С.САРУУЛ

 “Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл УИХ-ын 2020 оны намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэх гэж байна.

Шинжлэх ухааны академийн  эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж нь зөвхөн ШУА төдийгүй Монголын нийт шинжлэх ухааны байгууллагууд, судалгааны их сургуулийн эрх ашгийг шууд хөндөж байна хэмээн эрдмийн сургуулийн хамт олон үзэж эсэргүүцэж байгаа аж.

Шинжлэх ухааны хараат бус бие даасан байдал, мерит зарчим, шударга өрсөлдөөн, улс орны өмнө тулгамдсан асуудлыг шинжлэх ухаанчаар шийдвэрлэх, инноваци, шинэ технологийг нэвтрүүлэх, хуулийн өмнө тэгш байх нь Монголын шинжлэх ухаан, дээд боловсролын хөгжлийн гарц хэмээн МУИС-ийн эрдэмтэн багш, судлаачид үзэж байгаа аж.

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй ШУА-ийн эрх зүйн байдлын тухай хууль болон Улсын Их Хуралд өргөн барьсан тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь нэг байгууллагад зориулагдсаны зэрэгцээ шинжлэх ухааны тогтолцоонд монопольчлол, үндэслэлгүй давуу байдлыг бий болгоход чиглэсэн. Мөн шинжлэх ухааны чөлөөт өрсөлдөөн, бие даасан, хараат бус байдал, академик эрх чөлөөг боомилсон, байгууллагын дотоод дүрэм, журам, хэргэм зэргийг хуульчилж шинжлэх ухааны бусад оролцогчид болон нийгэмд тулган хүлээлгэх оролдлого гэж  үзэж байна хэмээн эрдэмтэд мэдэгдлээ. Энэхүү хуулийн төсөл нь Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндсэн хуулийн 3 заалт, 6 хуулийн 13 заалт, бодлогын 3 баримт бичгийн 6 заалт, нийтээр даган мөрдөх 2 дүрэм, журмын 5 заалттай зөрчилдөж байгаа юм. Үүнээс үзэхэд дурдсан хууль, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл нь олон нийт, оролцогч талуудын саналыг тусгаагүй, зөрчилтэй, үндэслэл муутай дутуу боловсруулагдсан хэмээн уриалга гаргажээ.

Эх сурвалж: www.polit.mn