Т.Энхмөрөн: Залуусаа хөгжүүлэх дөрвөн алхмыг санал болгож байна

0
хуваалцах
193
үзсэн

Б.ОЮУНЗУЛ

 

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор Залуучуудын хөдөлмөр зуучлалын төвийн захирал Т.Энхмөрөнг урьж, ярилцлаа.

 

Тэд ашиггүй мэдээлэлд анхаарал хандуулж, ажилгүйчүүдийн эгнээнд орж байна

 

-Энэ нийгэм бол 1990 оны нийгэм биш. Тиймээс ямарч шатанд шинэчлэл хэрэгтэй. Манай төв нь нийгэмд халамжийн үйлчилгээ үзүүлж буй хувийн байгууллага гэдгээрээ онцлог. Оюутан залуучуудад ажлын байр бий болгох зорилготой.Манай төр засгийн байгууллагууд залуустаа ямар орчныг үнэ төлбөргүйгээр бий болгодог вэ. Тэд суралцах орчинд л анхаардаг. 

Харин боловсон хүчин бэлтгэх орчин бий болж чадаж байгаа юу.  Энэ асуулт нийгэмд яах аргагүй тулгарч байна.   Боловсрол мэдээж чухал.  Гэвч их, дээд сургуулийн дипломтой ч  ажилгүй төгсөгч  дүүрэн байна. Тэд сэтгэлзүйн хувьд би мэргэжлээ зөв сонгож чадсан уу  гэх асуултыг өөрөөсөө байнга  асуудаг.  Мэргэжил сонголтод  нь эцэг эхийнх нь  оролцоо хэр их байсан бол.  Энэ  бүгдэд санаа зовсоор яг үнэндээ ажлын байранд гарах шат дарааллын зөв алхмыг тэд мартсан байдаг. Тэр зөв шат дарааллыг хэн бий болгох вэ. Энэ тал дээр манай байгууллага шинэлэг дөрвөн алхмыг санал болгож байна.  Нэгдүгээрт, олон улсын стандартад нийцсэн модулын сургалтыг үнэ төлбөргүйгээр явуулж байгаа. Энэ бол шинэлэг үйлчилгээ. Гэвч залуус маань хаанаас мэдээлэл авах, ямар компанид ажилд орох талаар ямарч мэдээлэлгүй байдаг.  Энэ нь цахим салбар хөгжсөн, зарын суваг мэдээлэл нь чанаргүй болсонтой холбоотой. Залуус ашиггүй зүйлд анхаарлаа хандуулж,  сайн дураараа ажилгүйчүүдийн эгнээнд орж байна.  Ажилд орох бүрэн боломж байна гэдгээ олж харахгүй. Мэдээлэл хайсан ч буруу эх сурвалжаас хайдаг.  Жишээ нь, зарын сонин байна.  Зар харж ирээд ажилд орох гэж байгаа залуусын үнэлэмж хэр байх уу гэдэг нь том асуудал.  Өөрийн амьдарч байгаа дүүргээр дамжуулан хөдөлмөр зуучлалын төвд хандаж,  шат дараалалтайгаар 14 төрлийн ажлын байранд орох бүх шат дарааллын сургалтад үнэ төлбөргүй хамрагдаад ажилд орох боломж бий болсныг залуус мэдэхгүй байна.  Энэ шат дарааллаар ажилд ороход хүмүүсийн хандах хандлага өөр байдаг.  Тиймээс энэ тухай зөв ойлголтыг хүргэхийн тулд бид шинэлэг сургалтыг бий болгосон. Олон улсын стандартын модулыг залуус хүлээн авах хэрэгтэй. Энэ бол шинэлэг үйлчилгээ. Модулаар дамжуулан ажлын байранд орохоосоо өмнөх ямар ажилд орох гэж байгаа тухай бүх мэдээллээ авах боломжтой. Мөн дадлагажих байдлаар суралцах боломжтой юм. Модулыг бид өөрсдийн төвшинд хэрэгжүүлээд олон улсын хөтөлбөрт нийцсэн хөтөлбөрийг бий болгосон.

