Б.ТУУУЛ

 

Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн орлогч дарга,  олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн эмч Ц.Байгальтай ярилцлаа.

-Цар тахлаас шалт­гаалан зарим эмнэлгийн үйлчилгээнд өөрчлөлт орсон. Танай эмнэлэг ямар журмаар үйлчилж байна. Цахимаар хандсан иргэдэд үзлэгийн цаг олдохгүй байна гэсэн гомдол, шүүмжлэл их байх юм?

-Манай эмнэлэг COVID-19-ийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх хүрээнд өнгөрсөн нэгдүгээр сарын 30-наас өндөржүүлсэн бэлэн байдалд  шилжин ажилласан. Цахим бүртгэл хоёрдугаар сарын 1-нээс эхлэсэн бөгөөд энэ нь дан ганц цар тахлаас шалтгаалсан зүйл биш юм.

Бид эмнэлгийн тусламж үйлчилгээнийхээ цар хүрээг өргөтгөх үүднээс цахимд шилжих бэлтгэл ажлыг жилийн өмнөөс эхэлсэн. Иргэдээс ирсэн мянга гаруй санал хүсэлтийн дагуу цахим үйлчилгээнд шилжих нь зүйтэй юм байна гэсэн шийдэлд хүрсэн. Тэгээд иргэд ашиглахад хялбар, аль болох хурдан шуурхай,  цахим үйлчилгээг нэвтрүүлэхээр “Мид Софт” компанитай хамтран ажиллаж байна. Цахим үйлчилгээ нь иргэд гэлтгүй манай эмч нарт ч гэсэн шинэ үйлчилгээ учраас алдаа оноогоо дүгнэж, түүнээсээ суралцаж байна. Энэ ажил өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа бөгөөд жигдэртлээ 1-2 жил шаардах болов уу гэж харж байна.

-Цагийн хуваарийн хувьд цахим бүртгэл хэдээс эхэлж байна. Зарим иргэд үзлэгийн цаг авч чадахгүй байгаа нь ямар шалтгаантай юм бол?

-Өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нээс цахим үйлчилгээг нэвтрүүлэхдээ бид  тавдугаар сарын 1-нийг хүртэл шөнийн 00:00 цагаас эхлэн үзлэгийн цаг, дугаар олгож байсан. Гэтэл иргэдийн зүгээс унтаж амрах цагаараа танай цахим бүртгэлийг сахиж суух хэцүү байна гэсэн. Тиймээс оройн 20:00 цагаас дугаараа авдаг байхаар зохицуулсан. Яг энэ цагт 3000-4000 хүн зэрэг ханддаг. Зарим иргэн дугаар авч чадахгүй байгаа нь үүнтэй холбоотой. Нөгөөтэйгүүр, энэ нь бас манай эмнэлгийн үйлчилгээний хүртээмжтэй холбоотой.

-Танай эмнэлэг одоо хэдэн эмчтэй үйл ажиллагаа явуулж байна. Орон тоогоо нэмэх тухай асуудал  ярьж байгаад чимээгүй болчихсон. Одоо ямар шатандаа яваа бол?

-Манай эмнэлэг эмчилгээний 12, мэс заслын гурав, гажиг заслын дөрөв, согог заслын хоёр эмчтэй үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр эмчээ хоёр ээлжинд хуваагаад, халдвар хамгаалалт, чанар, аюулгүй байдал, иргэдийн тав тух, ажилчдын ажлын ачааллаа тооцож ажиллахад манай төв рүү хандсан хүн бүрийг хүлээн авч,  эмчилгээ үйлчилгээ үзүүлэхэд учир дутагдалтай байгаа хэрэг. Ямартай ч 2015 онд ШЭНТ-ийн захирал Л.Хэнтий ажлаа хүлээж аваад одоо байгаа 72 хүнийхээ орон тоог 114 болгож нэмэх тухай саналыг оруулсан байдаг. Гэвч энэ нь улс орны төсөв мөнгө, хүрэлцээ хангамжаас шалтгаалан шийдвэрлэх боломжгүй яваад байгаа. Тиймээс бид нөхцөл боломждоо тулгуурлан асуудлыг аль болох нааштайгаар шийдвэрлэх гэж хичээн ажиллаж байна.

-Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй шүдний эмнэлгүүдийн тоон мэдээллийг сонирхвол нийслэлд 280, орон нутагт 100 гаруй байна. Үүн дээр улсын эмнэлгүүдийн шүдний кабинетуудыг нэмбэл, хангалттай тоо гарна. Гэтэл иргэдийн дунд шүдний төвд үзүүлж чадахгүй байна гэсэн гомдол их байх юм.  Үүний шалтгааныг хайвал та ямар хариулт хэлэх вэ?

-Цахим үйлчилгээг нэвтрүүлэх болсон бас нэгэн шалтгаан нь энэ л дээ. Манай эмнэлгийн гадаа өвөл, зунгүй хонох шахам дугаарлаж зогсдог үйлчлүүлэгчдийнхээ нөхцөл байдалтай танилцах гээд би өөрөө хүртэл гадаа хамт дугаарлаж зогсоод хонож үзэж байсан. Зарим хүн халуун савтай цайгаа бариад машиндаа хонодог. Даардаг, зутардаг. Оройн цагаар өөрийгөө ингэж эрсдэлд оруулан байж дугаарлаад, өглөө нь хэн хүчтэй, чадалтай нь урдуур нь ороод дугаарыг нь авдаг байдал ажиглагдсан. Энэ нь биднийг арга барилаа өөрчлөхгүй бол болохгүй нь ээ гэсэн шийдэлд хүргэсэн. Цахим үйлчилгээ маань энэ бүхнийг засах гэсэн бас нэгэн шийдэл юм. Яах ч аргагүй хүртээмжийн асуудлаас шалтгаалж, иргэдийн дунд хүлээгдэл, чирэгдэл үүсч байгаа зүйл бий. 

-Улсын эмнэлэгт үзүүлэх бас нэгэн шалтгаан нь даатгалын хөнгөлөлттэй холбоотой байдаг байх?

-Эрүүл мэндийн даатгалын сангаас үзүүлж буй үнийн хөнгөлөлт зайлшүй нөлөөлдөг. Манай эмнэлэг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүждэг. 2020 оны хоёрдугаар сарын 1-нийг хүртэл нэг иргэнээс 32 мянган төгрөгийн  хөнгөлөлт үзүүлдэг байсан. Үүнийг жилээр нь тооцоход бас багагүй тоо гардаг байсан. Харин энэ оны хоёрдугаар сарын 1-нээс Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт нэмэгдээд, нэг иргэнд 68 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлдэг болсон. Өөрөөр хэлбэл, мөнгөн дүн нь нэмэгдсэн гэсэн үг. Энэ нь иргэд шүдний төвд хандаж  үзүүлэх  бас нэгэн шалтгаан болсон. Дээрээс нь хувийн эмнэлэг үнэтэй, халдвар хамгаалалтын хувьд улсын эмнэлэг илүү найдвартай гэж үздэг хүмүүс байдаг. Тиймээс  иргэдийн дунд шүдний өвчлөл өндөр, шүдний цоорол 98 хувьтай, нэг хүний аманд 3-4 шүд өвчтэй байгаа энэ үед улсын эмнэлгүүд, ШЭНТ болон дүүргийн нэгдсэн эмнэлгийн шүдний кабинетууд дангаараа энэ асуудлыг шийдвэрлэж  чадахгүй байгаатай холбоотой. Гэхдээ бид нэг үеэ бодвол олон ажил санаачлаад, хэрэгжүүлж байна. Тухайлбал, “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийг батлуулж чадсан нь чухал ажил болсон.

