Б.ДОЛЖИНЖАВ

 

Өвөрмонголын  сургуулиудад энэ хичээлийн жилээс гурван хичээлийг Хятадын үндэсний мандарин хэлээр заах шийдвэр гарч, Өвөрмонгол төдийгүй монголчууд бид эсэргүүцэн жагссан билээ. Яг үүнтэй холбогдуулан эх хэлээ, тэр дундаа Үндэсний уйгуржин бичгээ хэрхэн хамгаалах, хэрэглээндээ нэвтрүүлэх талаар асуудал  сөхөгдөж байна.  Тиймээс манай улс монгол бичгийг хэзээнээс хэрэглэж ирсэн, үүнийг бүх нийтийн хэрэглээ болгоход хэрхэн анхаарч байгаа талаар тоймлон хүргэж байна.

 

ХIII зууны үеэс Монгол улсад албан хэргийг монгол бичгээр хөтөлж иржээ

 

Монгол Улс бичиг үсгийн мянган жилийн түүхтэй эртний соёлт улсын нэг. Монгол бичиг нь Монголын ард түмний соёл, мэдлэгийн санг олон үеийн турш тээж ирсэн билээ. Түүх сөхвөөс ХIII зууны үеэс 1950 он хүртэл 750 гаруй жил Монгол Улсад албан хэргийг монгол бичгээр хөтөлж иржээ. Сүүлийн 40 гаруй жилд улсын албан хэрэг, хэвлэн нийтлэх үйл ажиллагаа, хүн амд боловсрол олгох ажлыг үндсэнд нь шинэ үсгээр явуулж байгаа боловч монгол бичгийг ахмад үеийнхэн хэрэглэж, олон эрдэмтэн соёлын үнэт бүтээлийг хэвлэн нийтэлж, ерөнхий боловсролын сургуулийн 7, 8 дугаар анги, их, дээд сургуулийн мэргэжлийн ангиудад зааж байв. Тодруулбал, ЕБС-ийн дунд, ахлах ангид 1980-аад оны дунд үеэс монгол бичгийг заах болсон юм.

Ийн 1991 онд “БНМАУ-д албан хэргийн монгол бичгээр хөтлөн явуулах болон түүний бэлтгэл ажлыг хангах тухай” Улсын Бага Хурлын 36 дугаар тогтоол гарсан. Энэ  хүрээнд БНМАУ-д төрийн албан хэргийг сурагч, оюутнууд, нийт иргэдэд монгол бичгийг зааж сургах, багш бэлтгэх, ном, сурах бичиг зохион хэвлүүлэх заах арга боловсруулах, зөвлөгөө өгөх, хяналт шалгалт явуулах зэрэг нэлээд далайцтай ажил зохиогдов. 1994 оны  долдугаар  сард гарсан Улсын Бага Хурлын 66 дугаар тогтоолд албан хэргийг монгол бичгээр хөтлөн явуулах бэлтгэл хангагдаагүйг тэмдэглээд албан хэрэг болон сургалтыг кирилл бичгээр явуулахаар заасан. Мөн  монгол бичгийн талаар сүүлийн  гурван жилд хийсэн ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Уйгуржин монгол бичгийн үндэсний хөтөлбөр” боловсруулан батлуулахыг Засгийн газарт даалгасан байна.

 

Насанд хүрэгчдийг монгол бичигт сургах сургалтын төвтэй болно

 

 Монгол Улсын Их Хурлын 1995 оны 43 дугаар тогтоолоор Монгол бичгийн үндэсний хөтөлбөр анх батлагдсан байдаг. Энэ үндэсний хөтөлбөрийг 1995-2005 онд хэрэгжүүлэхээр болсон юм.

“Монгол бичгийн үндэсний хөтөлбөр–I”- ийн онцлох заалтууд

♦ Бүх шатны сургуулийн сургалтын төлөвлөгөөнд монгол бичгийн хичээлийг оруулж, зарим хичээлийн сургалтыг монгол бичгээр явуулна.

♦ 1995-1996 оны хичээлийн жилээс сургуульд орж, кирилл бичгээр сургалтаа эхэлж байгаа сурагчдад гуравдугаар ангиас суурь боловсролын агуулгад багтаан монгол бичгийг бие даасан хичээл болгон заахын зэрэгцээ 5-10 дугаар ангид нь нийгмийн ухааны зарим хичээлийг монгол бичгээр заана.

♦ Их, дээд сургууль, коллежид монгол бичгийн хичээлийг сургалтын төлөвлөгөөнд багтаан үргэлжлүүлэн заана. Багш бэлтгэдэг сургуульд судлах монгол бичгийн хичээлийн цагийг нэмэгдүүлэн, төгссөний дараа мэргэжлийн хичээлийг заахдаа монгол бичгийг хэрэглэх чадвар эзэмшүүлнэ.

♦ Аймаг, нийслэл, сум, дүүргийн аль ч шатны сургууль нь насанд хүрэгчдийг монгол бичигт сургах сургалт, арга зүй, зохион байгуулалтын төв байна.

♦ Монгол бичгийн анхан шатны болон гүнзгийрүүлсэн сургалтыг радио, телевиз, тогтмол хэвлэлээр явуулна.

