1991.10.20: Их цаазын төслийг БНМАУ-ын Ардын Их Хуралд өргөн мэдүүлжээ

0
хуваалцах
324
үзсэн

Д.АРИУН 

1991 оны аравдугаар сарын 20-нд БНМАУ-ын Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах комиссоос Улсын Бага Хурал /УБХ/-д оруулсан Монгол Улсын Их цаазын төслийг УБХ чуулганаараа хэлэлцээд зохих нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулж, улмаар тогтоол гарган, БНМАУ-ын Ардын Их Хуралд эцэслэн хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлж байжээ. Энэ талаар ардчилсан Үндсэн хуулийн эх баригч, нэрт хуульч Б.Чимид “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс” /2006/ номдоо “Их цаазын төслийг ард нийтээр хэлэлцүүлсэн дүн, Их цаазын төслийн эцсийн хувилбарын тухай (илтгэлийг) БНМАУ-ын Ардын Их Хурал /АИХ/-д илтгэгч нь БНМАУ-ын Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн төслийг боловсруулах ажлыг зохион байгуулах комиссын дарга Пунсалмаагийн Очирбат байхыг мөн тогтоолд тодотгож заасан байна. Их цаазын төслийг гурван сар шахам хугацаанд (сонин хэвлэл, радио, телевиз, хурал цуглаан, нутгийн хурлын чуулган ... зэрэг аль боломжит хэлбэрээр) ард нийтээр чөлөөтэй хэлэлцүүлсэн. Энэ хэлэлцүүлэг “за”, “үгүй” , эсхүл “зөвшөөрнө” “зөвшөөрөхгүй” гэж санал өгдөг ард нийтийн санал асуулга биш, харин төсөлд ямар санааг нэмж оруулах, ямрыг нь өөрчлөх, хасах гэхчилэнгээр нийтийн санаа бодлыг тандах хэлэлцүүлэг байв. Уг хэлэлцүүлэгт тэр үеийн 1,2 сая сонгогчдын 75 орчим хувь буюу 900 мянга гаруй хүн оролцож давхардсан тоогоор 200.000 гаруй санал гаргажээ. Тэдгээр саналыг аймаг, яам тусгай газрын хэмжээнд судлан цэгцэлж урсгал ажил хэргийн (ганц нэг удаагийн) чанартай саналыг тэндээ шийдвэрлэхээр авч үлдээд, «төсөлтэй шууд холбогдох»-ыг нь Комисст ирүүлсэн байдаг. Дагнан эрхэлсэн хүн томилж сонин хэвлэлд нийтлэгдсэн санал, шүүмжийг түүвэрлэн нэгтгээд уншин судалж, нийт саналд нэгтэн хамтатгаж байжээ. Эцэст нь нийт саналыг цахим тоолуурт оруулан бүлэглэж, ажлын хэсгүүд комиссын хяналт, өвлөмжийн доор Үндсэн хуулийн төсөлд тусгах, салбар хуулиудад тусгах, ажил хэрэгт харгалзах, орхих буюу үлдээх гэх зэргээр ангилж нэгд нэгэнгүй шүүн тунгааж ажиллажээ. Улсын Комисс энэ ажилд 90 орчим ажилтан, мэргэжилтэн татан оролцуулсан ажлын хэсгүүд байгуулж хэдэн сар ажиллуулсан юм. Ард түмнээр хэлэлцүүлсэн дүн, саналыг хэрхэн гаргасан тухай Комисс нэгтгэн дүгнэж Улсын Бага хурал, улмаар АИХ -д илтгэсэн” гэж бичиж үлдээжээ.

Эх сурвалж: www.polit.mn