С.УЯНГА

 

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж  Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа хуульч О.Буяннэмэхийг урилаа.

 

МАЛАА ЭРҮҮЛЖҮҮЛЖ ЧАДВАЛ ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛ ОЙРХОН БАЙНА

 

БЛИЦ:

♦ 1998 онд Их засаг их сургуульд элсэн орж, Эрх зүйч мэргэжил эзэмшсэн. Мөн МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйн магистраар дүүргэсэн.

♦ 2006-2009 онд Ерөнхийлөгчийн Тамгын газарт референт, Ерөнхийлөгчийн дэргэдэх эрдэмтэн, мэргэжилтний салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга

♦ 2007-2009 онуудад “Ойска-Монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн

♦ 2007-2010 онуудад Монголын эрсдэлийн менежментийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн

♦ 2009-2013 онуудад “Глобал энержи консалтинг” ХХК-ийн Гүйцэтгэх захирал

♦ 2012 оноос “Монфарм трейд” ХХК-ийн Гүйцэтгэх захирал

♦ 2014-2016 онд “Гутал” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, Төлөөлөн Удирдах зөвлөлийн дарга.

♦ 2014-2016 онуудад МАХН-ын дэргэдэх Ардчилал, шударга ёс, монголын залуучуудын холбооны Тэргүүн

♦ 2013 оноос МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, МАХН-ын Бага чуулганы гишүүн

♦ 2014 оноос Төв аймгийн МАХН-ын Түмтийн даргаар ажиллаж байна.

 

-Монгол Улс хөдөө аж ахуйн онцлог, ач холбогдолтой орон. Уламжлалт түүх соёл, зан заншил, өв соёлоо хадгалж ирсэн азтай ард түмэн. Мөн дэлхийд  хөгжил, хүн амаараа тэргүүлж байгаа хоёр том гүрний дунд оршино гэдэг геополитикийн хувьд ч завшаантай. Олон арван жилийн тэмцэл, түүхийн үр дүнд бид тусгаар тогтнолоо баталгаажуулж, дархлаагаа тогтоосон.

Манжийн хааны үед монголчуудыг тархай бутархай байлгах бодлого баримталж хошуу нэгжид хувааж байсан. Энэ зохицуулалт өнөөдрийг хүртэл үйлчилж байгаа нь есөн дүүрэг, 21 аймаг, 330 сумаас харагдаж байна. Зарим сум 2000 хүрэхгүй хүн амтай, дэд бүтэцгүй. Хөгжлөөс хэтэрхий хол байгаа нь тархай бутархай байдалтай холбоотой. Энэ нь ч хөгжлөөс хоцрогдож байгаагийн нэг шалтгаан.

Монгол Улс 80 сая малтай. Дэлхий нийтэд махны хэрэглээ өндөр байна. Зөвхөн хоёр хөршийнхөө махны хэрэглээг хангахад л малчдын амьдрах чадамж, улсын эдийн засаг эрс сайжирна. Гэтэл дэлхийн Мал амьтны эрүүл мэндийн байгууллагад шүлхийн бүсийн орон гэсэн хоригтой хэвээр байна. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд төр засгаас хоригийг цуцлах ямар нэг  оролдлого хийсэнгүй. Юуны түрүүнд Монгол малыг эрүүлжүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй.

Монгол Улсын хөгжлийн гарц нь стратегийн үндсэн хүнс болсон гурил, төмс хүнсний ногоо, мал аж ахуй юм. Гэтэл ойрын хэдэн жилдээ үйлдвэрлэгч орон болж чадах эсэх нь эргэлзээтэй төдийгүй дэлхийн зах зээл дээр нэг ширхэг халбага ч  гаргаж чадахгүй байна. Бидний олон улсын зах зээл дээр хамгийн түрүүнд гаргах бүтээгдэхүүн бол мал аж ахуй, газар тариалан юм. Монгол Улс мах, хүнсний ногоогоороо дотоодын хэрэгцээгээ хангана гэж үзэж байгаа ч үнэ хэтэрхий өндөр. Иргэдийн худалдан авах чадвар улам доройтож байна. Тиймээс дотоодын үйлдвэрлэгчид бизнесээ аль болох гадаад зах зээл рүү тэлж өрсөлдөхүйц үнэ зарлах хэрэгтэй.