♦ Иргэдийг оршин буй нутаг дэвсгэр, эрхэлж байгаа ажил хөдөлмөрийн нь онцлог байдлыг харгалзан түр сургалт, бүлгэм дугуйлан, шавь сургалтын болон бие дааж суралцах хэлбэрээр зохион байгуулна хэмээн тусгажээ.

 

ЕБС-д монгол бичгийн танхим байгуулна

 

“Монгол бичгийн үндэсний хөтөлбөр II”-ыг 2008-2015 онд, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ыг  2015-2025 оны хооронд хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол гарсан. Ийн 2008-2015 онд хэрэгжих байсан хоёрдугаар хөтөлбөр Засгийн газрын  энэ  оны  гуравдугаар сарын 18-ны 96 дугаар тогтоолоор хүчингүй болсон юм.

“Монгол бичгийн үндэсний хөтөлбөр II”-ийн онцлох заалтууд

♦ Монгол бичгийн сургалтын орчинг сайжруулж,  хэрэглээг өргөтгөнө. Иргэдэд монгол бичгийг албан болон албан бус сургалтаар зааж сургах

♦ Төрийн ёслол, хүндэтгэлийн арга  хэмжээнд монгол бичгийг хэрэглэж байх

♦ Төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын хаяг, бүтээгдэхүүний шошгыг монгол бичгээр үйлдэхийг дэмжих

♦ ЕБС-д монгол бичгийн танхим байгуулах, сургалтад хэрэглэж байгаа компьютерт  монгол үсгийн программ суулгаж, түүнийг ашиглаж сургах, хэрэглээ болгох

♦ Орчин цагийн уран зохиолыг монгол бичгээр хөрвүүлэн хэвлэж, монгол бичгээр унших нөхцөлийг бүрдүүлэх

♦ Хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдлага, зохион байгуулалтаар хангах үүрэгтэй  ажлын хэсгийг Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хариуцна.

♦ Хөтөлбөрийн хүрээнд гүйцэтгэсэн ажлын тайланг жил бүр Засгийн газарт тайлагнана.

 

Бүх нийтээр монгол бичигт шилжих бэлтгэлийг бүрэн хангана

 

Монгол Улсын Засгийн газар ээлжит хуралдаанаараа “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ыг хэлэлцэн баталсан. Энэ хөтөлбөрийн зорилго нь Монгол хэлний тухай хуульд зааснаар 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон үндэсний монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжих бэлтгэлийг бүрэн хангахад оршино. Хөтөлбөрийн төсөлд  дөрвөн зорилтын хүрээнд 56 арга хэмжээг 2020-2024 онд хэрэгжүүлэхээр тусгажээ.

“Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ийн онцлох заалтууд

♦ Энэ хөтөлбөрт соёл, урлаг, шинжлэх ухаан, хэвлэл мэдээлэл, төрийн бүх шатны байгууллага ижил төвшинд хамтран ажиллах шаардлагатай. 

♦ Нийгмийн сүлжээнд монгол бичгээ хэрэглэх технологийг нэвтрүүлж, контентын төрөл, хэлбэрийг олшруулах;

♦ Төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөх стандартыг батлах

♦ Хэвлэл мэдээллийн байгууллагууд нийтлэл, мэдээллийн агуулгыг 2024 он хүртэл үе шаттайгаар хос бичгээр хэвлэх, нийтлэх

♦ “Төрийн мэдээлэл” сэтгүүлийг 2021 оноос эхлэн хос бичгээр хэвлэж, 2023 оноос зөвхөн монгол бичгээр хэвлэх бэлтгэл хангаж, хэрэгжүүлэх

♦ 2020-2021 оны хичээлийн жилээс их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвд монгол бичгийн хичээлийг заавал судлана гэж тусгасан байна.

Монгол хэлний тухай хууль баталлаа

 

Монгол Улсын Их Хурлаас 2015 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр Монгол хэлний тухай шинэ хуулийг батлан, мөн оны долоодугаар сарын нэгний өдрөөс орон даяар даган мөрдөж эхэлсэн.  Энэ хуулийн  11.1.2-т “Монгол хэл, бичиг үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх, хамгаалах, хөгжүүлэх, үндэсний бичгийн хэрэглээнд албан ёсоор шилжих дунд болон урт хугацааны үндэсний хөтөлбөр, дүрэм, журам, үндсэн чиглэл боловсруулж хэрэгжүүлэх” хэмээн заажээ. Дээрх мэдээллүүдээс харвал  1995-2015 оны хооронд хэрэгжсэн “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-I, II”-ийн хэрэгжилт гэж хөрсөн дээр буусан зүйл тун цөөн байна. Хэрэв III хөтөлбөр өмнөх хоёр хөтөлбөр шиг үр дүн муутай өрнөвөл бид үндэсний бичгээ бүх нийтийн хэрэглээнд бүрэн дүүрэн нэвтрүүлж чадах уу гэдэг нь эргэлзээтэй байна. Дээрх хөтөлбөрүүдэд ямар заалт тусгасан нь бус хэрхэн хэрэгжүүлэх нь чухал юм. Шинэ  хөтөлбөрийнхөө хэрэгжилтэнд хатуу хяналт тавьж, 2025 он гэхэд үндэсний бичгээрээ бүгдээрээ бичдэг больё.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.29 МЯГМАР № 188 (6413)