-“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд  нийслэлд 97 эмнэлэг гэрээ байгуулсан байдаг. Хөтөлбөрийн хэрэгжилт, явц ямар байгаа бол?

-“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөр нь төр дангаараа шийдэж чадахгүй байгаа ажлыг хувийн эмнэлгүүдтэй хамтраад хийх боломжийг олгосон. Энэ хүрээнд 150 гаруй эмнэлэг хамтын ажиллагааны гэрээтэй үзлэг оношлогоо, эмчилгээгээ хийгээд, нэг хүүхдээс 60 мянган төгрөгийн  даатгалын хөнгөлөлт үзүүлээд явж байгаа. Ямар ч байсан таван жилийн хугацаанд хэрэгжих энэ хөтөлбөр шүдний өвчлөлөөс болж хамар гүйлсэн булчирхайн өвчнүүд, амьсгалын замын өвчин, чихрийн шижин,  чих хамар хоолойн өвчин үүсдэг гэдгийг төр, засгийн удирдлагуудад ойлгуулж чадсан. Мэдээж, COVID-19-ийн халдварын тархалтаас үүдэн хөтөлбөрийн хэрэгжилтэд сөргөөр нөлөөлсөн зүйл бий. Ямартай ч одоо хичээл сургууль эхэлсэн энэ үед ажлаа шахаад явъя гээд ЭМЯ дээр салбарын эмч нар хуралдаад, зөвлөлдсөн. Мөн энэ ажлын хүрээнд өвдсөн хойно нь амны хөндийг эрүүлжүүлэх бус өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлье. Олон нийтэд мэдээлэл сурталчилгаа, заавар зөвлөмжийг нь өгч ажиллая. Шүд, эрүү нүүрний төв болон дүүргийн эмнэлгүүдийн шүдний кабинетуудад тулгамдсан ямар асуудал байна, хэрхэн шийдвэрлэх вэ гэдгийг хэлэлцсэн. Тиймээс энэ хөтөлбөр эрчимжээд, үр дүнгээ өгөх байх.

-Хөтөлбөрийн үр дүн танай төвд хүүхдүүдийн шүдний өвчөл буурахаас эхлээд үр дүнгээ өгч байна уу?

-Саяхан бид энэ асуудал дээр анализ хийж үзсэн. Гэтэл манайхыг зорих 0-18 хүртэлх насны хүүхдүүдийн тоо 2018 онтой харьцуулахад буурсан мэдээлэл гарсан байсан. Энэ нь хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой гэхээс илүү хүүхдийн шүдний өвчлөл тодорхой хэмжээгээр буурчээ гэж харж байгаа.

-Шүдний төв зургаан давхар шинэ байртай болоод хоёр жил болж байна. Үзлэгийн төрөл, үйлчлүүлэгчдийн ачаалал гээд олон зүйл өөрчлөгдсөн байх? 

-Нийслэлийн шүд, эрүү нүүрний төв жилд 100-120 мянган хүнд үйлчилдэг. Үүнийг 3.5 сая хүн амтайгаа харьцуулахад багагүй ачаалал үүрдэг. Үйлчлүүлэгчдийн 50-60 хувийг сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд эзэлдэг. Өдөрт үзүүлсэн, зөвлөгөө авсан, давтан үзлэгт хамрагдсан хүний тоо 350-400 байдаг. Үзлэгийн дугаар авч үйлчлүүлсэн, шүдний цоорол эмчлүүлсэн, ломбо тавиулсан, сувгийн эмчилгээ хийлгэсэн хүний тоо дундажаар 100 орчим байдаг. Бусад үйлчилгээ буюу 60-80 орчим хүн шүдээ авахуулсан байдаг. Үлдсэн хүмүүс нь нүүр амны согог, хиймэл шүд хийлгэх, нүүр амны гажиг заслын тусламж үйлчилгээ, зөвлөгөө мэдээлэл авдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнууд дугааргүй үйлчлүүлдэг. Дээрээс нь яаралтай эмчилгээ шаардлагатай, шүд нь өвдсөн, хавдсан амбулаторийн үзлэгийн хүмүүсээ авдаг. Үүн дээр аль нэг сургууль, цэцэрлэг дээр очиж урьдчилан сэргийлэх үзлэг хийх, мэдээлэл сурталчилгаа хийх, үзлэгүүд хамрагддаг.  Цахим бүртгэлээр бид 100 хүнийг хүлээн авч үзлэгийн цаг өгдөг. Шүд, эрүү нүүрний төвийн эмч нар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаад өдөрт 100 хүнд үйлчлэх хүчин чадалтай. Цахим бүртгэлд хамрагдах боломжгүй, интернэт орчинд ажиллах боломжгүй ахмад настнуудыг тусгай өдөр гаргаж, үзлэг хийх ажлыг төлөвлөөд ажиллаж байна. Саяхан бид “Ахмадын өдөрлөг”-ийг зохион байгуулсан.

