Б.ГАРЬД

 

“Алтжин”, “САПУ” компаниар овоглодог Г.Алтан “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэг дээр хүүтэйгээ хамт шүүгдэж байна. Шүүх хурал долоо дахь өдрөө үргэлжилж байгаа юм.

Нотлох баримт нягталж байгаа гэх уг шүүх хурлын талаарх мэдээлэл хэвлэл мэдээллийнхэн, олон нийтэд нууц байна.

Харин энэ завсарт одоогоос яг найман жилийн тэртээ Г.Алтан МАН-д нэг сая ам.доллар зээлүүлж байсныг эргүүлж төлсөн үү гэдэг асуудал хөндөгдөж эхэллээ.

МАН нэг иргэнээс ганц сая ам.доллар зээлж байсан гэхээр өнөөдөр инээдтэй сонсогдож буй биз. Гэхдээ УИХ-ын 2012 оны сонгуульд МАН-ынхан ялагдаж, Орон нутгийн сонгуульд орох гээд мөнгөгүй сууж байсан үе гэдэг.

Тэр үед МАН-ын генсекээр одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар ажиллаж байсан юм. Тэрээр 2012 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр Г.Алтантай Зээлийн гэрээ, Барьцаалан зээлдүүлэх гэрээ байгуулж байв. Ингээд нэг сая ам.долларыг сарын 2.9 хувийн хүүтэй авчээ. Зээлийн гэрээнд тусгаснаар энэ мөнгийг “…МАН-ын дотоод үйл ажиллагаанд” зарцуулна гэсэн байдаг. Харин Барьцааны гэрээнд “...Чингэлтэй дүүргийн V хороо, VI хороолол дахь 7550 м.кв талбайтай оффис үйлчилгээний барилгыг  мөн хаяг дээрх 4712 м.кв талбайтай газар”-ын хамт барьцаалж байгааг бичсэн байна. Тухайн үед барьцаалсан газар, байшин хоёр нь Лениний музей буюу Нийслэлийн МАН-ынх байв.

Харин АН төрийн эрхэнд гарч ирээд, МАН-ыг Г.Алтанд өрөө төлж амжаагүй байхад нь нөгөөх байшинг нь Үлэг гүрвэлийн музей болгож орхисон.

Ингээд Г.Алтан барьцаагүй хоцорч шүүхээр явж эхэлсэн байдаг. Олон “заргын бичиг”-ийг ийш тийш илгээжээ. Гэсэн ч өрөө авч чадаагүй гэдэг.

Гэхдээ Г.Алтан барьцаалагч учраас шүүхийн шийдвэрийн дагуу Лениний музейг төрд шилжүүлэлгүй, хэдэн жил хааш нь ч хөдөлгөхгүй байлгажээ. Харин ТӨХ-ны зүгээс төрийн өмч, онцгой объект болох музейн барилга, түүний доорх газрыг үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож бусдад барьцаалсан болохыг мэдсэн даруйдаа МАН-д хандан, дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцааны гэрээний шаардлагаас сольж, барьцаанаас чөлөөлөх шаардлага хүргүүлсэн байдаг.

Ингэхэд Г.Алтан МАН-д өгсөн нэг сая ам.долларын зээлийн барьцаагаа өөрчлүүлэх хүсэлтийг Дүүргийн иргэний хэргийн нэгдүгээр шүүхэд гаргасан. Ингэхдээ тэрээр итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сарангэрэлээрээ дамжуулан “…Г.Алтан миний бие МАН-д зээл өгч, МАН-ын өмчлөлийн байр /Үлэг гүрвэлийн музей/-г барьцаалсан болно. Гэтэл төрийн өмч болсон тул барьцаа өөрчлөх нэхэмжлэл гаргаж байна. Хэрэв барьцааг өөрчлөх бол МАН-ын байр Тусгаар тогтнолын ордныг барьцаатай эсэхийг шалгасны эцэст МАН-ын байраар сольж өөрчлөн барьцааг хангах шийдвэр гаргаж өгнө үү. Өөрөөр хэлбэл, өмчлөх барьцааг чөлөөлөх тохиолдолд зээлдэгчийн эрх ашгийг хамгаалан МАН-ын байрлаж буй Тусгаар тогтнолын ордны байраар барьцааг солих шийдвэр гаргана уу” гэжээ. 

