Б.ДОЛЖИНЖАВ

 

Өнгөрөгч  ням гаригт болсон парламентын сонгуулийн дараа Киргиз улсад үймээн дэгдсэн. Суудал аваагүй үлдсэн 12 нам иргэдийг уриалан жагсаал зохион байгуулж,  Төрийн ордноо эзэлж, тэмцлийн үр дүнд сонгуулийн дүнг хүчингүй болгосон тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл энэ байдал улам даамжирч, сөрөг хүчнийхэн хоорондоо өрсөлдөж, өөр өөрсдийн хүнийг удирдагчаар томилж, улмаар “Киргиз улс өдөр бүр нэг Ерөнхий сайдтай” гэсэн хошигнол иргэдийн дунд гарч, улмаар тус улсад улс төрийн хямрал үүсээд байгаа юм. Жагсагчдын эсрэг цагдаа нар усан буу, гранат, нулимс асгаруулагч  хий ашигласнаас 1200 гаруй хүн гэмтэж, нэг хүн амиа алдсан.

Энэ самууныг намжаах зорилгоор энэ сарын 9-21-нийг хүртэл Бишкек хотод онц байдал зарлаж байгаагаа Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков баасан гаригт зарлалаа. Ингэснээр  хотын бүх хөдөлгөөнийг хянаж, цэргийн хатуу хязгаарлалт тогтоов. Мөн Садир Жапаровыг албан ёсоор шинэ Ерөнхий сайдаар томилсныг “Тасс” агентлаг бямба гаригт мэдээллээ. Засгийн газрын удирдагчаа барьцаалсан хэргээр 2013 онд шоронд хоригдсон Жапаровыг жагсагчид суллаж, Ерөнхий сайдаар томилсон нь энэ юм. Түүний өмнөх Ерөнхий сайд Кубатбек Боронов лхагва гаригт огцорсон юм. Жапаров томилогдсоныхаа дараа “Би Засгийн газрын ажлыг бүгдийг хариуцна. Намайг томилогдсоны дараа огцорно гэдгээ ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков амласан” хэмээн ярьжээ. Харин ерөнхийлөгч Жээнбеков “Шинэ Засгийн газар бүрэлдэж, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа сэргэсний дараа огцорно” хэмээн мэдэгдээд байгаа юм. Тэгэхээр Киргизүүд бослогын хүчээр түүхэндээ гурав дахь удаагаа ерөнхийлөгчөө огцруулах нь тодорхой боллоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.10.12 ДАВАА № 197 (6422)