-Танайх харьяалал харгалзахгүй үздэг байх аа?

-Манайх Нийслэлийн шүд, эрүү нүүрийн төв гэсэн тодотголтой боловч хөдөө орон нутгаас 13А маягттай ирээд үзүүлэхэд нээлттэй байдаг. Мөн эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлсөн иргэдэд хороо, дүүрэг харгалзахгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Цахим бүртгэлд хамрагдаж чадахгүй байна гэсэн гомдол нь өнөөх л эмнэлгийн хүртээмжийн асуудалтай холбоотой. Энэ асуудлыг эмнэлгийн орон тоо, эмч нарынхаа хүчин чадлыг нэмэгдүүлж байж л шийдвэрлэх боломжтой. Нөгөөтэйгүүр, нийслэлийн хэмжээнд 334 шүдний эмнэлэг тусгай зөвшөөрлөө аваад үйл ажиллагаа явуулж байна гэсэн тоон мэдээллийг энэ онд гаргасан байсан. Эдгээр эмнэлэг нь эмч нар болон эмнэлгийн тоног төхөөрөмж, стандарт шаардлага гэсэн үзүүлэлтүүдийг хангаад  сонгон шалгаруулалтад  тэнцсэн гэсэн үг. Тиймээс энэ эмнэлгүүдэд ЭМДС-гаас санхүүжилтийг нь өгөөд, эмчилгээ үйлчилгээ явуулахаар судалж байгаа юм байна лээ. Энэ мэтчилэн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтраад ажиллавал олон асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж харж байгаа.

-Тоног төхөөрөмжийн шинэчлэл хэр хийж байна. Тулгамдаж байгаа асуудал  юу байгаа вэ?

-Сүүлийн үед бид эрс нэмэгдэж буй буйлны үрэвслийн тулгуур эдийн эмчилгээний кабинетыг нээсэн. Хувийн байгууллагуудад хандаж, кабинетаа тохижуулсан. Гэтэл эрүүний дэлгэмэл зураг авах зориулалтын аппарат хэрэгсэл дутагдсан. Энэ аппаратаа олон улсын тусламжийн байгууллагын шугамаар авах гэтэл хил гаалиар нэвтрүүлэх зөвшөөрөл нь саатаад гацчихсан байгаа. Ямартай ч энэ асуудал удахгүй шийдэгдэх байх гэж бодож байна. Энэ аппаратыг авахаар бид олон жил хөөцөлдөж ярьж байгаа. Нэг үеэ бодвол шүдний төв маань өөрийн гэсэн зургаан давхар байртай боллоо. 2015 оноос хойш тоног төхөөрөмжүүдээ шинэчилсээр байна. Эмчилгээнийхээ тусламж үйлчилгээний төрлийг нэмсэн. Төсөв, хөрөнгө оруулалтуудаа татаж чадсан. Эмч нарынхаа ур чадварыг сайжруулахад анхаарч байна. Ирэх өдрүүдийг бас өөдрөгөөр харж байгаа.

