С.САРУУЛ

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нэр дэвшигч  өчигдөр буюу 2020 оны аравдугаар сарын 14-нд архидан согтуурч, тус тойрогт бие даан нэр дэвшигчийг автомашинаар дайрч амь насыг нь хөнөөсөн гэх мэдээлэл цацагдаад байгаа юм. Тэгвэл үүнтэй холбоотойгоор ЦЕГ-аас тайлбар өглөө. ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Сонгуульд нэр дэвшигчид нэгнийхээ аминд хүрсэн нь ташаа мэдээлэл. Өчигдөр 15:10 цагт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт иргэнийг автомашинаар мөргөж амь насыг нь хохироолоо гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Мэдээллийн дагуу сумын цагдаагийн хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Урьдчилсан байдлаар, 40 настай Б гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, ухрах үйлдэл хийхдээ иргэн М-ийг мөргөж амь насыг нь хохироосон нөхцөл байдал тогтоогдсон. Амь нас нь хохирсон  М нь Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан гэх мэдээлэл байгаа. Хэрэгт холбогдуулан шалгагдаж байгаа этгээд нь тухайн иргэнтэй найз нөхдийн холбоотой төдийгүй сонгуулийн сурталчилгаанд нь ажиллаж байсан хүн” гэв.

Эх сурвалж: www.polit.mn