Б.ДОЛЖИНЖАВ

Энэ оны уран зохиолын салбарын Нобелийн шагналыг хүртсэн  АНУ-ын яруу найрагч Луиз Глюкийн шүлгүүдээс яруу найрагч, зохиолч, орчуулагч Г.Аюурзанын орчуулснаар хүргэж байна.

“Түүний шүлгүүдээс нэн тэргүүнээ төрөх сэтгэгдэл бол хайр дурлал, үхэл хагацлын тухай маш хурц өгүүлэмжүүд юм. Эдгээр нь ухамсрын гүн рүү шунгаад таслан гаргаж ирсэн богинохон мөрүүдээр илэрхийлэгдсэн байдаг” хэмээн яруу найрагч Г.Аюурзана “Дэлхийн сонгомол яруу найраг” антологидоо бичжээ. Өнөө цагийн хамгийн их анхаарал татсан яруу найрагчдын нэг Луиз Глюкийн шүлэгтэй танилцана уу.

Аргаа барсан зөгнөл

Өөрт чинь нэгэн үнэнийг хэлье:

өдөр бүр л хүмүүс үхдэг. Үхэл бол ердөө эхлэл нь.

Өрх гэрийн уй гашуу нэрмэж, бэлэвсэн эхнэрүүд,

өнчин хүүхдүүд шинээр төрдөг. Тэд гараа  эвхэн суугаад,

өнөөдрөөс цаашхи энэ амьдралаа төсөөлөхийг оролддог.

Оршуулгын газарт зарим нь анх удаагаа л ирж буй нь энэ.

Орь дуу тавьчих вий, эсвэл уйлахгүй байх вий гэж айна.

Хэн нэгэн нь бэлэвсэн эхнэрүүд рүү бөхийгөөд,

хэрхэх ёстойг шивнэнэ, тэр нь цөөвтөр үг хэлэх ч юмуу,

хэдэн мөчийн турш онгорхой буй булшны нүх рүү

хэсэгхэн шороо яаж ийгээд цацах ажил байна.

Ингээд,  цөмөөрөө гэр рүү нь явцгаана,

гэр нь гэнэтхэн л зочдоор пиг дүүрчихнэ.

Эзэгтэй буйдан дээр намбатайхан суугаад,

гэм хийсэн мэт чимээгүй дөхөгсдийг хүлээнэ,

зарим нь гараас нь барьж, зарим нь түүнийг тэвэрнэ.

Бараг л хүн бүхэнд таарах үгийг олоод хэлчихнэ.

Баярлалаа, ирсэнд баярлалаа  ч гэдэг юмуу,

Дотроо бол тэднийг бушуухан яваасай гэж бодно.

Дорхноо гараад оршуулгын газар тийш гүйхийг хүснэ,

цаашлаад эмнэлэг рүү, хэвтэж байсан тасаг руу нь.

Боломжгүй гэдгийг нь мэднэ л дээ. Гэлээ ч энэ бол

цагийг буцаах хүсэл, сүүлчийн горь найдвар нь.

Ахиад жаахан л цаашилбал тэдний гэрлэлт рүү очно,

анхны үнсэлт нь одоо тийм ч хол биш байна.    /1990/

Живсэн жаалууд

Тэдэнд ял оногдоогүй, та бэлээхэн харлаа,

тэд живж үхэх тавилантай, тийм л заяатай байж,

мөс гэнэт цөмрөн тэднийг тэвэрч,

мөрөн дээр нь өвөл бүхий л жингээрээ дараад,

хүзүүний ноосон ороолтыг нь

хөвүүлж намируулсаар доош живүүлээд

хөдөлгөөнгүй нам жим болсон хойно нь,

хөлдүү цөөрөм тэднийг бараан гараараа өргөлөө.

Үхэл гэхдээ тэдэн рүү юм бүхний эхлэлд дөт

өөр л замаар ирсэн байх учиртай.

Сониуч жаалууд анхнаасаа л

сохор, жингүй төрсөн ч байг, ялгаагүй.

Тэд одоо тайвшралыг зүүдэлж байна,

чийдэн асаатай,

тэдний цогцос цав цагаан бөсөөр бүтээсэн

ширээн дээр тавиастай байна.

Цөхрөнги хоолойнууд нэрээр нь дуудахыг тэд

цөөрмийн дээгүүр гулган зугаацах мэт хэнэггүй сонсоно.

Аймшигт цэнхэр цүнхээлд унагсад аа,

Юугаа хүлээнэ вэ, та нар,

Алив нааш ир,шалавхан буцаад ир!    /1980/

Эх сурвалж:www.polit.mn