Жилийн өмнө Солонгост ажлаар явж байхад тэндхийн бизнесменүүд “Улаанбаатарын дэргэд байдаг хэрнээ хөгжил буурай Төв аймагт стратегийн ач холбогдолтой бизнес хийх бүрэн бололцоотой. Төмс хүнсний ногооны хөрс сайтай танай аймагтай мал аж ахуйн чиглэлээр хамтарч ажиллая. Та бүхэн малаа эрүүлжүүлчих юм бол хаягдаж байгаа богийн цувдайг 100 мянган вонноор худалдаж авья” гэсэн. Боловсруулах үйлдвэрээ Төв аймгийн газар нутаг дээр бариад нэг хонины  цувдайг Солонгосын зах зээл дээр 200 гаруй мянган төгрөгөөр авах санал тавьсан. Наад зах нь Эмээлтийн махны үйлдвэрүүдийг харахад гэдэс цувдайг гадуураа дүүрэн хаячихдаг. Гэтэл монгол малын цувдай дархлаа дэмжихдээ хамгийн шилдэг нь гэдгийг дэлхийн бусад улс орнууд мэдчихээд авъя гэхэд шүлхийн бүс нутаг гэсэн хориг, хар тамгатайгаа байсаар л байна. Бид малаа эрүүлжүүлчих юм бол төсөөлөхийн аргагүй боломж дүүрэн.

Төрийн бодлогоор чанартай, шаардлага хангасан вакцин оруулж ирээд малаа эрүүлжүүлэх асуудлыг цогцоор нь шийдчихвэл өөр. Өнөөдрийн хэрэглэж байгаа вакцин хэр сайн эсэх, 60 сая малд хүрэлцдэг нь тодорхойгүй. Үндсэн хуульд мал төрийн анхааралд байна гэж хуульчилсан хэрнээ малыг эрүүлжүүлэх асуудлыг огт тоохгүй байна. Эрүүл махтай гэдгээ баталгаажуулж чадвал зөвхөн дотоодын хэрэгцээнд үнийн уян хатан бодлогыг баримталж хоёр хөрш рүү гадаад зах зээлийн үнэ ханшаар борлуулах бүрэн бололцоотой. 2012 онд махны бизнес хийх гээд Хятадуудтай хамтарч ажиллаж байхад 10 сая малыг өндөр үнээр авна. Гэхдээ хятадын ард түмэн идэхгүй. Зөвхөн батлан хамгаалах салбар, цэргийн хүчний хүнсэнд хэрэглэхэд л арайхийж хүрэлцэнэ. Хамгийн гол нь танай Монгол Улс малаа эрүүлжүүлээд өгөөч гэж хэлж байсан. Харамсалтай нь найман жилийн дараа энэ нөхцөл байдал хэвээрээ.Харин ч улам доройтлоо.Мал аж ахуйн салбарыг эрчимжүүлнэ гэдэг. Гэтэл бэлчээрийн хариулгатай 1000 хонийг үүлдэр угсааг нь сайжруулаад 200 болгоход хүндрэлтэй. Эрчимжүүлэхэд өртөг өндөр, манай орны уур амьсгалд дасан зохицох чадвар сул гээд сөрөг нөлөөтэй. Малыг эрүүлжүүлж дэлхийн зах зээл дээр гарах боломжийг нээж брэнд болгож  чадвал Монгол Улс аяндаа хөгжинө. 

 

МОНГОЛЫН ЭКОЛОГИЙН ТЭНЦВЭРТЭЙ ХӨРСӨНД УРГАСАН НОГООГОО ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД ГАРГАЯ

 

-Ямар ч ашиглалтгүй Дорнодын тал дээр газар тариалангийн бизнесийг маш сайн өргөжүүлэх хэрэгтэй. Дэлхийн зах зээл дээр Монголын экологийн тэнцвэртэй хөрсөнд ургасан хэмээн сурталчлан борлуулъя. Ингэж байж газар тариалангийн бизнес эрхлэгчид илүү хөгжихгүй бол Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн өрнөөс өрний хооронд байна. Бүх насаараа газар тариалангийн бизнес эрхэлсэн хэрнээ дээшилж дэвжсэн зүйл алга. Тиймээс стратегийн хүнсний бизнес эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжийг онцгойлон дэмжиж дэлхийн зах зээл дээр өндөр өртгөөр гаргах брэнд түүхийг бүтээхгүй бол гол салбарууд хөгжихгүй байна. Уул уурхай алт, нүүрс зэсээс илүү мах, хүнсний ногоо хөгжлийг авчирна. Хэт уул уурхайгаас хараат болохгүйн тулд үйлдвэрлэгч орон болох ёстой.

