Б.ТУУЛ

 

Өнөөдөр дэлхий нийтэд тархсан цар тахал, коронавирусын халдварын тархалт сэтгэл түгшээсэн хэвээр байгааг ДЭМБ-аас онцолж буй. Дээрээс нь цар тахал дэгдсэн энэ үед хүйтэн сэрүүний улирал, ханиад томуугийн идэвхжилийн үе давхцаж байгаа нь хүүхэд багачууд болон ахмад настнууд, жирэмсэн эхчүүд гээд эрсдэлт бүлгийн хүн амд өмнөх жилүүдийнхээс ч илүү хүндрэл үүсгэх вий гэсэн болгоомжлол олон улс орны эрүүл мэндийн салбарынхан, эмч, мэргэжилтнүүдийн санааг зовоосон хэвээр байна. Цар тахлын цаг үеийн мэдээллийг харвал, дэлхий даяар шинэ коронавирусын  халдварын улмаас нас барсан хүний тоо нэг сая даваад байна.  Халдвараар нас барсан анхны тохиолдол Хятад улсад энэ оны нэгдүгээр сард бүртгэгдсэн бол 10 сарын дараа халдвараар нас барсан хүний тоо нэг сая дахь тохиолдол бүртгэгдээд байна.

 

Дэлхийн олон оронд халдварын тархалт хумигдахгүй байна

 

 Өнөөдрийн байдлаар 188 улсад 33 сая гаруй хүн халдвар аваад байна.  Мөн халдварын үзүүлэлтүүд олон бүс нутагт огцом нэмэгдэж байгаагийн зэрэгцээ эхний тархалтыг амжилттай хяналтад авсан зарим улс оронд ч  халдвар дахин нэмэгдэж байгааг “ВВС” энэ сарын 30-ны мэдээллээр  онцолж байна.  Тухайлбал, Их Британи, ОХУ-ын Москва хотод коронавирусын халдварын 2300-7143 шинэ тохиолдол илэрсэн нь тус улсуудад халдвар тархсанаас хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болоод байна. Харин манай улсын хувьд энэ сарын 30-ны байдлаар коронавирусын  халдварын 313 тохиолдол бүртгэгдэж,  305 буюу 97 хувь нь эдгэрээд байна. Эдгэрсэн хүмүүсийн найм нь сувилалд, гурав нь гэрийн ажиглалтад байгаа бол 294 хүний ажиглалт тандалтын хугацаа дуусчээ.  ХӨСҮТ-д одоогоор коронавируст халдвартай найман хүн эмчлүүлж байгаагаас зургаан хүний биеийн байдал хөнгөн, хоёр нь хүндэвтэр байна гэдгийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэв.

 

Дүүргийн эмнэлгүүдэд үзүүлэх бол “1800-0119”-д хандаарай

 

Цар тахлын халдвар сэтгэл түгшээсэн энэ өдрүүдэд Улаанбаатар хотын дүүргийн эмнэлгүүдэд ирж буй дуудлага болон амбулаторийн үзлэгийн  цөөнгүй хувийг  ханиад томуугийн өвчлөл эзэлж байгааг эмч нар хэлж байна. Тиймээс энэ өдрүүдэд иргэд эрүүл мэнддээ илүү их хяналт тавьж, анхаарахыг эмч нар зөвлөж байна. Хамгийн чухал нь, бага насны хүүхдүүдийг томуугийн вакцинд хамруулах, эрсдэлт бүлгийнхэн, жирэмсэн эхчүүд, гэртээ асаргаанд байдаг ахмад настнуудад  илүү анхаарал хандуулахыг зөвлөж байна. ЭМЯ-ны зүгээс хөл хорионы дэглэм үргэлжилж байгаа энэ өдрүүдэд эрүүл мэндийн төвүүдэд олон хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, эмнэлгийн тусламж үйлчилгээний ачаалал, хүлээгдэл чирэгдлийг бууруулахын тулд “1800-0119” дуудлагын төв буюу цаг бүртгэлийн нэгдсэн системийг өнгөрсөн сард ашиглалтад оруулсан. Өнөөдрийн байдлаар иргэдээс нийт 7200 гаруй дуудлага хүлээн аваад байгаа аж. Одоогоор  дуудлагын төвд хандсан нийт иргэдийн 90.6 хувь нь өөрт шаардлагатай үйлчилгээгээ авч чадсан гэдгийг албаны хүмүүс онцолж байна.

 Мөн  эмчид үзүүлэх цаг, дугаар авахын тулд үүрээр эмнэлгийн гадаа дугаарлан зогсдог чирэгдлийг хөнгөлж байгаад иргэд талархаж байна. Энэ тухай мэдээллийг тодруулбал, “1800-0119 төвд эхний ээлжинд төрөлжсөн есөн эмнэлэг есөн дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийг холбоод байна. Энэ сардаа багтааж 21 аймгийн нэгдсэн эмнэлгийг холбохоор ажиллаж байна. Цаг авах нэгдсэн системтэй болсноор иргэдэд чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэж байгаагаас гадна эрүүл мэндийн салбарын үйлчилгээний хүртээмж сайжирна” гэдгийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан онцлов. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.10.1 ПҮРЭВ № 190 (6415)