(Mongolian Modernity and Hybridity)

 

Урадын Э.Булаг

Их Британийн Кэмбрижийн их сургууль

 

 

Бэрхшээлийг үргэлж боломж дагалддаг. Өвөр Монгол дахь Монголчуудын эх хэлний түгшүүртэй байдлаас болж Монгол улс дахь Монголчууд Хятад дахь Монголчуудын хувь заяаг чин сэтгэлээсээ сонирхож эхлээд байна. Тэд бас сайн санаа (good will)-ны үүднээс хандаж байна. Энэ нь дэлхийн хамгийн том хоёр монгол нийгэмлэгийн түүхэнд урьд өмнө тохиолдож байгаагүй зүйл. Хэдийгээр Өвөр Монголчуудыг мах цусны тасархай хэмээн өрөвддѳг боловч тэр сайн санаа нь яг унэндээ тэднийг "алдагдсан ахан дүүс" гэж хүлээн авах хэмжээний бодит үйл хэрэгт хүргэж байгаагүй бөгөөд магадгүй цаашид ч тийм байх болно. Энэ бол хүн бүхний мэддэг юм шиг хэрнээ тун цөөхөн нь ойлгодог “парадокс” юм. Монголчуудын уг дотоод харилцааг ойлгохын төлөө миний бие тэртээ 1998 онд хэвлэгдсэн нэгэн бүтээлээ зориулсан бөгөөд энэ талаар сонирхож буй эрхэм уншигч та бүхэнд 2016 онд Монгол хэлнээ орчуулагдан гарсан "Монгол дахь үндэсний үзэл ба эрлийзжил" (Оксфорд 1998; МУИС Пресс 2016) номыг уншихыг санал болгож байна. Дор толилуулан буй богино эсээг уг бүтээлийн хураангуй гэж үзэж болох ч хоёр Монгол бүлэг (Ар болон Өвөр Монгол)-ийн хоорондох харилцааны асуудалд түлхүү хандсан гэдгийг энд мөн тэмдэглэе (эсээ нь 2004 онд Япон улсын Осака хотын Угсаатны зүйн үндэсний музейгаас эрхлэн гаргадаг сэтгүүлийн нэгэн дугаар (MINPAKU Anthropology Newsletter, Number 19/December 2004)-т нийтлэгдсэн). Энэ нь тэдний хоорондын харилцаа зарим хүмүүсийн итгэдэг эсвэл итгэхийг хүсдэг шиг тийм ч өөгүй (өв тэгш) биш гэдгийг сануулж магадгүй. Угтаа үүнийг гүнзгий сэтгэл хөдлөлд автсан харилцаа гэж хэлж болно. Хэрэв энэ сэтгэл хөдлөлийг зөв эс залбал эдүгээ өрнөж буй түгшүүрийн үрээр үүссэн харилцан бие биенээ гэх "сайн санаа" төд удалгүй сарниж, цаашид Монгол болон Өвөр Монголчуудад аль алинд нь улам их бэрхшээл дагуулж мэдэх юм.

 

“Монгол” гэдэг нэр уудам, тэнүүн хээр талаар хэрэн хэсэх нэгэн төрлийн нүүдэлчин ард түмний дүр төрхийг сэтгэлд ургуулдаг. Энэ нь сонин хачин зүйлтэй танилцахын хүслэн болсон олон улсын аялал жуулчлалыг урин дууддаг сэтгэл хөдөлгөм, амар тайван амьдралын хэв маягийг төлөөлөхийн сацуу сүүлийн жилүүдэд Америкчуудын олж аваад буй “Шинэ Монгол” нэрээр жишээлбэл[1] хэрцгийлэл үйлдсэн хэнд ч хамаатуулдаг дүр болох хүн төрлөхтнийг буруу зүйл хийсний төлөө гэсгээхийн тулд Бүхнийг бүтээгч (the Almighty) уяанаас нь сулладаг хамгийн харгис хүч гэдгийг илэрхийлэх нь ч бас бий. Дундад үедээ түгжигдсэн Монголчууд өөрсдийн болон гадаадын дорно дахинч төсөөллийн алиных нь ч хувьд орчин үеийн байх нь ховор билээ.

Орчин цагийн Монголчууд энэ байдлаа үгүйсгэх нь тэд нүүдэлчдийн зөн совингоор бус харин үндэсний үзэл, олон улсын геополитик болон бусад модернист яриа хэлэлцээ, практикаар тодорхойлогддог динамик арга маягаар орчин үежиж, амьдарч байгаа гэдгийг далдалж чадахгүй. Тиймээс орчин үеийн Монголын болон Монголчуудын талаарх аливаа судалгаа эдгээр томоохон асуудлыг байж болох бүхий л талаас нь үнэлж дүгнэх нь чухал юм. Монголын орчин үежил (modernity)-ийн байдлыг тайлбарлахын зэрэгцээ ерөнхий антропологи зэрэг нийгмийн шинжлэх ухааны салбаруудад Монголын кейсийг судалгааны эргэлтэд оруулах гэсэн хоёр зорилгод нийцнэ хэмээн найдаж энэ эсээнд онолд суурилсан шүүмжлэлт хандлагыг хэрэглэсэн болно.

