Ч.ЗОТОЛ

МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр

Сүхбаатар дүүргийн 28 дугаар тойргийн 8-1 хэсэгт саналаа өгөв. Энэ үеэр тухайн хэсгийн хорооны ирц 18 хувьтай байсан бөгөөд тэрээр сонгогчдыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа. Мөн сэтгүүлчдийн асуултад товч хариулт өглөө.

-НИТХ-ын сонгууль болж байна. Та сая саналаа өгөөд гарч ирлээ. Сонгуулийн явцыг та юу гэж  харж байна?

-Сонгогчид харьцангуй идэвхтэй байх шиг харагдаж байна. Би иргэд,  сонгогчдыг сонгуульдаа идэвхтэй оролцоосой. Бүгд  саналаа идэвхтэй өгөөсэй  гэж  бодож байна. Зарим оронд ардчиллыг хамгаалахын тулд, өөрийн сонгох, сонгогдох эрхийг хамгаалахын тулд, ард түмэн төр, засгийнхаа  эзэн мөн гэсэн зарчмыг хамгаалахын тулд тусгай хууль гарсан байдаг юм байна лээ. Тэр хуульд юу гэж бичсэн байдаг вэ гэвэл “Сонгогч болгон сонгуульд саналаа өгөх үүрэгтэй” гэсэн байдаг. Эрхтэй биш үүрэгтэй гэж тодотгосон байгаа юм. Тэгж байж хариуцлагатай төр засаг ард түмний сонголтын дагуу бүрдэнэ гэж үздэг. Харамсалтай нь манайхан УИХ-ын сонгуульд 70 хувь нь, орон нутагт түүнээс доогуур хувьтай оролцдог учраас үр дүн нь өөр гардаг. Саяын УИХ-ын сонгуульд 800 гаруй иргэн саналаа өгөөгүй. Иймээс цөөнх болсон, цөөн санал авсан нам нь төр, засгийн эрхийг авчихдаг. Нийт сонгогчдын 28 хувийн санал авсан Ардын нам  УИХ-д  62 суудал авсан.Сонгуульд оролцсон хүмүүсээр нь тооцох юм бол 44 хувийнх нь саналыг аваад 56 хувь нь саналаа өгөөгүй. Ийм байхад УИХ-ын суудлын 62-ыг авна гэдэг юу гэсэн үг болох вэ. Сонгогчид өөрсдөө сонгуулийн үр дүнг өөрсдийн шууд оролцоотой, эсвэл оролцоогүйгээр бий болгоод байна. Тиймээс одоо ард иргэд, ялангуяа залуучууд сонгуульдаа идэвхтэй оролцох хэрэгтэй. Санал өгөхөд  их хугацаа орохгүй. Ганц цаг л болох байх. Хүн ганцхан цагийг өөрийн сайн сайхан амьдралын төлөө,  та нарын төлөө зүтгэх  хариуцлагатай, хяналттай, хүчтэй төр засаг байлгахын төлөө, дарангуйллыг таслан зогсоохын төлөө, шат шатандаа нэг баг болж идэж байгаа явдлыг хянахын төлөө, хулгайгүй Монголыг бий болгохын төлөө, хулгайчгүй Монголыг бий болгохын төлөө, ЖДҮ-гүй Монголыг бий болгохын төлөө хүн бүр өөрийн чадах бүхнийг хийх ёстой. Түүний нэг нь ядахнаа  саналаа өгөх юм. Тийм учраас та бүхэн хичээгээрэй. Эрх баригчид та бүхнийг  санал битгий өгөөрэй, гэртээ байгаарай  гэж уриалж байгаа ч гэсэн би эсрэгээр нь сонгуульдаа идэвхтэй оролцоорой, та Монголын ирээдүйг аврагч шүү, эрх баригчид биш, та нийгмийнхээ аврагч шүү. Тиймээс та сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа өгч Монгол Улсаа сайн сайхан болгохын төлөө өөрийн бүх хүчин зүтгэлийг гаргаач, дайчлаач гэж уриалж байна.

Эх сурвалж: www.polit.mn