 

Монголд хөдөлмөрийн бирж байдаг

 

-Манай төвөөс хэрэгжүүлж байгаа хоёр дахь ажил бол шинээр ажилд орсон хүнд хэрэглэгчийн карт гаргаж өгсөн. Карт нь смарт бөгөөд тухайн хүний овог нэр регистрийн дугаартай.  Бүртгэлийн дугаар QR код болон “Candy “үйлчилгээ зэргийг багтаасан.  Картын үйлчилгээ нэвтрүүлсэнтэй холбоотой манай байгууллага олон байгууллагуудтай хамтран ажиллаж байна.  Тэд карттай залууст 10-50 хувийн хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрхийг  олгож байгаа.  Гуравдугаарт,  бид залуучуудын бизнесийн гүүр болох сонин гаргаж байна.  Ямар ч насны хүн уншаад ойлгохоор хийсэн. Залууст хүртээмж сайтай байхаар хэвлэж байна.  Үүнд гарааны бизнес буюу старт апп, ажлын байрны мэдээ мэдээлэл, хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтот бүлгийн иргэдэд зориулсан ажлын байрыг олноор нь бий болгох асуудлууд багтаж байна. Олон зарын сонин байдаг. Гэхдээ манай сонин давуу тал ихтэй. Сонингоос ажлынхаа шат дараалал болон бусад бүх мэдээлэл, заавар зөвлөгөөг авах боломжтой. Мөн төсөл хөтөлбөр болон тендерт ороход мэдэж болох 10 гаруй зүйлийг багтааснаараа давуу талтай. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч гэсэн ялгаагүй бүх мэдээллээ авч болно.  Мөн орчин үеийн залуусын хэрэглээтэй хөл нийлэн алхах апп-ыг бий болгож байна. Залуус ажлын байраа богино хугацаанд олно. Интернэттэй бол хаанаас ч мэдээ мэдээллээ авах бүрэн боломжтой. Тухайн ажил олгогч байгууллагын бүх мэдээлэл аппликэшн дотор байгаа. Ажил олгогч ажил хайж буй хүмүүсийн гүүр нь болно гэсэн үг.  Энгийн хэрнээ ойлгоход хялбар шинэ технолигийг нэтрүүлэх гэж байгаа юм. Дөрөвдүгээрт ажилчиддаа ажлын дэвтэр гаргасан. Дэвтэр дээр байх зүйлс нь ажил олгогч, ажлын байр, авсан сарын цалин болон тухайн ажилтныг үнэлсэн үнэлгээ байх болно. Үнэлгээ нь тухайн хүний хандлага ур чавдар туршлагын дүгнэлттэй байна.  Бид залуустаа энэ бүх шинэлэг зүйлсийг санал  болгож байна. Манай байгууллагатай ижил үйл ажиллагаа явуулдаг хөдөлмөрийн бирж Монголд 34 байдаг.   Бид хурдтай, мэдрэмжтэй дөрвөн төрлийн ажлаараа ялгардаг. Энэ бол зөвхөн бизнес биш. Ажил хайж байгаа залуус, ажил олгогч байгууллага хоёроо нэг хаягтай болгон нэгтгэж хоёр талын хөдөлмөрийн аюулгүй байдлыг мөн давхар хангаж байгаа.

 

“Хүн бүхэн даргын суудал дээр суух сонирхолтой болсон”

 

- Монгол Улс 18-39 настай хүмүүсийг залуус гэж ангилдаг.  Тэдэнд олдож байгаа ажлын байр нь барилгын болон жижиг дунд үйлдвэрлэлийн ажил түгээмэл байна. Ажлын байрны олдоц их, бага байна гэдэг асуудал байнга яригддаг. Ингэхээс залуус маань бэлэнчлэх сэтгэлгээ ихтэй болсон байна. Ажил олгогч байгууллага цалин багатай байна. Цагийн ажлын хөлсөө нэмэгдүүлээд давхар хариуцлагаа ажилтнаасаа нэхээд сууж байвал энэ нь тухайн байгууллагын давуу тал болно. Тэгвэл олон хүн ажил хийнэ. Залуусын оролцоог нэмэгдүүлэхийн тулд чанартай боловсон хүчнийг боловсролын байгууллага  бэлтгэх хэрэгтэй. Мөн залуусыг мэргэжлээ зөв сонгож ажлын байранд гарахад нь туслах хэрэгтэй. Одоо барилга бүтээн байгуулалтын салбарт ажлын байр нэлээд байна. Энэ салбарт нарийн мэргэжлийн хүн ховорбайдаг. Гүйцэтгэх ажил хийх хүн ч олддоггүй. Тиймээс энэ салбарт ажиллах залуусаа төр анхаарах хэрэгтэй байна. Нягтлан бодогч, багшийн мэргэжлийг залуус их сонгодог. Үүний оронд барилгын салбарыг санал болгомоор байна.  Энэ чиглэлээр суралцвал төгсөөд шууд ажлын байранд гарах боломжтой. Хөдөө аж ахуй, түүхий эд, арьс ширний үйлдвэрт ч гэсэн ажлын хүч дутмаг байгаа. Хөнгөн үйлдвэрлэлийнхэн ярьдаг.  “Бидний үе тасрах нь ээ.  Арьс ширээр юм хийдэг, сийлбэр хийдэг хүн ч  цөөхөн болж байна” гэж байна. Энэ бол үнэн. Хүн бүхэн даргын суудал дээр суух сонирхолтой болсон учраас   ахуй амьдрал руу чиглэсэн ажлын байрыг сонирхох нь цөөхөн. Надад өндөр цалинтай ажил байна. Гэвч энэ ажлыг хийх мэргэжилтэн алга. Заавал их, дээд сургууль гэлтгүй богино хугацааны сургалт зохион байгуулсан ч болно. Сургалтадаа хамруулаад ажлын байраар нь хангаад дадлагажуулаад зуучлаад өгдөг газартай байх юм бол олон залуус сайхан амьдрах бүрэн боломжтой.