Монголын орчин үежил нь түүхэн Монголыг Гадаад болон Дотоод (Өвөр) Монгол хэмээн хувааж, Гадаад Монгол тусгаар тогтнолоо олон, харин Буриад Монголыг Орос колончлож, Дотоод Монголыг Хятад хяналтандаа оруулсан гэх мэт Орос, Хятадын зүгээс бий болгосон тал нутгийн хуваагдал, Нармай Монгол үзэл (pan-Mongolism) хийгээд түүнийг эсэргүүцэгчдийн ой тойнд үлдсэн аюул зэргийн хүрээнд Монголчуудын ертөнц дэх Монгол бүлгүүдийг дахин шинээр тодорхойлон бүрэлдүүлснээр илэрдэг. Энэ нь нэг монгол нутгаас гадна Халх гэх нэг монгол бүлэгт онцгойлон олгосон Монгол ижилсэл (бусад Монгол бүлэг болон тэдний газар нутаг, ялангуяа Буриад, Өвөр Монгол дахь Монголчуудыг орхих байдлаар) -ийг бий болгосноор нотлогддог бөгөөд Бүгд Найрамдах Монгол Ард Улсад социалист монгол үндэстнийг бий болгох үйл явцаас эхтэй юм.

Социалист Монголд монгол бүлгүүдийг монгол үндэстний дэд бүлгүүд хэмээн хүлээн зөвшөөрөхийн оронд "угсаатны бүлэг" (ястан) гэж ангилан, олонхи, цөөнхөд хуваасан ба томъёолсон тэгшитгэлийн дагуу олонхийг Халхууд төлөөлж байжээ. Энэ үүднээс Халх бол Монгол, Монгол бол Халх, Халх биш бол Монгол биш, хэрэв Монгол болохыг хүсвэл эхлээд Халх болох ёстой гэдэг байв. Ийнхүү социалист Монгол нь Халх бус монгол бүлгүүдийг бүхэлд нь бага буюу Монгол биш гэхэд хүргэсэн. Ийм угсаатны шатлал бүхий Монголын шинэ эзэнт гүрэнд Халх нь орчин үежсэн хийгээд жинхэнэ (хүлээн зөвшөөрөгдөхүйц) байдлыг төлөөлөх бөгөөд тэд Монголын түүх, Монгол нутгаа хамгаалагч гэгдэх бол бусад бүлэг нь уламжлалт, доройтсон, бүр харийнхан болно. Монгол улсын гадна байгаа Монголчууд Хятад, Оросуудтай холбогдох замаар жинхэнэ монгол чанараа алдсанд тооцогдоно. Тэд Халх-Монгол биш тул Монгол Улсын иргэншил авах эрхгүй.

Монголын уг орчин үеийн шинээр цогцлоон байгуулалтад хамаатай зүйл нь нутаг (homeland) ба нутгаа орхисон хүмүүс (diaspora), жинхэнэ (authenticity) ба эрлийзжил (hybridity)-ийн хоорондох шинэ динамикийг бий болгосон явдал юм. XX дугаар зууны эхний хагаст өрнөж байсан үндэсний үзэлт бослого тэмцлийн Монгол дахь туршлага үүнийг хэлбэржүүлсэн билээ. Нармай Монгол үзэл (pan-Mongolism) буюу колонийн дарангуйллаас чөлөөлөгдөн өөрсдийн нэгдсэн улс үндэстнээ бий болгох гэсэн Монгол бүлгүүдийн хүсэл эрмэлзлийг Япончууд, Хятадууд, Оросууд нэг талаар дэмжиж байсан ч нөгөө талаар зорилгодоо хүрч чадаагүй үед нь овжиноор ашиглан буруутгасан. Нармай Монгол үзэлд гаднаас хутгалдан гуйвуулсан (external manipulation) нь эцэстээ Буриад, Өвөр Монголд угсаатны үйл явц гэж нэрлэгддэг зөрчилдөөнийг хурцатгаж, Монголчуудыг бие биенээ зэмлэн буруушаах байдалд хүргэв. Зөвлөлт Холбоот Улс Монгол ижилслийг нь няцааж Буриад үндэстнийг бүтээсэн (ингэснээр Буриад Монгол гэж нэрлэхээ больсон) бол Бүгд Найрамдах Хятад Ард Улсад хэдэн арван мянган Өвөр Монголчуудыг Монгол улстай нэгдэхийг санаархсан үндсэрхэг үзэлтнүүд хэмээн буруутган хөнөөжээ.

