Б.ОД

Нүүрс тээвэрчдийн тусгаарлалтын 14 хоногийн дэглэмийг долоо хоног болгон өөрчлөхийг шаардаж Тээвэрчдийн гэргий нарын холбооны төлөөлөл өнөөдөр  Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Жавзансүрэн “Нэг жолооч хил нэвтрэх бичгээ 90 хоногийн хугацаатай авч, тэр хугацаандаа кабиндаа амьдарна. Тэгээд 14 хоног тусгаарлагдаад, үргэлжлүүлэн дараагийн улирлын 90 хоногийн бичиг гарчихдаг. Эрхэм сайд дарга нар амьдралаас хэт тасарсан ийм шийдвэр гаргаснаас нэг жолооч 90-100 хоног машиныхаа кабинд явж байна. Энэ нь нүүрс тээврийн онцгой бүсэд ажиллаж байгаа жолооч нарын гэр бүлтэйгээ байх, эрүүл мэнддээ анхаарах эрхийг зөрчиж байна. Тиймээс бүх нийтээр хөл хориог сулруулсан шигээ  нүүрс тээврийн жолооч нарын дэглэмийг долоо хоног болгож өгнө үү.  Ирэх сарын 2-ны дотор нүүрс тээвэр хийж байгаад амь насаа алдсан жолоочдын ар гэртэй уулзахгүй бол амь насыг нь нэхэж, нөхрийнхөө тостой хувцсыг Сүхбаатарын талбай дээр шатааж, тэмцэнэ гэдгээ мэдэгдье” гэв. Учир нь цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдлын үед ажиллаж байсан нүүрс тээврийн  жолооч харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарчээ.

Эх сурвалж:www.polit.mn