МАН-д зээлүүлсэн сая ам.долларын талаар Г.Алтан 2015 онд “…Хоёр жилийн өмнөөс энэ асуудлаар явж байна. Хохирсон хүн мэдээж шүүхэд хандах нь тодорхой шүү дээ. Барьцаа өөрчлөх нэхэмжлэл бол дараагийн асуудал нь. Нэхэмжлэл гаргасан байгаа. Хуулийн зохих шатанд нь энэ асуудлыг тавьсан. Үүнийг шийддэг газар нь шийдэх хэрэг. Миний гаргасан нэхэмжлэл үндэслэлтэй учраас би хуулийн байгууллагад хандсан. Та нар ч хэвлэлээр гараад буй мэдээллийг харсан байх. Хэн нь хууль зөрчсөн гэдгийг хуульчид хараад мэдэж байгаа биз.

МАН-ын дарга М.Энхболд энэ талаар шүүхэд тайлбар гаргасан байдаг юм байна. Түүндээ “...МАН болон иргэн Г.Алтан нар Иргэний хуулийн дагуу гэрээ байгуулсан. Барьцааны гэрээнд өөрчлөлт оруулах, барьцааны зүйлийг солих талаар Г.Алтантай нэмэлт гэрээ байгуулах боломжгүй. Учир нь МАН барьцааны зүйлийн өмчлөгч биш болсон. Бид барьцаанд тавьсан өмчөө шүүхийн шийдвэрийн дагуу алдсан тул барьцаагаар хангагдсан үүргээ биелүүлэх боломжгүй, Үл хөдлөх эд хөрөнгийг ч солих боломжгүй. Иймээс Г.Алтангийн өмнө хүлээсэн үүргийг шинэ өмчлөгч буюу төрд шилжүүлэх нь зүйтэй” гэсэн байгаа юм” гэж байв.

Г.Занданшатараас хойш МАН-ын генсек хоёр удаа солигдсон ч Г.Алтангийн өрийг төллөө гэж дуулдаагүй.

Г.Алтан жил хагасын өмнө “…Нам надаас авсан зээлээ төлөөгүй байгаа. Тэгэхээр үүргийн гүйцэтгэл хангагдаагүй байхад барьцаа  чөлөөлөгдөхгүй. Ийм байдалтай байгаа” гэж ярьсан байдаг.

Сарын 2.9 хувийн хүү олон жилийн туршид талийж овоо олон сая ам.доллар болсон нь тодорхой.

Тиймээс энэ хооронд “...МАН-ынхан Г.Алтангийн мөнгөний оронд “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал болгох нээ” гэсэн яриа улс төрийн хүрээнд гарсан. Бас энэ “нээнтэг”-ийнхээ улмаас Төрийн банкийг хувьчилж Г.Алтанд өгөх нь гэж бас ярьсан. Учир нь  “Хадгаламж” банкийг Төрийн банкинд нэгтгэхэд Г.Алтангийн 26 сая ам.доллар тэнд оччихсон. Энэ мөнгийг Г.Алтан “Жаст”-ын Ш.Батхүүгээс авах ёстой байсан бөгөөд шүүх үүнийг нь тогтоочихсон гэх мэдээлэл тарсан.

Хэдийгээр Г.Алтанг “...Увс аймгийн МАН-ын гишүүн болчихсон. МАН-ын нөлөө бүхий улстөрчтэй ойрын холбоотой. Тиймээс асуудлаа өөрт ашигтайгаар шийдүүлчих боломжтой” гэх албан бус тайлбар олон жил “ниссэн” юм.

Гэвч эдгээрийн аль нь ч болсонгүй. Тэр өнөөдөр шүүхийн өмнө сууж байна. Харин МАН Г.Алтангаас Г.Занданшатараар зээлүүлж авсан сая ам.долларыг нь өнөөдрийг хүртэлх 94 сарын 2.9 хувиар тооцоод эргүүлж өгсөн үү гэдэг нь тодорхойгүй байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.10.14 ЛХАГВА № 199 (6424)