Б.ДОЛЖИНЖАВ

 

Энэ  сарын 14-ний өдөр “Монголиан Эйрлайнс” компанийн Хөх хот руу хийсэн OM223 дугаартай нислэгээр ирсэн таван хүнээс коронавирус илэрсэн гэсэн мэдээлэл Хятадын зарим цахим хуудсанд гарчээ. Тодруулбал, тус улсын baijiahao.baidu.com, weibo.com, chineseinla.com, china.huanqiu.com гэсэн хятад хэл дээрх сайтад  “Улаанбаатараас Хөх хот руу аравдугаар  сарын 14-нд ирсэн “Mongolian Airlines” компанийн OM223 онгоцонд байсан таван зорчигчоос шинэ төрлийн коронавирусын халдвар илэрлээ. Тиймээс энэ сарын 20-ноос нэг долоо хоногийн хугацаагаар энэ чиглэлийн нислэгийг зогсоох шийдвэрийг Иргэний нисэхийн ерөнхий газар гаргалаа. Мөн COVID-19-ийн халдвартай зорчигч тээвэрлэсэн “Ethiopian Airlines”, “China southern”-ийг таван долоо хоног, “Saudian Arabian Airlines”, “Vietnam Airlines”-ийн нислэгийг  нэг долоо хоногоор зогсоолоо” хэмээн мэдээлжээ. Энэ талаар ИНЕГ-ын ХМОНХ-ээс тодруулахад “Москвагаас Хөх хот руу транзит нислэг үйлдсэн онгоц Чингис хаан нисэх буудлаас шатахуун цэнэглээд хөөрсөн. Зорчигч бууж, суугаагүй.Тухайн үед Хөх хот руу хуваарьт нислэг байгаагүй” гэсэн мэдээллийг өглөө.

Харин  ЭМЯ-ны ХМОНХХ-ээс тодруулахад “Москвагаас Хөх хот руу транзит нислэг үйлдсэнийг хүмүүс буруу ойлгоод байна.  Манай онгоц аравдугаар сарын 15-нд Хөх хотоос Бээжин рүү нисээд тэр оройдоо Улаанбаатарт ирсэн гэдэг нь худал. Таван зорчигчоос коронавирус илэрсэн гэдэг нь ташаа мэдээлэл” гэсэн тайлбарыг өглөө. Харин МИАТ ТӨХК “Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нь БНХАУ-ын ААН-ийн хүсэлтийн дагуу аравдугаар сарын 14-ний өдөр Москва-Улаанбаатар-Хөх хот-Бээжин чиглэлд ОХУ-д саатсан БНХАУ-ын иргэдийг БНХАУ руу тээвэрлэн хүргэх захиалгат нислэгийг үйлдсэн. Энэ нислэгийг Боинг-767 маягийн агаарын хөлгөөр үйлдэж “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд түлш цэнэглэсэн. Энэ хугацаанд ямар нэгэн зорчигч тус агаарын хөлгөөс буугаагүй. Мөн зорчигчдод ОХУ-д шинжилгээ хийлгэсэн байх шаардлага тавьсан ч Хөх Хотод COVID-19-ийн шинжилгээ хийлгэхэд БНХАУ-ын таван иргэ­нээс халдвар илэрсэн байна. Тиймээс “Mongolian Airlines”-ийн нислэгийг нэг долоо хоногоор зогсоосон. Нислэгт ажилласан МИАТ ТӨХК-ийн нисэх бүрэлдэхүүний шинжилгээгээр COVID-19-ийн халдвар илрээгүй” гэж албан ёсны мэдэгдэлдээ дурджээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.10.23 БААСАН № 205 (6430)