1990-ээд оны үед социалист дэглэм задран унасны дараа Монгол Улсын бүрэн эрхт байдлыг залгихаар дайсагнасан гадныхан, ялангуяа хятадуудын зүгээс биологийн хувьд програмчилсан хэмээн төсөөлөгдсөн эрлийзүүд (hybrids) байна гэх айдас Монголд хүчтэй хөгжих болсон. Монголын ген устаж үгүй болох вий гэж айсан сэхээтнүүд, улс төрчид овгийн уламжлалыг зохиохыг сурталчилж, монгол бие махбодийг сэвтээх ойр тѳрлийн хооронд гэрлэх (endogamy)-ээс зайлсхийхийн тулд хүн бүр өөрсдийн овгоо мэддэг байхыг шаардаж байв. Үүнтэй зэрэгцэн генийн бохирдлоос айж, үндэсний бүлгээс гадагш гэрлэх явдал (national exogamy)-аас татгалзах цаг болсон гэж байлаа. Соёл, биологийн хувьд [ундэсний] цэвэр ариун байдал, бүрэн эрхт байдлаа хамгаалах нэрээр жинхэнэ болон төсөөллийн эрлийзийн эсрэг тэмцлийг улс төрчид уриалж өрнүүлдэг нь түгээмэл. Ийнхүү эрлийз хэмээн дайран доромжлох нь өрсөлдөгчдийнхөө удам угсааны мэдээллийг нарийвчлан шалгах байдлаар илэрдэг Монголын сонгуулийн улс төрийн гол шинж болсон.

Эрлийзийг дайран доромжлох нь их хачирхалтай практик юм. Энэ нь Манжуураас Оросын Ижил мѳрний сав газар, Сибирээс Хятадын Юннань муж хүртэл Монголчууд оршин амьдарч байсныг гэрчилдэг дэлхийн хамгийн өргөн уудам газар нутагтай эзэнт гүрнийг байгуулж байсан эртний Монголчуудын гадагш чиглэсэн байлдан дагуулалтаас эрс ялгаатай юм. Улам бүр хумигдаж байгаа Монголын ертөнц нь даяаршлын гол баатрууд хэмээн ѳргѳмжлѳгдөн улсын хил хязгаарыг дамнасан хөдөлгөөний бэлгэдэл болсон нүүдэлчдийн дүр төрхтэй зөрчилдөж байгаа нь эргэлзээгүй. Энэ нь космополитан давуу тал, идеалийг агуулсан эрлийзжлийн тухай ойлголттой ч бас эсрэгцэнэ.

Колонийн дараах үеийн (postcolonial) хандлагын үүднээс тайлбарлавал бүх соёл угтаа эрлийзжлиин төлөв байдалд оршиж байдаг. Гэхдээ эрлийзжлийг бидний зүгээс постмодерн байдлаар хувь нэмрийг нь үнэлж байгаа нь түүх, улс төрийн агуулгагүй зугээр нэг хоосон ессенциализмын эсрэг яриа биш байх ёстой. Монгол Улс далайд гарцгүй сул талаа даван туулах арга замыг идэвхтэй эрэлхийлж байхад иргэд нь дэлхийн өнцөг булан бүрт аялж, шилжин суурьшиж байна. Ийм байдал нь шинэ төрлийн эрлийзжлийг үүсгэх нь зайлшгүй. Тиймээс Монголчууд болон Монгол Улсын аль аль нь Монгол байх гэдгийг чухам юу бүрдүүлдэг болохыг ухаарахын тулд эрлийзжлийн нийгэм, соёл, эдийн засгийн суурийг түүхийн болон геополитикийн үүднээс сайтар судлах хэрэгтэй. Улс төр, түүхийн илүү өргөн цар хүрээ, туршлагыг ойлгосноор бид эрлийзжлийн чөлөөлөх чадварыг илүү сайн ашиглахаас гадна эрлийз гэгдэхийн зовиурт бодит байдлыг бүрэн хүлээн зөвшөөрч чадна.

Монголчуудын хувьд эрлийзжлийн асуудлыг судлах нь нэн чухал ач холбогдолтой. Учир нь Халх бус Монголчууд (Монгол Улсад болон Монгол улсын гадна байгаа)-ын монгол шинжээс гадна жинхэнэ буюу төсөөллийн эрлийзүүдийг хүлээн зөвшөөрөх нь соёлын олон янз байдал, түүхийн нийтлэг мэдрэмжээр нэгдсэн Шинэ Монголыг баяжуулна. Өнөөдөр Монголын хамгийн их дутагдалтай зүйл нь магадгүй хатуу валют биш харин Монгол байхын хэв чанар (virtue) юм. Эрлийзжлийг Монгол (Монгол байх)-ыг далдуур хорлогч хүч биш харин Монгол байхын нэг чухал шинж, давуу тал хэмээн соёлын олон янз байдлын өргөн утгаар хүлээн зөвшөөрөх нь орчин үед суурин амьдрах болсон монголчуудын нүүдэлчин тэсвэр тэвчээр, мэдрэмжийг сэргээж, тайван замаар гадагшаа аялах чадамжийг илүү тэлэх буй заа.

 

Орчуулсан Э. Туулайхүү (МУИС-ийн Хууль зүйн сургууль)

 

[1] 2003 онд Бушийн засгийн газар Ирак руу дайралт хийснийг 13 дугаар зуунд Монголчууд Багдадыг эзэлсэнтэй адилтгасан нь бий.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.10.14 ЛХАГВА № 199 (6424)