Т.БАТСАЙХАН

 

Орон нутгийн сонгуулийн санал хураалт ирэх сарын 15-нд болно.  Өчигдөр сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагаа орон даяар албан ёсоор эхэллээ. Энэ удаагийн орон нутгийн сонгууль УИХ-ын сонгуулийн дараа, шинэ хуулиар зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм.  Мөн өнгөрсөн парламентын сонгуулийн дүнд иргэд, улс төрийн намууд, Төрийн тэргүүн хүртэл эргэлзэж буйгаа илэрхийлсэн байдаг.  Тиймээс орон нутгийн сонгууль шударга болох эсэхэд улс орон даяар анхаарал хандуулж байгаа нь тодорхой.

Нутгийн өөрөө удирдах байгууллагад иргэдийн төлөөлөл болж ажиллах төлөөлөгчийн сонгуульд МАХН, АН-тай нэгдэн оролцож байна.  МАН дангаараа оролцох бол 200 гаруй хүн бие даан нэр дэвшиж байгаа юм.    МАХН-ын хувьд нийслэл, дүүрэг, аймаг, суманд нийтдээ 555 гишүүнээ нэр дэвшүүллээ. Тодруулбал, нийслэлд найм, дүүрэгт 31, аймаг, суманд 516 хүн нэр дэвшиж байна.  МАХН орон нутгийн сонгуулийн сурталчилгааны нээлтээ өчигдөр МҮЭСТО-нд зохион байгуулав.

Шинэ залуу, итгэж болох, ёс зүйтэй улстөрчдөө орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлсэн гэдгийг тодотгосон.  Улмаар нийслэлд “Та бидний хот” нэртэй мөрийн хөтөлбөрөө иргэд, сонгогчиддоо танилцуулна. Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, амьдрах орчин нөхцлийн ая тухтай, аюулгүй байдлыг хангах нь нийслэлийн ИТХ, хотын захиргааны хийх ажил. Энэ их айлыг удирдлагаар хангаж ажиллана гэдэг маш том хариуцлага.   Тиймээс  МАХН-аас сүүлийн жилүүдэд тууштай бодлого баримталж мөрийн хөтөлбөр, зорилтдоо нэгэн зүйлийг тусгаж ирсэн.  Энэ нь  иргэдээ орлого, боломжид нь тулгуурлан өрх айлд санхүүгийн хүнд дарамт учруулахгүй байдлаар орон сууцжуулах “Өрх бүрт орон сууц” хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр ажиллана гэв.

Мөн өнгөрсөн хугацаанд аймаг, сум бүрийн онцлог, тулгамдсан   асуудалтай  МАХН-ын удирдлагууд газар дээр нь очиж, танилцсан.  Иргэдийн өрийн асуудал, эрүүл мэнд, боловсролын салбарын шинэчлэл, хуулийн байгууллагын гажуудал, төрийн албаны ёс зүй гээд олон зүйлд санал санаачлага дэвшүүлж ажиллах нь зүйтэй гэж дүгнэсэн.  Эдгээр асуудлуудыг нь орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөртөө  ч онцолсон байна. 

 

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр: Эвийн хүчээр нэг намын хүчирхийллийг зогсооно

 

-Монголчууд өнгөрсөн зургадугаар сард парламентын гишүүдээ сонгосон.  Энэ сонгуулийн үр дүн монголын ард түмнийг алмайруулсан. МАН олон суудал авч магадгүй гэсэн таамаг байв.  Гэхдээ 62 суудал биш.  Яагаад ийм үр дүн гарав гэж бүгд гайхсан.  Тиймээс АН, ШИНЭН, бие даан нэр дэвшигчидтэйгээ хамтраад сонгуулийн дүнг бид судалсан.   Гэтэл парламентын сонгууль тэр чигтээ булхай, луйвар байлаа.  Нас барсан хүмүүсээр, гадаад байгаа иргэдээр санал өгүүлсэн байв.  Нэг иргэн олон дахин удаа санал өгсөн.  Таван давхар байшин дээр хоёр давхар нэмж хаяг гаргаад хоосон санал өгүүлсэн. Хар машинаар олон мянган иргэний саналыг луйвардсан.  Энэ бол баримтаар тогтоогдсон жишээ.  Үүний үр дүнд хоёр сая гаруй сонгогчдын 28-29 хувийн санал авсан  МАН өнөөдөр парламентын 80 гаруй хувийг бүрдүүлээд сууж байна.  Монголчууд шударга, ийм зүйлтэй хэзээ ч эвлэрэхгүй.  Эвлэрэхгүйгээр яаж засах уу гэхээр одоогийн орон нутгийн сонгуулиар засч болно.  Тиймээс орон нутгийн сонгуулиар бид ард түмэнтэйгээ хамтарч МАХН, АН, Шинэ нам, бие даагчид нэгдэн албан бус эсвэл байгуулж оролцож байна.  Бид саналаа хуваахгүй.