 

Залуус зуучлалын байгууллагаар дамжин ажилд ордог болсон

 

-Оюутнуудаас цагийн ажил хийлгэх хэрэгтэй.  Тэд ажлын туршлагатай болно. Олгогч байгууллагууд эхэндээ цагийн ажилд өндөр шаардлага тавьж байсан. Тухайн шалгууртаа тэнцсэн хүнийг авах гэдэг байв. Одоо бол арван хүн байлаа гэхэд бүгдийг нь ажилд авахад бэлэн болсон.  Мөн оюутан байхад мэргэжлийн дадлага хийдэг.  Тэр дадлагаа үр дүнтэй хийх хэрэгтэй. Мэргэжлээрээ ажиллах дур сонирхлыг үйлдвэрийн дадлага бий болгодог. Гэтэл манайхан дадлагыг үр дүнгүй хийлгэдэг. Мөн диплом дээр нь дадлагынх дүнг тавьдаг байх ёстой. Ингэж чадвал тэр дүн тухайн хүүхдийн ажлын байрны туршлага болж хувирна. Дипломын голч дүн чухал зүйл биш. Хүмүүс голч дүнд ач холбогдол их өгдөг. Тухайн хүн өөрийн мэргэжилдээ хэр ур чадвартай ямар хандлагатай байгаагаас , ямар туршлага хуримтлуулсан бэ гэдэг нь чухал. Ажлын байранд гараад богино хугацааны гэрээтэй эсвэл жинхэлсэн ажилтнаас бага цалин өгөөд дадлагажуулаад тэр хүүхдийг авах нь чухал байна.  Ажлын туршлагагүй гээд буцаагаад байвал хүн өөртөө итгэх итгэлээ алдаж мэргэжлээрээ ажиллах дур сонирхолгүй болдог. Тэгээд нэг газар үйлчлэгч зөөгчөөр ажиллаж эхэлнэ. Энэ нь өөрөө мэргэжлийн бус хүмүүсийг бэлтгэх үйл явц болж хувирдаг. Уг үзэгдэл манай оронд их байна. Ийм байдлыг бий болгохгүйн тулд хүний нөөц сайн ажиллаж, туршлагажуулж авах хэрэгтэй.

 

Хөгжингүй орнуудад хөгжөөд удаж байгаа салбар юм

 

