Б.ОД

ШӨХТГ-аас энэ оны есдүгээр сараас аравдугаар сарын хооронд хийсэн хяналт шалгалтын дүнг  өнөөдөр танилцууллаа.  Хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд хийсэн шалгалтын талаар НОБГ-ын улсын ахлах байцаагч Н.Батмөнх мэдээлэл өгсөн юм. Тэрээр  “Сүү”, “Талх чихэр”, “Алтан тариа”,”Өгөөж чихэр боов” компаниудад МХЕГ, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, ОБЕГ-тай хамтран шалгалт хийлээ. “Алтан тариа” компани долдугаар сарын 31-ний өдрөөс гурилын үнийг нэг кг тутмыг 50-100 төгрөгөөр, “Сүү” компани "Миний Монгол" сүүний үнээ 100 төгрөөр нэмсэн.  Харин “Талх чихэр” компани есдүгээр сарын 1-нээс 20 төрлийн талхны үнийг 100-500 төгрөгөөр, 34 төрлийн нарийн боовны үнийг 100-1000 төгрөгөөр нэмсэн бол “Өгөөж чихэр боов” компани  148 төрлийн талх, нарийн боовны үнийг 50-3400 төгрөгөөр нэмсэн байна. Гэтэл дэлхий дахинд үүсээд байгаа цар тахлын улмаас орлого нь буурсан ААН байгууллагыг дэмжих зорилгоор Засгийн газраас  “Алтан тариа” компанийн улаан буудайг гаалийн татвараас 602.9  сая төгрөг, НӨАТ-аас 130 сая төгрөгийг чөлөөлсөн. Мөн “Өгөөж чихэр боов” компанийн эхний хагас жилд импортолсон ургамлын тосыг гаалын татвараас 62 сааар, НӨАТ-аас 130 сая төгрөгийг чөлөөлсөн. Харин “Сүү” компани ААН-ийн орлогын албан татвараас 339 сая төгрөгийн хөнгөлөлт авсан" гэж ярилаа.  

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед дээрх компаниуд бүтээгдэхүүний үнээ нэмсэн нь Гамшгаас хамгаалах тухай хуулийг зөрчсөн хэрэг юм. Тиймээс Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага ногдуулжээ. Үүнээс гадна энэ оны дөрвөөс наймдугаар сард Нийгмийн даатгалын шимтгэлээс “Сүү” компани 660.6 сая, “Талх чихэр” компани 1 тэрбум 22 сая төгрөг, “Өгөөж чихэр боов” компани 469 сая, “Алтан тариа” компани 366 сая төгрөгөөр чөлөөлөгджээ.

Эх сурвалж:www.polit.mn