Ч.Зотол 

Сонгинохайрхан дүүрэгт  мөнгө тарааж байгаа Ардын намын хүмүүсийн араас  мөшгиж дроноор бичлэг хийсэн МАХН-ын ажиглагч нарыг цагдаагийнхан саатуулж, хорьжээ. Яагаад саатуулснаа цагдаагийнхан “Авто машины бүрэн бүтэн байдлын үзлэг шалгалт” гэж тайлбарлаж байна. Ажиглагч иргэдийг   цагдаа  нар саатуулсан араар МАН-ынхны зүгээс   “МАХН-ын гишүүд мөнгө тараагаад цагдаад баригдсан” гэх тархи угаасан мэдээг тарааж байгаа юм байна.

Энэ мэдээллийг УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ  газар дээрээс нь лайв хийж нүүр номоороо дамжуулан мэдээлсэн юм. Тэрээр хэлэхдээ “Манай намынхан мөнгө тараагаад байгаа Ардын намынхныг хянаж, араас нь дрон нисгэж зураг авсан. Мөн гар утсаараа зураг авч баримтжуулсан. Гэтэл яг тэр мөнгө тарааж байгаа бичлэг, зургийг авсан хүнийг авчраад хорьчихлоо. Уг нь сонгуулийн хяналт шалгалт хийх, дрон нисгэж зураг авах  цагдаа нарын өөрсдийнх нь  хийх ажил, тэд  хяналт тавих үүрэгтэй. Бид цагдаа нарын ажилд тус болж хяналт тавьж, зураг авч бичлэг хийсэн. Цагдаа нар биднийг саатуулж байх хойгуур Ардын намынхан “Баясэлэнгэ мөнгө тараагаад баригдлаа” гэх мэтээр худал сенсац тарааж, сонгогч иргэдийн тархийг угааж байна” гэв.

Эх сурвалж: www.polit.mn