Б.ДОЛЖИНЖАВ

Ахмад настнууд “COVID-19” халдвараас   хэрхэн сэргийлэх талаар Геронтологийн Үндэсний төвийн эмнэлгийн тусламж үйлчилгээний албаны дарга Ч.Одгэрэл Эрүүл мэндийн яамны ээлжит хурлын үеэр  мэдээлэл өглөө.  Тэрээр “Монгол Улсын хэмжээн дэх нийт ахмад настны 52 хувь нь Улаанбаатарт амьдардаг. Үүний 20 хувь нь  эрүүл мэндийн 4, 5 дугаар бүлэгт хамрагдаж, төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг авч чадахгүй гэрийн тусламж үйлчилгээнд хамрагддаг. Тиймээс Улаанбаатарт амьдарч буй 6895 настан, Батсүмбэрийн Ахмад настны үндэсний төвийн 136 асруулагчдад төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг байгаа газарт нь очиж үзүүлсэн. Геронтологийн Үндэсний төвийн Гэрийн тусламж үйлчилгээний багт зайн оношилгооны мобайл технологийг нэвтрүүлэн ажиллаж байна. Хөдөө орон нутагт болон алслагдсан аймаг сумдад ажиллаж буй өрхийн болон сумдын анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгчдэд зориулсан зайн сургалтын өрөөг тохижуулсан” гэсэн юм.

Ахмад настнууд коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд дархлаагаа сайн дэмжих, дасгал хөдөлгөөн хийх, архаг хууч өвчний эмчилгээгээ сайн хийх, уушгины архаг бөглөрөлтөт өвчтэй хүмүүс улирлын томуугаас сэргийлэх вакцинд хамрагдах хэрэгтэйг зөвлөлөө.

Эх сурвалж:www.polit.mn