Б.ДОЛЖИНЖАВ

Сүхбаатар дүүргийн XI  хороололд барьж байгаа Үндэсний номын сангийн шинэ барилгын урд талын 12А, 12Б байруудад тулгаж барьсан барилгын үйл ажиллагааг  зогсоолоо.  Энэ барилгын ажлаас болоод бохир хальж, гудамж талбай өмхий үнэртэй болсон учир  оршин суугчид Мэргэжлийн хяналтын байгууллагад хандаж, байцаагчийн дүгнэлтээр тавдугаар сард барилгын ажлыг зогсоосон. Гэтэл сонгуулийн өмнө барилгыг дахин барьж эхэлжээ.

Энэ талаар НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал “Энэ барилга Ерөнхий төлөвлөгөөний газраас баталж өгсөн архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу баригдаагүй, норм, дүрэм стандартыг зөрчиж, газрыг зориулалтын бусаар ашигласан гэж үзээд барилгын ажил эрхлэх зөвшөөрлийг цуцалж байна" гэсэн юм. Харин "Сант хаан" компанийн захирал Д.Зоригт  "Манай барилгын Архитектур төлөвлөлтийн даалгавар гарсны дараа СБД-ийн барилга баригдаж, тэндээс гарах бохирын шугамыг холбогдох байгууллагуудын ямар ч зөвшөөрөлгүйгээр манай газар дээгүүр тавьчихсан. Тиймээс барилгаа зүүн  тал руу  болгож барьсан. Үүнийгээ Ерөнхий төлөвлөгөөний газартай зөвшилцөөд барилгын ажлаа эхлүүлсэн" гэх тайлбарыг өгсөн юм.

Эх сурвалж:www.polit.mn