-Шүд, эрүү  нүүрний төв бол төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг.  Онцлох эмчилгээ үйлчилгээнээсээ дурдаач? 

-Шүд, эрүү нүүрний төвийн удирдлагын баг, эмч нар маань хоёр зүйл дээр төвлөрч ажиллаж байна. Амьжиргааны түвшин доогуур, хагас өнчин, бүтэн өнчин хүүхдүүдийг эмчилгээ, үйлчилгээнд хамруулах зорилгоор “Өнөр бүл” төвийн дэргэд  шүдний кабинет байгуулан ажиллаж байна. Энэ ажлыг Хүүхэд, гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төвийн захирал Б.Өлзийсүрэн хариуцан ажилладаг. Харин бидний санаачлан хэрэгжүүлж буй энэ ажилд тусгай зөвшөөрөл авсан байх ёстой гэсэн асуудал тулгарч буй. Тиймээс төр, засаг холбогдох байгууллагууд энэ ажилд холбогдох зохицуулалтыг хийж өгөөсэй гэж хүсч байгаа. Хоёрдугаарт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амны хөндийн асуудлыг даруйхан шийдвэрлэхгүй бол энэ асуудал орхигдоод байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд зайлшгүй нэг хүний асаргаа сувилгаа шаардагддаг. Гэр бүлээрээ ядууралд өртдөг гээд олон эрсдэлтэй байдал үүсдэг учраас бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх хоёр кабинетыг нээн ажиллуулж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх хоёр эмч, нэг сувилагчийг Тайвань улсад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулж, мэргэшүүлсэн байгаа. Тиймээс бидний ажил алхам алхмаар урашилж л байна. Мэдээж, асуудал ярьвал хаа хаанаа байна. Гэсэн ч бидний зүгээс эдгээр ажлаа илүү өргөн хүрээнд хөгжүүлж авч явахыг хичээж байна. Мөн тулгамдаад буй олон асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх вэ гээд өөрсдийнхөө нөөц боломжийг дайчлан ажиллаж байна.

-Орчин үед шүдний эмчилгээнд олон шинэ технологи нэвтрээд байна. Холливуд смайл буюу шүдний бүрээс эмчилгээ, авагддаггүй шүдэлбэр, шүдний имплант суулгуулах гээд иргэд олон шинэ үйлчилгээг сонирхдог болсон байна. ШЭНТ-д сүүлийн үед  ямар шинэ ажлууд хийж байгааг сонирхуулаач?

-Таны хэлж буй гоо сайхны эмчилгээ буюу гажиг заслын эмчилгээ үйлчилгээг бид хийж байгаа. 2020 онд шүдний тулгуур эдийн кабинет, имплант төвийнхөө кабинетыг нээхээр ажиллаж байна. Одоогоор нэн шаардлагатай зарим аппарат хэрэгсэл, тоног төхөөрөмж нь хараахан орж ирээгүй байна. Энэ ажил жигдэрвэл үйл ажиллагаанууд илүү эрчтэй явна. Бэлтгэл ажил хангагдсан. Гэхдээ бидний зүгээс зөвлөхөд ямар ч үнэтэй үйлчилгээнүүд хүний төрөлхийн шүдийг орлож чаддаггүй учраас шүдээ эрүүл дээр нь эмчлүүлж, үзлэгт хамрагдаж, зөвлөгөө мэдээлэл авч байгаарай. Гэр бүлдээ эрүүл амьдрах зөв дадлыг суулгаарай. Хэрэв ингэж чадвал та шүдний өвчлөлөөс 60-70 хувь урьдчилан сэргийлж чадна. Шүдний өвчнөөс урьдчилан сэргийлж болдог юм шүү гэж зөвлөдөг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.10.22 ПҮРЭВ № 204 (6429)