Б.ОЮУНЗУЛ

 

Сүүлийн жилүүдэд бүсгүйчүүд гар урлалыг их сонирхох болсон. Энэ удаагийн “Урлан” булангийн зочноор эсгий болон даавуугаар хүүхдийн ном хийдэг Ж.Өлзийдүүрэнг онцоллоо.

 

Ж.Өлзийдүүрэн 92 дугаар сургуулийн англи хэлний багш юм. Тэрээр сүүлийн хоёр жилийн хүүхдээ харах хугацаандаа өөрийгөө хөгжүүлэх үүднээс гар урлалыг сонирхож эхэлсэн байна. Тэрээр гар урлалыг энгийн нэг байдлаар хийхийг хүсээгүй. Хүүхдэд ээлтэй тоглоом хийхийг хүсчээ. Тиймээс хамгийн түрүүнд хүүхэд юунд дуртайг олж, тэднийг хөгжүүлэх ном хийхийг хүссэн байна. Хүүхэд бүр өөр өөрийн гэсэн ертөнцтэй. Тэр ертөнцийг дуртай тоглоом болон хүүхэлдэйн киноны баатраар нь хийж өгдөг байна. Хүүхдээ хараад гэртээ суудаг түүний хувьд материал авахаар гарна гэдэг их хүндрэлтэй. Нөхөр нь бүтэн сайн өдөр амардаг болохоор Ж.Өлзийдүүрэн тэр өдөр л гэрээсээ гарч бүх ажлаа амжуулдаг. Эхлээд зах гарч эсгий авч эсгийгээр 3D ном хийдэг байсан бол сүүлдээ эсгийгээ өөрөө гараараа хийдэг болжээ. Мөн тухайн захиалагчийн дуртай өнгөөр номынхоо хавтасыг хийдэг болсон байна. Ж.Өлзийдүүрэн “Би эхлээд гар урлалаар ээмэг, зүүлт хийдэг байсан. Хүмүүс гар урлал гэхээр бүгд л ээмэг зүүлт хийдэг. Гар урлал гэдэг ойлголт нь тэр. Гэтэл гар урлал нь дотроо бүх л зүйл рүү орж болохоор тийм том далай мэт зүйл байгааг ойлгодоггүй.  Би ч гэсэн өөрөө гараагаа ээмэг зүүлтээр л эхэлсэн.  Гэхдээ надад арай өөрөөр сэтгэх боломж олдсон. Би тэр боломжийг олж харсандаа их баярладаг. Хүүхдийн хөгжилд ном их чухал. Би өөрөө багш хүн болохоор хүүхдийг номоор өөрийнхөө төсөөллийг бий болгодог гэж боддог” гэж байлаа. Орчин үед хүмүүс хүүхдийнхээ боловсролд их анхаардаг болсон. Өөрийнх нь дуртай чиглэлээр тухайн хүүхдээ хүмүүжүүлдэг болсон. Энэ нь хүүхдийн сэтгэн бодох чадвар болон хөгжилд нь эергээр нөлөөлдөг аж. Тиймээс Ж.Өлзийдүүрэн өөрийн хийсэн номондоо тухайн хүүхдийн дуртай тоглоом болон хийх дуртай зүйлийг нь онцлон хийдэг байна. Тэрээр нэг номыг 14 хоногийн хугацаанд хийдэг. Сүүлийн үед дан ганц эсгийгээр ч биш даавууг ч хатуу биет болгон ном хийдэг болжээ. Эсгий болон даавуугаар ном хийхэд ялгаа их байдаггүй ч өнгө үзэмжний хувьд даавуун материал нь илүү өнгөлөг харагддаг гэж байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.30 ЛХАГВА № 189 (6414)