Б.ОД

Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Г.Хонгор, Б.Дэмбэрэл нар ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинд хандаж өргөдөл бичсэн талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Г.Хонгор “Баянзүрх дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт орших ОХУ-ын ЭСЯ-ны харьяа сургуулийн 1-12 ангийн нийт 500 орчим монгол  хүүхэд, тэдгээрийн эрх ашгийг төлөөлж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд өргөдөл бичсэн. Учир нь ОХУ-ын Төрийн Думаас Боловсролын тухай хуулиндаа энэ оны гуравдугаар сард нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүгээр гадаадын орнуудад байдаг ОХУ-ын ЭСЯ-ны дэргэдэх 86 сургуульд сурч байгаа харьяалалгүй болон гадаадын иргэн-сурагч нарыг ерөнхий боловсролын сургалтын төлбөрөөс чөлөөлөх хууль наймдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Гэтэл орос хэл сурч байгаа манай улсын сурагчдад энэ хууль үйлчилсэнгүй. Тиймээс  ОХУ-ын ЭСЯ-ны харьяа Монгол дахь  сургуульд сурч байгаа монгол хүүхдүүдийн сурч боловсрох эрх зөрчигдсөнд анхаарлаа хандуулахыг В.Путинд уламжиллаа. Миний өргөдлийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газраас хүлээн авч, шийдвэрлэхээр болсон гэсэн хариу ирсэн. Тиймээс Монголын талаас сурагчдынхаа эрх ашгийг хамгаалахтай холбоотой асуудлыг ОХУ-тай хамтран шийдвэрлэх саналыг Гадаад харилцааны сайд Н.Энхтайванд хүргэж байна” гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn