Иргэн С.Мишиг  Ерөнхий сайд С.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлэв

0
хуваалцах
146
үзсэн

Б.ТУУЛ

Баянгол дүүргийн иргэн, хувиараа худалдаа үйлчилгээ эрхлэгч С.Мишиг СХД-ийн 39 дүгээр хорооны 200 гаруй хүн амтай хорооны тог цахилгаангүй айл өрхүүдийг төлөөлж, хэвлэлийнхэнд хандлаа. Тэрээр “Төрийн алдаатай бодлогоос болж, иргэд маш ихээр хохирч байна. СХД-ийн 39 дүгээр хорооны Овоотын 72 дугаар гудамжны 40 гаруй айл өрх өнөөдрийг хүртэл тог цахилгаангүй, олон жилийг үдэж байна. Тойргоос сонгогдсон гишүүд нь хөөцөлдсөөр 2020 оны нийслэлийн төсөвт ажлын гүйцэтгэлийн 60 хувийг суутгуулсан боловч өнөөдрийг хүртэл дорвитой ажил хийсэнгүй. Хөрөнгө оруулалт нь аль нэг газраа гацчихаад байна. Үүнээс болж, тус хороонд оршин суудаг 130 гаруй хүүхэдтэй айл өрх  эрхээ эдэлж чадахгүй байна. Хүүхдүүд хичээл номоо хийх боломжгүй, мэдээллийн хэрэгсэл үзэх боломжгүй. Хүйт орж буй энэ өдрүүдэд иргэд дураараа утас татан тог цахилгаантай болох гэж оролдож байгаа нь хаа хаанаа эрсдэл учруулж байна” гэв. Мөн “Зөрчлийн тухай хуулийн заалтууд амьдралд нийцэхгүй байгааг төрийн өндөрлөгүүдэд удаа дараа хэлж байсан. Энэ удаа ч бас онцлон хэлмээр байна. Би олон удаа энэ талаар үзэл бодлоо илэрхийлж, барууны орнуудад дэлгэрсэн үзэл бодлоо илэрхийлэх хэв маягаар буюу Төрийн ордоныг тойрч нүцгэн жагсаж хүртэл явсан. Би эргүү тэнэгтээ ингэж явсангүй, аргаа барсандаа ингэж үзэл бодлоо илэрхийлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл асуудлууд шийдэгдэхгүй хэвээрээ байна. Зөрчлийн шинж хохирлын хэр хэмжээнд тохирсон байна гэсэн шударга ёсны зарчим алдагдаж, шууд тулгасан мөнгөн торгуультай болсон. Хулгай ч нараа Зөрчлийн хуулиар хамгаалж байна.  Зөрчлийн тухай хуулийн нэгж хэмээх заалт нь иргэдийг төөрөгдүүлэх арга хэрэгсэл болж байна. Энэ асуудлыг яаралтай шийдэж өгөөч. Бид төрөөс зээл тусламж, мөнгө гуйгаагүй, гагцхүү эрхээ эдлэх, дагаж мөрдөх хуулийг илүү боловсронгуй болгож өгөөч гэж хүссэн. Иймд энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлж байна. Шаардах бичгийг бид хэвлэлийн албаар нь дамжуулан хүлээлгэн өгнө” гэв.

Эх сурвалж: www.polit.mn