Манай Төв аймаг төмс хүнсний ногоогоороо Монгол Улсад алдартай. Жаргалант, Борнуурын сангийн аж ахуй байсан газар нэгдүгээр зэргийн хөрстэй. Эрүүл хөрснөөс чанартай ургац хурааж авч байгаа тариаланчдын  ганц хүсэл нь үнийг төр зохицуулж өгөөч гэж байгаа юм. Төв аймгийн удирдлагууд Жаргалантын төмс хүнсний ногооны үнийн тогтвортой байдлыг хангахад бодлогын хэмжээнд оролцох ёстой. Гэтэл хэдхэн ченж шуудай төмсийг 20 мянган төгрөгөөр өгөх биш эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстой юм. Тухайлбал, нийслэлчүүдийн хэрэглэж байгаа шарсан төмсийг гаднаас авдаг. Гэтэл Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйг түшиглээд шарсан төмсний үйлдвэр байгуулж Улаанбаатарын том, жижиг зоогийн газруудад нийлүүлж яагаад болохгүй гэж. Төр үйлдвэрээ байгуулаад менежментийн гэрээгээр тариаланчдад хариуцуулж болно. Төмс хүнсний ногоогоо эцсийн бүтээгдэхүүн болгож дотоодын зах зээлээ хангаж чадвал үнэ уян хатан тогтоно. Бүр цаашилбал, Монголын экологийн тэнцвэртэй хөрсөнд ургасан, хүний биед ямар нэг сөрөг нөлөөгүй давуу талаараа дэлхийн зах зээлд гаргаж болно. Энэ бүгдийг одоо л шийдвэрлэхгүй бол Монголыг хөгжүүлнэ гэж хэт том юм яриад хэрэггүй.

Коронавирусын цар тахлаас болж дэлхийн худалдааны бизнес бүхэлдээ хямарч  байгаа нь Монголд хүчтэй нөлөөлж байна. Өнгөрсөн хавар зах зээлийнхээ зарчмаар явж байсан ноолуурыг төрөөс 100 мянган төгрөг болгоно гээд баллачихлаа. 10 мянган тонн ноолуурын 70 хувийг гадагшаа гаргадаг хэрнээ хятадтай ойлголцоогүй байж дотооддоо 100 мянган төгрөгөөр үнэ барих буруу. АНУ-ын Ерөнхийлөгч Хятадад айлчлахдаа хамгийн эхэнд гахайн мах аваач гэсэн хүсэлт тавьж байх жишээтэй. Том улсын төрийн тэргүүн Хятадын 1.4 тэрбум хүнд гахайн мах нийлүүлэхийн тулд уулзалтын эхний сэдвээ болгож байна. Үүнтэй адил аж ахуйн нэгж, малчдаа аварч ноолуурын асуудлаа шийдвэрлэхийн тулд манай улсын Төрийн тэргүүн, Ерөнхий сайд Хятадтай уулзах хэрэгтэй. Зөвхөн ноолуурын цаана 400-500 мянган малчин өрх хамаг малаа барьцаалчихаад банкны зээлээ төлөх гээд төрийн зохицуулалтыг хүлээж байна. Монголчууд нүүрс аваач гэж очихоос илүүтэй мах, ноолуураа өгөх талаар ярилцах хэрэгтэй.

 

БАЙГАЛИЙН БАЯЛГААС ЭРСДЛИЙН САН ҮҮСГЭХ ГАРЦ БИЙ

 

-Бизнесийн салбарт ажилладаг хүний хувьд цар тахлаас болж бизнес эрхлэгчид хэрхэн сөхөрч байгааг биеэрээ мэдэрч байна. Одоо бол ашиг харах нь битгий хэл ажилчдаа яаж цомхотгохгүй, цалинг нь тасалдуулахгүй байх вэ гэдэгт л анхаарч байна. Хичээгээд ч нэмэр алга. Ийм байдлаар бизнесийн салбарынхан хэр удаан тэсэхийг мэдэхгүй байна. Улсын төсвийг бүрдүүлж, ажлын байр бий болгодог хувийн хэвшлүүдийн орлого 50 хувь буурч, хаалгаа барьж байхад төрөөс ямар ч зохицуулалт хийсэнгүй. Засгийн газраас орлогынхоо талыг алдсан бол 200 мянган төгрөг өгч байгаа нь бодит дэмжлэг, зохицуулалт биш. Германд цар тахлын эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд таван жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгжүүдэд таван сая евро хүртэл мөнгө өгч байна. Үндсэн зээлээсээ хүү нь хасагдана. Гэтэл манай улсад цар тахлаас урьдчилан сэргийлж хамгаалах нь битгий хэл ямар ч бодлого баримтлахгүй Ерөнхий сайд, УИХ авч хэлэлцэхгүй байна. Бизнес эрхлэгчидтэй уулзаж байна гээд хэдэн том монополь компанийн эзэдтэй уулзаж, тэдэнд үйлчилж байна.

Коронавирустай холбоотойгоор хувийн хэвшлээ ойрын 4-5 жилд тогтвортой байлгах бодлого гаргахгүй бол болохгүй. Дараа өнөөдрийнх шиг цар тахлын нөхцөл байдал үүсвэл яах вэ гэдгээ бодож, хууль эрхзүйн орчноо тодорхой болгох хэрэгтэй.

