Б.ОД

Авто тээврийн үндэсний төв  улс хоорондын байнгын ачаа тээврийн С зөвшөөрөл олгохтой холбогдуулан аж ахуй нэгж байгууллагуудад хийсэн шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ талаар АТҮТ-ийн төрийн өмчит үйлдвэрийн  газрын  хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга К.Айдос “Гурван сарын  хугацаанд хоёр улсын хооронд байнгын тээвэрлэлт хийх С зөвшөөрлийн бичгийг БНХАУ-ын талаас Монголд олгодог. Ингэхдээ АТҮТ-өөс  стандартын шаардлага хангасан компаниудад тодорхой тоогоор олгодог. Өнгөрсөн VII-VIII сард Шивээхүрэн болон Гашуунсухайт боомтод үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд хяналт шалгалт хийлээ. Шалгалтад нийт  161  аж ахуйн нэгж хамрагдсан. Үүнээс жолоочийн амрах, усанд орох байртай, эмчийн үзлэгт хамруулах шаардлагыг хангасан 25 компани байна. Огт шалгалтад хамрагдаагүй буюу амрах байргүй, засварын төвгүй компаниудыг цэгцлэхээс өөр арга алга” гэж ярилаа.

АТҮТ-өөс зөвшөөрлийн бичиг олгох явцыг нээлттэй байдлаар зохион байгуулахын тулд  өнгөрсөн онд “Тээврийн нэгдсэн систем” болох цахим программыг нэвтрүүлсэн билээ. Энэ талаар АТҮТ-ийн төрийн өмчит үйлдвэрийн  газрын  хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга К.Айдос “Тээврийн нэгдсэн систем”-ийг өнгөрсөн нэг жилийн хугацаанд туршсан. С зөвшөөрлийн бичиг олгох үед "Ямар компани ихийг аваад ямар нь багыг аваад байгаа юм" гэсэн хардлага сэрдлэг гардаг. С зөвшөөрөл бага авсан компаниудын зүгээс шалтгаан нөхцлөө ил тавихыг шаардсан учраас бид сайтдаа байршуулсан. Энэ хяналт шалгалтын тайланг цахим хуудсанд байршуулсан. Сонирхсон хүн бүр харах боломжтой” гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn