С.САРУУЛ

 Сүүлийн хоёр өдөрт  баруун болон зүүн, говийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, цаг агаарын аюулт үзэгдлийн хэмжээнд хүрснийг анхааруулсан. Цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор Улаанбаатар хотоос Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Ховд чиглэлийн орон нутгийн зарим чиглэлийн замыг түр хязгаарлаад байгаа юм. Тэгвэл хүчтэй салхи шуурганы үеэр Завхан аймагт гурав, Дундговь аймагт 25, Өвөрхангай аймагт тав, Өмнөговь аймагт гурав, нийт 36 иргэн малдаа яваад төөрсөн, сураггүй болсон тухай дуудлага Онцгой байдлын байгууллагад иржээ. Малчдыг онцгой байдлын алба хаагчид эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна. Мөн өчигдөр нийслэлийн Чингэлтэй дүүрэгт самар түүж явсан гурван иргэний нэг нь төөрч сураггүй болсныг олсон байна.

Эх сурвалж: www.polit.mn