Б.ГАРЬД

 

Нэгэн цагт, бүр нэ­гэн үед одоогийн эрх ба­ригч намын бүх асууд­лыг шийдэж явсан Т.Бадам­жунай гэж эрхэм бий.

МАН-ын санхүүг тэр л мэддэг байв. Т.Бадам­жунайгийн зөвшөөрөлгүй ямар ч томилгоо явахаа бо­лиод байсан.

Гэхдээ Т.Бадамжунай ил гардаггүй. Ямар ч албан тушаалд очих бяр нь байсан ч Хөдөө аж ахуйн сайдаас дээш суудалд очоогүй.

Тэр хөшигний ард МАН-ын эзний ажлыг хийдэг байв.

Гэвч 2016 оны сон­гуулийн дараа МАН-д “төрийн эргэлт” гарч Т.Бадам­жунайгийн тал бу­ланд шахагдсан. Хууль хяналтын байгуул­лагынхан ч ялагдсан талын нөхдүүдийг со­нир­хож эхэлсэн. Хэн нэг­нийх нь холбогдсон асууд­лыг шалгаад эхлэ­хээр л бүх “олс”-ны үзүүрт  Т.Бадамжунай байж байдаг. Хууль хянал­тын­хан ч ингэж ярьдаг байв.

Чухам тэр үед буюу 2018 оны арванхоёрдугаар сарын эхээр Т.Бадамжунай хил давж зугтсан. Эх сурвалжийн мэдээллээр Т.Бадамжунай “УАЗ-469” буюу бидний ярьдгаар “69”-д суугаад Замын-Үүдийн боомтоор гарсан гэдэг. Мэдээж хэрэг, тэр ганцаараа гүйж очоод “69”-д суугаад явчихаагүй нь ойлгомжтой.

Тухайн үед хууль хяналтын байгууллагынхан энэ мэдээллийг авсан гэдэг.

Гэхдээ АТГ-ынхан 2018 оны арванхоёрдугаар сарын 25-нд ээлжит мэдээллээ хийхдээ “...Т.Бадамжунай хил давж зугтаагүй” гэж мэдэгдэж байлаа. Бас 2019 оны нэгдүгээр сарын 8-нд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг “...Т.Бадамжунай “469” машинаар зугтаж, хилээр гарсан гэдэг нь худлаа” гэж хэвлэлд ярьж байв. Т.Бадамжунайгийн хувьд дээр хэлсэнчлэн олон хэрэг явдлын гол холбогдогч биш юм гэхэд гэрчээр дуудагдах нь тодорхой болоод байсан. Мөн түүнийг нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн авсан “найдваргүй зээл”-ийг зуучилсан хэргээр шалгах гэж байсан талаар хэвлэлээр мэдээлж байв.

Мөн зугтахынхаа өмнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байдаг “Twin tower”-т байдаг оффистоо их хэмжээний мөнгө “тоолж” байгаад баригдсан тухай мэдээлэл бас гарсан.

Харин сүүлд 2019 оны долдугаар сарын 1-нд тухайн үед УИХ-ын гишүүн байсан Ж.Батзандан “...АТГ-аас Т.Бадамжунайг баривчлахаар эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байгааг хэлж байна” гэж хэвлэлд ярьсан байдаг.

Юутай ч Т.Бадамжунай хилээр гарч яваад яг хоёр жил болох гэж байна. Хүний нутагт ингэж удаан амьдарна гэдэг ямар олигтой байхав дээ.

Гэвч тэр хаана явна вэ гэдэг албан ёсоор бол тодорхойгүй л байна. Гэхдээ “...Т.Бадамжунай хил давж зугтаагүй” гэж мэдэгдээд байсан АТГ-аас энэ асуултыг асуух хэрэгтэй.

Албан бус эх сурвал­жуу­дын мэдээллээр Т.Бадам­жунай нь эх орон­тойгоо байнга холбоотой байдаг аж. Түүнийг хаана “хоног төөрүүлж” явааг мэддэг хүмүүс ч цөөнгүй байдаг бололтой. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.10.22 ПҮРЭВ № 204 (6429)