Шинэ “амт” The raisins & Nuts

0
хуваалцах
352
үзсэн

Б.ДОЛЖИНЖАВ

 

Олон үзэгчийг зурагтны өмнө уяж, уйлуулж, огшоож, догдлуулж чаддаг “The Voice of Mongolia” шоуны шилдэг таван оролцогч нэгдэн “The Raisins&Nuts” буюу “The R&N” хамтлагийг байгуулжээ.  Энэ хамтлаг Cbass, Daniel, B2, Chilli, Markyz гэсэн таван гишүүнтэй. Анхны уран бүтээл “So Long” дуугаа  энэ сарын 18-нд сонсогчдын хүртээл болгосон юм. Бидний сайн мэдэх  анхны “The Voice of Mongolia”-гийн шилдэг оролцогч Б.Өсөхбаяр хамтлагийн  ахлагч юм байна. Тэрээр “Хоёр жилийн өмнөөс хамтлаг байгуулах талаар бодож  эхэлсэн. Харин дөрөвдүгээр сарын 4-нд хамтлагаа албан ёсоор байгуулсан. Зургадугаар сараас эхлэн Б.Наранзун ахтай хамтран ажиллаж,  хоёр хоногийн өмнө анхны уран бүтээлээ цацлаа” гэж ярилаа. Түүний тайзны нэр нь Daniel юм.

Хамтлагийн продюссер хөгжмийн зохиолч Б.Наранзун  “Хоёр жилийн өмнө “The Voice of Mongolia” шоу үзэгчдийн хүртээл болж байсан. Энэ гайхалтай шоунд амжилттай оролцсон шилдэг оролцогчид дөрвөн сарын өмнө надад хандаж хамтлаг байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Шинэ уран бүтээл хийх хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдсөн эрч хүчтэй байдлыг нь анзаарсан. Тиймээс шинэ залуусын цус Монголын урлагийн салбарт хэрэгтэй байна гэж бодон хамтлагаа байгуулсан. Хүмүүс өөр  өөр амтанд дуртай. Зарим нь давстай самарт дуртай байхад зарим нь чихэрлэг зүйлд дуртай. Тиймээс хамтлагийн гишүүдийн зан чанар, өнгө аястай уялдуулж “The Raisins and Nuts” нэрийг өгсөн” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.10.21 ЛХАГВА № 203 (6428)