Т.САЙХАН

Аймаг, нийслэл, сум дүүргийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч (ИХТ)-ийг сонгох сонгуулийн санал хураалт өчигдөр (10.15) болж, урьдчилсан байдлаар дүнгээ танилцуулаад байна.  АН Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Увс, Хөвсгөл зэрэг 10 аймагт олонхийн төлөөлөл болжээ.  Харин нийслэлд  МАН олонх боллоо.  Өөрөөр хэлбэл, эрх барьж буй МАН-д орон нутгийн иргэд эргэлзэж эхэлснийг харуулав. 

Улсын хэмжээнд орон нутгийн сонгуулийн 8169 суудлын төлөө 17161 нэр дэвшигч зургаан нам, нэг эвслээс өрсөлдлөө. Сонгуульд нийт 16 тэрбум төгрөг зарцуулсан юм.

Мөн энэ удаагийн сонгууль хамгийн бохир болж, өндөрлөлөө. Мөнгө тараасан, хүний амь эрсэдсэн, санал тоолох хар машиныг хакердах яриаг нэр дэвшигч өрнүүлсэн, сонгогч саналаа хоёр дахь удаагаа өгөх гэж байгаад баригдсан, бөглөсөн саналын хуудсыг сонгогчдод өгсөн гээд тоочвол эрүүгийн шинжтэй гэмт хэрэг олноор үйлдэгдлээ.

Цагдаагийн байгууллагад Сонгуулийн хууль зөрчсөн тухай нийт 369 гомдол мэдээлэл ирсний 23-ыг Тагнуулын ерөнхий газарт шилжүүлсэн бол мөн найман хэргийг гэмт хэргийн шинжтэй гэж үзэн, шалгаж байна. Харин 331 гомдол мэдээлэлд Зөрчлийн хэрэг нээн, шалгаж эхэлжээ.  

Эх сурвалж:www.polit.mn