Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд аравдугаар сарын 1-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

НҮБ-ын Ерөнхий ассамблей 1990 оны арванхоёрдугаар сарын 14-ны өдрийн 45/106 тоот тогтоолоор аравдугаар сарын 1-ний өдрийг Олон улсын ахмадуудын өдөр гэж тооцох шийдвэр гарган ахмад настнуудын асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулахаар шийджээ. Эхлээд энэ өдрийг Европт дараа нь Америкт тэмдэглэж байгаад ерээд оны сүүлчээр дэлхий даяар тэмдэглэх болсон байна. НҮБ-ын мэдээгээр дэлхийн хүн амын дундаж нас 46-68 болон нэмэгдсэн ба зууны төгсгөлөөр тэр нь 81 болох юм. Одоо дэлхийн хэмжээнд 60-аас дээш настай 700 сая орчим хүн байгаа ба 2050 он гэхэд тэдний тоо дэлхийн хүн амын 20 хувь буюу  хоёр тэрбум болно. Ямартай ч, ХХ зуунаас эхлээд дэлхийн дийлэнх оронд ахмад настнуудад тэтгэвэр өгдөг тогтолцоотой болсон юм. Тэтгэврийн хэмжээ ч дайн тулаантай онуудыг эс тооцвол жил ирэх тусам нэмэгдэж ирсэн. Тэтгэврийн хэмжээ нь тухайн улсын тэтгэвэр бүрдүүлэх тогтолцооноос ихээхэн хамааралтай. Одоогоор дэлхийд тэтгэвэр бүрдүүлэх гурван үндсэн систем байдаг аж.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон үйл явдлуудаас хүргэж байна

1975.10.01. Хөгжийм олон улсын өдрийг энэ өдөр ЮНЕСКО-гийн шийдвэрээр бий болгожээ. Түүнийг санаачлагч нарын нэг нь ХХ зууны алдарт хөгжмийн зохиолч Дмитрий Шостакович байсан ба уг баярыг дэлхий даяар концертын өргөн хөтөлбөрөөр тэмдэглэх бөгөөд энэ өдөр дэлхийн соёлын санд орсон бүтээлүүд тоглогддог. Африкийн агуйгаас аль эрт мөхсөн омгийнхны хөгжмийн зэмсэгтэй ханын зураг олдсон билээ. Бид тэр хүмүүсийн сонсож байсан хөгжмийг хэзээ ч сонсохгүй ч хөгжим дээр үед хүнд баяр баясгалан, уйтгар гуниг авчирч байсныг бид мэдэрнэ. Хятадын археологчид 2000 онд Хань улсын үеийн 2000 жилийн өмнөх хөгжмийн зэмсгийн музейг олж байлаа. Хөгжим үл хөгшрөх бөгөөд хүн оршин тогтнох бүхий л хугацаанд биднийг дагалдах юм.

1949.10.01. Орчин үеийн Хятадын хамгийн том баяр БНХАУ байгуулагдсаны ой энэ өдөр тэмдэглэгдэж байна. Тавиад оны үеэр Бээжингийн Тянь Аньмэнийн талбайд уг баярт зориулсан цэргийн парад болдог байсан ба сүүлийн үед зөвхөн тэгш тоотой жилүүдэд парад хийх болсон. Соёлын хувьсгалаар түүнийг болиулсан юм. Баярын парад жагсаалыг зөвхөн 1984 онд сэргээжээ.

Эх сурвалж www.zms.mn