Нэг нэгэндээ саад болохгүй.  Эвийн хүчээр МАН-ын хүчирхийллийг зогсооно гэж бодож байна. Монголчууд туйлшрах дургүй ард түмэн.  Өнгөрсөн хугацаанд орон даяар явж иргэдтэйгээ уулзахдаа үүнийг би мэдэрсэн. Харамсалтай нь улс төр нэлээд туйлширчихлаа.  Ганцхан нам Монголыг дараад хэвтчихлээ. Энэ дороос шинэ залуучуудын хувь заяа ургаж, соёолж гарч ирж чадахааргүй ийм аюултай байдалд хүрч байна.  Энэ аюулаас орон нутгийн сонгуулиар л салж чадна. Орон нутгийн сонгуулиар МАХН, АН-ын гишүүдээ дэмжиж байж энэ дарангуйлал зогсоно.  Бид “МАХН-д өгнө” гэсэн уриатай сонгуульд оролцож байна.  Бидэнд саналаа өгвөл иргэддээ боломж өгнө, ирээдүй өгнө, айдасгүй амьдрах орчныг өгнө.

 

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа: Дарангуйлал ялах уу, ардчилал ялах уу гэдэг сонголт бидэнд ирлээ

 

- Энэ удаагийн орон нутгийн сонгууль амаргүй болно. Гэхдээ ардчиллын төлөө намууд хүчээ нэгтгэсэн учраас бид ялна. Монгол Улсад ардчилал сэхээнд орсон байна.  Одоо л биднээс аврал нэхэж байна.  Тиймээс бид ялж, ардчиллаа сэхээнээс гаргах ёстой. Өнөөдөр хүчээ нэгтгэж, зүрхээ чангараад ардчиллаа аварч чадахгүй юм бол маргааш бүгдээрээ дарангуйллын боол болох цаг үед ирсэн байна.  Монголчууд маань үргэлж арга билгийн ухаанаар аж амьдралаа авч явж ирсэн. Өнөөдөр ганцхан нам засаглана гэдэг хамгийн аюултай. Бүх  зүйл ард түмний хяналтаас гарна. Үг хэлэх эрхгүй болох нь.  Би өнгөрсөн 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр ажилласан.  Тухайн үеийн парламентад тэнцвэр гэдэг зүйл байлаа.  Харин одоо бол байхгүй.  Бид орон нутгийн сонгуулиар хэн нэгэн даргыг сонгох гээд байгаадаа биш өнөөдөр дарангуйлал ялах уу, ардчилал ялах уу ийм хариуцлагатай сонгуульд оролцож байна.  Нийслэлд гэхэд МАН 26 жил дангаараа ноёлжээ.  Энэ сонгуулиар бид тэднийг нийслэлээс явуулна. 

 

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга:  Улаанбаатар дарга нар, мөнгөтэй хүмүүст зориулсан хот болсон байна

 

-30 жилийн настай Монголын ардчилал эрсдэлд орсон гэдэгтэй санал нэг байна. Нэг намын үнэмлэхүй олонх, дарангуйлал эцэс сүүлдээ иргэд үгээ хэлэх эрхгүй, зах зээлийн эдийн засгаар амьдрах боломжгүй, зөвхөн дарга нарын зааснаар, тэдний хүслээр амьдардаг ийм нийгэм рүү Монгол Улсыг оруулж байгаатай санал нийлж болохгүй. 

Тиймээс  ардчиллыг аварч үлдэхийн тулд, хамгаалж, үр хойчдоо бүтнээр нь үлдээхийн тулд та бид энэ удаагийн орон нутгийн сонгуульд оролцож байна.  Өнөөдөр манай хот, дарга нарт, мөнгөтэй хүмүүст зориулсан хот болсон байна. Дарга нар өөрсөддөө зориулсан хотоо, өөрсдийнхөө цонхоор хараад дүгнэхдээ “Аз жаргалтай хот” болсон ичихгүйгээр эндүүрч байна.   Ардчилсан нийгэмд бүх хүн тэгш боломж хүртэх ёстой. Тиймээс ардчилалын төлөө намууд нэгдсэн юм.

 

МАХН-ын Тамгын газрын дарга Н.Уламбаяр: Аравдугаар сарын 15-ны өдөр бол сонгох эрхээ арилжих биш ардчиллыг аврах өдөр

 

-Иргэд удахгүй сонгох эрхээ эдлэх гэж байна.  Иргэдийн сонгох эрх нь иргэдийн амьдрах орчин гэдэгтэй агаар нэг.  Таны хүүхдэд сургууль цэцэрлэгтэй байх уу.  Орон сууцны зогсоолын асуудал, таны орц гэрэлтэй байх уу үгүй юу гэдгээс эхлээд Улаанбаатар хот маань хэзээ нийслэл шиг нийслэл болох вэ гэдгийг шийдэх чухал сонголт ирлээ.  Аравдугаар сарын 15-ны өдөр бол сонгогч сонгох эрхээ арилжих өдөр биш.  Нөгөө талаас сонгуульд нэр дэвшинэ гэдэг аливаа нэг албан тушаалд очих тасалбар биш. Иргэн таны төлөө, эх орныхоо өмнө бид юу хийж чадах вэ гэдгээ харуулах өдөр.  Тиймээс энэ удаагийн сонгууль жинхэнэ ардчилсан сонгууль болох ёстой.