-Сүүлийн жилүүдэд ажлын байрны туршлага яригдахаа больсон байна. Шинээр ажилд орж байгаа хүн зөв хандлагатай, нийтэч, тогтвор сууршилтай ажиллаж чадна гэвэл тухайн байгууллага сургаад авдаг болсон. Гэвч залуус маань ажилд орох хүсэлт бөглөхөө байсан нь хамгийн том асуудал болоод байна. Олон газар ажлын байр зарладаг.Бид энэ хандлагыг өөрчлөхийн тулд 21 аймаг, есөн дүүрэгт “Залуучуудын хөдөлмөр зуучлалын төв” ажиллуулж байна. Ажил олгогч байгууллагатай нь холбож зуучилж өгч байгаа. Зуучлалын байгууллагаар дамжин ажилд ордог болсон гэдгийг иргэд маань ч ойлгож эхэлж байна. Энэ бол хөгжингүй орнуудад хөгжөөд удаж байгаа салбар юм. Хөдөлмөрийн  биржид тодорхой хэмжээний мөнгөө төлөөд ажилд ордог болсон. Би мэргэжлээрээ ажиллахын тулд сургалтад хамрагдах ёстой.  Үүний дараа би байгууллагад зуучлагдаж очно гэдгээ залуус мэдэж эхэлж байна.   Мөн явуулын бирж маань алслагдсан хүмүүст тусламж үйлчилгээ үзүүлдэг. Хороо болон дүүргүүдтэй нь хамтран мэдээлэл авч гэрт нь очиж уулзан ажлын байраа зарлаж мэдээлэл хүргэдэг. Амьд харилцаа гэдэг чухал зүйл. Гэрийнх нь гадаа очоод ажлын байранд бүртгэхэд ирж чадахгүй байсан иргэд зөв мэдээлэлтэй болдог. Энэ ажлыг хийхэд хүндрэлтэй зүйлс их гардаг.  Хорооны мэргэжилтнүүд хамгийн их хүндрэл үүсгэж  байна.  Явуулын биржийн нэг  онцлог алслагдсан газарт байгаа бүх насныханд мэдээлэл хүргэдэг онцлогтой. 40-55 насны хүмүүс явуулын биржээр их үйлчлүүлдэг. Тэдгээр хүмүүсийн боловсрол, цагаа барих чадвар гэх мэт бүх зүйл нь төгс боловсорсон байдаг. Манай байгууллага нэг жилийн хугацаанд 500 гаруй хүмүүсийг бүртгэсэн. Тэднээс 30 хувийг нь ажлын байртай болгосон. Энэ оны хувьд “COVID-19” гарсантай холбогдуулан  үйл ажиллагаа маань жаахан зогсонго байдалтай байсан. Өнгөрсөн есдүгээр сараас эхлээд одоогийн байдлаар 400 гаруй хүн бүртгүүлсэн байна. Түүнээс 260 гаруй залуусыг шууд ажлын байртай болгосон байгаа. Мөн 26 хүнийг үндсэн ажлын байртай болгосон.

 

Залуусын сонирхож буй ажлын байр

 

-Барилгын салбар, суртчилгаа, судалгаа, амталгаа, цэвэрлэгээ оффис ажил энэ ажлыг залуус хамгийн их хийдэг.  Тэд эхлээд цалингаа асуудаг. Цалингийн тогтолцоо нь 20-30 мянга байдаг. Нэг цагийн хөлс нь 2100 төгрөгөөр үнэлэгддэг гэсэн үг. Гэхдээ би ажилчдынхаа цалин өндөр болгохын тулд хичээж ажилладаг. Хамгийн андар цалинтай шууд орохболомжтой ажил бол барилгын салбар тиймээс энэ салбарт нь бид үнээ өсгөж ажилчиддаа өндөр цалинтай ажиллуулахыг хичээдэг. Мөн манай төвөөс жилд нэг удаа  “Ажилтай иргэн ,орлоготой өрх” гэсэн ажлын байрны өдөрлөг зохион байгуулж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ээлтэй орчинг бүрдүүлцгээе гэдэг аяныг тав дахь жилдээ өрнүүлж байгаа. Сайн дурын үйл ажиллагаа хүмүүнлэгийн үйл ажиллагаа болон гарааны бизнес хийж байгаа хүмүүст үзэсгэлэн гаргаж өгдөг. Нийгмийг чиглэсэн олон ажил хийдэг. Харамсалтай нь энэ бүх ажилд төрөөс ямар нэгэн туслалцаа үзүүлдэггүй.  Гэхдээ одоо нийгэмд  би гэдэг үзэл байхгүй болсон. Бид гэдэг үзлээр хамтын хүчээр нийгмийн дэмжлэгээр Монгол Улсаа залуус бид хөгжүүлнэ. Ажилгүйдэл ихсэх хэрээр архи тамхины хамааралтай хүмүүсийн тоо нэмэгддэг. Тэгэхээр энэ бүх муухай зүйл рүү уруу татагдахаас нь өмнө төр маань гараа  сунгах хэрэгтэй. Гэхдээ сайхан цаг ирнэ гэж харж байгаа. Өөдрөг үзэлтэй явж байж л өнөөдрийн энэ их саад бэрхшээлийн ард гарна. Би хүчгүй байвал миний бизнес сөхрөх магадлалтай учир хүчтэй байх хэрэгтэй. Монголд иймэрхүү байгууллагатай байна гэдэг их хэцүү.  Олон газраас шахалт дарамт ирдэг гэсэн ч хийж байгаа ажил маань буянтай ажил учраас шантардаггүй. Олон хүнийг хоолтой нь залгуулж явна. Хэр их мөнгө олсондоо биш хэдэн хүнд тусалж хэдэн хүнийг аз жаргалтай болгосон миний ажлын утга учир оршдог.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.10.12 ДАВАА № 197 (6422)