Аймаг, сумын удирдлага иргэдэд хамгийн ойр ажиллах үүрэгтэй. Гэтэл Төв аймгийн удирдлага, ИТХ-д шат шатандаа гарсан хүмүүс иргэдэд ойрхон, орон нутгийн хөгжилд нэмэртэй байж чадахгүй байгаа. Иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд үүрэг хариуцлага хүлээж ажиллах ёстой. Гэтэл эрх, үүргээ буруу ойлгож, иргэдийнхээ өмнөөс гаргаж байгаа шийдвэр нь хаалттай. Бизнес эрхлэгчдийнхээ зовлон жаргалыг ойлгох нь битгий хэл тендер рүүгээ улайрсан бүлэглэл бий болсон. Төв аймгийн хөгжил цэцэглэлтэд чин сэтгэлээсээ оролцоё гэсэн бизнес эрхлэгчдээ дэмжиж байгаа зүйл аль ч салбарт байхгүй. Төсвийн мөнгөөр зам тавьж, сургууль цэцэрлэг будсанаа ажил хийсэн гэж улстөрчид нь ярьдаг. Ийм маягаар хөгжихгүйг Төв аймгийнхан өнгөрсөн хугацаанд хангалттай харлаа. Одоо арай бодитой ажил хийх, хариуцлагатай, сэтгэлтэй хүмүүсээ сонгох цаг болсон. Гэтэл өнөөгийнх шиг нэг замын засаглалтай, бүх зүйл нь хаалттай байгаа нь хөгжилд тушаа болж байна.

Нийслэлд хамгийн ойр стратегийн ач холбогдолтой Төв аймагт нийслэлийн 1.5 сая иргэнийг бүрэн хангах мал аж ахуйн нөөц бий. Мөн Туул гол руу цутгаж байгаа бохирыг яаралтай зогсоохгүй бол тэндээс ундаалж байгаа малын махыг нийслэлчүүд идэж эрсдэлд орох аюултай. Цаг агаарын хүнд хэцүү үед тэмцэж байгаа малчин, тариаланчиддаа үнийн тогтвортой  бодлого гаргаж өгмөөр байна. Ер нь Монгол Улс мал аж ахуй, төмс хүнсний ногооны салбараа онцгойлон анхаарч хоёр хөрш, дэлхийн зах зээлд өндөр үнээр борлуулах гарцыг нээхгүй бол дотоодын зах зээл хэдхэн ченжийн гарт орсныг төр зохицуулж чадахгүй байгаа нь эмгэнэл.

Орон нутгийн удирдлагад бүх эрх мэдэл нь байгаа хэрнээ сэтгэл дутаж байна. УИХ-аас баталсан төсвийг бүтээн байгуулалт нэртэй амьгүй байшин барилгад зарцуулдаг. Гэтэл эдийн засгийн хямралтай энэ үед иргэн, өрх бүр идэж, өмсч байгаагаа танаж байна. Үүний оронд эрсдлийн сан үүсгэх хэрэгтэй. Байгалийн баялгаас ашиг авч байгаа хүмүүстэй хариуцлагын гэрээ хийж эрсдлийн сан үүсгэх гарц бий. Төв аймгийн уул уурхайгаас баялгийн сан үүсгэх ажлыг аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид заавал хийх ёстой. Энэ хуримтлалын сангаараа ажлын байр бий болгож, малаа эрүүлжүүлж, газар тариалан бизнес эрхлэгчдээ дэмжиж, эрх ашгийг нь хамгаалья.Төв аймгийн жишиг болгож өртөг багатай орон сууцжуулах төсөл хэрэгжүүлж болно.

Орон нутагт төсвийн ил тод байдал алдагдсан. Тендер худалдан авалт, уул уурхай ашигт малтмал дээр ажиллаж байгаа хүмүүст хяналт алга. Хэн хэдэн кг алт ухаж авч байгааг мэдэхгүй.Наад захын жишээ гэвэл Төв аймгийн нутаг дэвсгэрт байгаа дэлхийн зах зээл дээр 350 сая ам.долларын өртөгтэй ордыг нутгийн иргэдэд хамаарахгүйгээр ухаж төнхөж эхэлсэн. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн ам нь үдээтэй, чих нь хаалттай, нүд нь харахгүй байгаа нь харамсалтай. Монгол шиг байгалийн баялагтай улс орон хуримтлалын сан үүсгээд бүх эрсдлээ шийдвэрлэх бүрэн бололцоотой. Гэтэл төр засгийн алдаатай бодлого ард түмэнд ямар хортойг харж байна. Эрх барьж байгаа нам өнгөрсний алдаа оноог засах бүрэн боломж байсан ч нэг алхам хийхгүй байгаа нь ашиг сонирхлын зөрчил хөгжлийг хэрхэн хойш татдагийг харуулж байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.28 ДАВАА № 187 (6412)