“Хүүхдийн сэтгэхүйг гүйцнэ гэдэг том даваа”

0
хуваалцах
1960
үзсэн

Б.ОЮУНЗУЛ

 

 “Дона” хүүхдийн театрыг үүсгэн байгуулагч О.Долгорсүрэнтэй ярилцлаа.

 

-Таныг манай уншигчид “Унагалдай мухлаг” нэвтрүүлгээр сайн мэднэ. Энэ нэвтрүүлгийг хэзээ хөтөлж эхэлсэн бэ?

-Тийм ээ. Энэ нэвтрүүлгээр олонд танигдсан гэж хэлж болно. Би 2007 онд Радио телевизийн дээд сургуулийг найруулагч, жүжигчин мэргэжлээр төгссөн. Төгсөөд “C1” телевизийн “Унагалдай мухлаг” хүүхдийн нэвтрүүлгийн найруулагчаар ажиллаж эхэлсэн. 2012 он хүртэл тус нэвтрүүлгийн найруулагчаар ажилласан. Одоо хүүхдэд чиглэсэн кино дэлгэцийн уран бүтээлд анхаарлаа хандуулаад ажиллаж байна.

-Ямар кинон дээр ажиллаж байсан бэ?

-2017 онд анхны кино “Хазаар цэцэгсийн дуулал”  олон ангит киноны туслах найруулагчаар ажиллаж байсан. Мөн өнгөрсөн жил “Зориг” киноны менежерээр ажилласан. Ер нь бол дууны дүрс, реклам, богино хэмжээний кинонд найруулагчаар ажилладаг. Яг найруулагч хүнийхээ хувьд бие даасан уран бүтээлд зориглоод орж чадахгүй байна. Би өөртөө их өндөр шалгуур тавьдаг. Ямар нэг зүйлийг хийхдээ төгс хийхийг хичээдэг. Миний төгс биш уран бүтээлээс болж найруулагчдын маань үнэлэмж буураасай гэж хүсэхгүй байна. Тиймээс өөртөө тавьсан шалгуураа давж байж кино хийнэ.

-“Унагалдайн мухлаг” нэвтрүүлгийн найруулагчаас гадна хөтлөгч хийж байсан. Энэ талаар?

-Сургуулиа төгсөөд “Өнгөт инээд” продакшнд хэсэг дагалдан хийж байсан. Тэгээд хүүхдийн нэвтрүүлгээ хөтөлж эхэлсэн. Ер нь “Унагалдайн мухлаг”-тай холбоотой дурсамжууд их гоё байдаг. Тэр үед манай нэвтрүүлэг хүүхдүүдийн үзэх дуртай нэвтрүүлэг байсан. Хүүхэдтэй холбоотой юм бүхэн гэгээн тунгалаг байдаг. Тэр ч утгаараа энэ нэвтрүүлэгт ажилласан хором мөч бүхэн маань сайхан дурсамжаар баялаг байдаг юм. Хөтлөгч хийхээс илүү найруулагчаар ажиллах нь надад таалагдаж байсан. “C1” телевизийн хүүхдийн алба хүүхдэд хандсан нэвтрүүлэг хийдэг талтай. Намайг орохоос өмнө энэ нэвтрүүлэг маань хийгдээд сар гаруй болж байсан. Бэлэн санаагаа олсон нэтрүүлэг дээр очсон болохоор цааш нь яаж авч явах, ямар зүйл үзүүлэх тал дээр түлхүү ажилласан.

-Хүүхдүүд тантай таараад юу гэдэг байв?

-Гадуур явахдаа их сэтгэл хангалуун байдаг байсан. Хүүхдүүд сайн уу эгчээ. Манай Унагалдайн найз охин явж байна. Унагалдай сайн уу. Та нээрээ найз охин нь юм уу гэж олон зүйлийг асуудаг. Хүүхдийн ертөнц бол гэгээн ямар ч хар зүйлгүй байдгаараа онцлог. Хүүхдүүд унагалдайг байдаг гэдэгт итгэдэг. Энэ нь манай нэвтрүүлгийн хамт олон цаашдаа илүү сайн ажиллах, хүүхдүүдийн итгэлийг алдахгүй байхад их нөлөөлдөг байсан.

-“Дона хүүхдийн театр”-ыг хэзээ байгуулсан юм бэ?

-Манай театр 2018 онд байгуулагдсан. Би урлагийн хүн болохоор кино зураг авалтад яваад идэвхтэй сайн ажиллуулж чадаагүй. Өнгөрсөн наймдугаар сараас хойш үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна. Энэ сургалт нь хүүхдэд жүжигчин хөтлөгчийн анхан шатны мэдлэг олгох сургалт байгаа. Хүмүүс хөтлөгч, жүжигчин болох гэж дөрөв таван жил болдог. Гэтэл зарим нь энэ мэргэжлээр ажиллахын тулд нэг сургалтад суугаад л болчихдог гэсэн өрөөсгөл ойлголттой байдаг. Энэ буруу ойлголтыг засахын тулд би дугуйлангаа ажиллуулдаг. Хүүхдүүд чин сэтгэлээсээ жүжигчин, хөтлөгч болохыг хүсч байвал эхлээд мэргэжлийнхээ онцлогийг мэддэг байх хэрэгтэй. Мөн ямар нэгэн рекламын зураг авалт болоход хүүхэд оруулахаар тухайн сурталчилгаанд яаж тоглох учраа олдоггүй. Тиймээс энэ талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй хүүхдүүдийг бий болгохыг хичээн ажиллаж байна.