 

МАХН-ын гишүүн Л.Байгал:  Дүүргийн иргэдээ нийслэлд төлөөлнө

 

-МАХН-аас нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар тойрогт нэр дэвших болсондоо баяртай байна. Би өөрөө Улаанбаатарын унаган хүүхэд.  Чингэлтэй дүүрэгтэй өсч өндийсөн.   Тиймээс дүүргийнхээ асуудлуудыг хамгийн сайн мэднэ.  Дүүргээ, нийслэлээ хөгжүүлэхэд өөрийн сурсан мэдсэн бүхнээ зориулахыг туйлын их хүсч байна.  АН 2012-2016 онд нийслэлд томоохон бүтээн байгуулалтуудыг хийсэн.  Үүний нэг нь “Гудамж” төсөл байв.

Би энэ төсөлд ажилласан.  Асар богинохон цаг хугацаанд нийслэлийн 33 автозамын уулзварыг засч тохижуулсан байдаг.  Өнөөдөр Улаанбаатар хотод тулгамдсан байгаа асуудлыг  огино хугацаанд засч сайжруулах шийдвэрлэх боломжууд байдаг гэдгийг хэлмээр байна.

 

Д.Пүрэвдаваа: Бүгдийг гэр хороололд уриаг дэвшүүлж байна

 

НИТХ-ын сонгуульд өрсөлдөх АН-ын гишүүд нийслэлийн сонгуулийн хорооноос  мандатаа гардлаа. НИТХ-ын 45 мандатын 37-д нь Ардчилсан намаас нэр дэвшигч, найман мандатад МАХН-аас нэр дэвшигчид өрсөлдөх юм. ШИНЭ нам нэр дэвшигчдийг дэмжиж оролцоно. Сонгуульд өрсөлдөх 45 нэр дэвшигчид бүгд дээд боловсролтой.  Тодруулбал, 60 хувь нь магистр, долоон хувь нь докторын зэрэгтэй. Нийт нэр дэвшигчдийн 30 хувь нь АНУ, Англи, Япон, Европын холбооны өндөр хөгжилтэй улс орнуудад мэргэжил эзэмшсэн байна. Энэ үеэр Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваа “Ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө гэр хорооллыг онцгой анхаарсан. Бид “Бүхнийг гэр хороололд” уриаг дэвшүүлж байгаа. Учир нь хот дотроо ялгаатай хотыг цогцлоосноороо ирээдүй маань гэрэл гэгээтэй, олон улсын жишигт нийцсэн, хүн амьдрах таатай хот болж хөгжиж чадахгүй.  Улаанбаатар хотын аль ч дүүрэгт хүүхэд багачууд маань ижил, тэгш эрхтэйгээр өсөн хүмүүждэг, амьдрахад таатай орчныг бүрдүүлэх зорилтуудыг  тусгасан” гэлээ.

 

МАН-аас 33 хүн анх удаа нэр дэвшиж байна

 

МАН-аас нэр дэвшигчдийн сурталчилгаа эхэллээ. МАН нийслэлийн асуудлыг ирэх дөрвөн жилд шийдвэрлүүлэхээр сэтгэлтэй, ёс зүйтэй, мэдлэг боловсролтой, туршлагатай байх зарчимд нийцсэн 45 хүнийг нэр дэвшүүлж буй. Эдгээр нэр дэвшигчдээс эрх зүйч 10, улс төр судлаач 12, багш дөрөв, инженер тав, эдийн засагч тав, эмч нэг, нисгэгч нэг, программист хоёр, бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжил эзэмшсэн тав, хөгжлийн судлаач таван хүн байна. Харин эмэгтэй нэр дэвшигч ес, анх удаа нэр дэвшиж байгаа 33 хүн байгаа юм. Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар “УИХ, ЗГ, орон нутгийн удирдлагууд, иргэд хүчээ нэгтгэж байж улсаараа хөгжинө. Чухамхүү энэ бодлогыг нийслэл, дүүрэгт төлөөлж чадах шигшигдсэн залуусаа бид та бүхний мэргэн сонголтод илгээж байна. УИХ, ЗГ-аас гарч буй бодлого, шийдвэр иргэдийн амьдралд бодитоор хүрэх эсэх нь орон нутагт төрийн бодлогыг гардан хэрэгжүүлэх хүнээс шууд хамаардаг. Тиймээс МАН-д хариуцлагыг бүрэн хүлээлгэж, хотын хөгжилд хүчээ нэгтгэхийг уриалж байна” хэмээсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.10.1 ПҮРЭВ № 190 (6415)