомдсон БНСУ-ын “Сэюү” ХК гэрээнд заасны дагуу өөрийн улсынхаа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Зургаан жилийн өмнө тарьсан балаг нь өнөөдөр бодитой хохирлын харанга дэлдчихээд байна. Чухам энэ л “Төр муу менежер” гэдэг үгийг бий болгодог.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.10.23 БААСАН № 205 (6430)