-Яагаад “Дона” гэж нэрлэх болсон бэ? 

-Би алс холынхоо мөрөөдлийг бодож ингэж нэрлэсэн. Би театрт хайртай, ирээдүйд өөрийн гэсэн жижигхэн ч хамаагүй хүүхдийн театртай болохыг хүсдэг. Хэзээ нэгэн өдөр энэ мөрөөдлөө биелүүлэхийн тулд “Дона” гэж нэрлэсэн. Хүмүүс энэ нэрийг сонсоод хүүхдийн театрыг төсөөлдөг. Гэвч энэ маань сургалтын төв яваандаа харин театр болгоно гэж боддог. Уран бүтээлийн гараагаа хүүхдийн бүтээлээр эхэлсэн болохоор энэ төрлөөс холдож чаддаггүй. Хаана ямар хүүхдийн арга хэмжээ болно тэнд би байж л байдаг. Хүүхдүүддээ зориулаад жүжиглэж дуу дуулж өгөөд л байж байдаг. Өөр ажил хийж байсан ч хажуугаар нь энэ хүүхдэд хандсан үйл ажиллагаагаа орхигдуулдаггүй.

-Та томчуудад зориулсан кино болон хүүхдийн уран бүтээл дээр нь ажилладаг. Энэ хоёрын ялгаа ?

-Ер нь бол их ялгаатай. Хүмүүс бодохдоо хүүхдийн кино нэвтрүүлэг гэхээр нээх их ач холбогдол өгдөггүй. Гэвч энэ нь буруу тэр таны тоогоогүй зүйлийг үзэж таны хүүхэд хүмүүжлээ олж авдаг. Тиймээс хүүхдэд зориулсан уран бүтээл бүр хамгийн өндөр түвшинд дээд зэргийн чанартай хийх ёстой. Гэтэл уран бүтээлчид маань үүнийг анзаарахгүй томчуудад зориулсан уран бүтээлд илүү их ач холбогдол өгч хамаг мөнгөө зарцуулдаг нь харамсалтай санагддаг. Хүүхдийн уран бүтээл мөн их ажиллагаатай бүтдэг үүнийг хүмүүс анзаардаггүй. Өнгө, үг хэллэг, дүрс гэх мэт бүх зүйлд анхаарч байж хүүхдийн сонирхлыг татдаг. Мөн сүүлийн үед хүүхдүүдийн сэтгэхүй их өөр болсон. Аливаа юмыг мэдрэх тухайн зүйлээс хүртэх зүйл нь хүртэл өөр болсон. Тиймээс энэ бүх өөрчлөлтөд нийцсэн хүүхдийн анхаарлыг татах уран бүтээл хийнэ  гэдэг хүнд даваа болж байна. Хүүхдийн сэтгэхүйг гүйцэх нь томчууд бидний хувьд хүнд даваа болж байгаа. 

-Та хүүхдийн театртай болбол хамгийн түрүүнд ямар жүжиг тавих вэ?

-Миний мөрөөдөл биелбэл “Баавгай дуулах уу” хүүхдийн жүжгийн хамгийн түрүүнд тайзан дээрээ амилуулна. Оюутан байхад н.Доржням багш манай ангийнхнаар энэ жүжгийг тоглуулж байсан. Тухайн үедээ бид хүүхдийн жүжиг тоглууллаа гэж үл тоож байсан ч судалгаа хийгээд энэ жүжгийн дотор нь ороод мэдрээд үзэхэд ямар гоё жүжиг вэ гэдгийг мэдэрсэн. Хүүхдэд хандсан ямар их зүйл харуулдгийг мэдэрсэн. Ойн амьтад дууны уралдаанд орох гээд бие биеэ хорлож байгаа үйл явдал гардаг. Тэр үйл явдлууд хүүхдэд маш их сургамжийн өгдөг. Тиймээс энэ жүжгийг хүүхдэд таниулахыг хүсч байна.

-Манай оронд хүүхдэд зориулсан ном зохиол хэр их байдаг вэ?

-Энэ бол манай оронд ажиглагдаж байгаа хамгийн дутагдалтай зүйлийн нэг. Зохиолын хувьд байгаа. Гэхдээ хэтэрхий нэг талыг барьсан нэгэн хэвийн зохиолууд их байна. Шинэ үеийнхний сэтгэхүйд тохирсон бүтээл ховорхон байдаг. Тиймээс энэ тал руугаа анхаарал хандуулах хэрэгтэй гэж боддог. Орчуулгын зохиолууд нь үг хэллэг, найруулгын алдаатай байдагт сэтгэл дундуур байдаг. Хүүхдийн зохиол их гарвал хүүхдүүд ч гэсэн номонд дурлаж эхэлнэ шүү дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.10.16 бААСАН № 200 (6425)