Д.Жаргалсайхан: Намайг золиосолж, суудлыг маань Б.Хурцад өгсөн

0
хуваалцах
619
үзсэн

Г.ЖАМЬЯН

Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч

 

Eрөнхийлөгч Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нарын үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-ийн ажлын албаны даргаар ажиллаж байсан хурандаа Д.Жаргалсайхан гэнэт халагдаад сураг тасарч билээ. Д.Жаргалсайхантай 11 жилийн дараа уулзаж, болсон явдлын тухай ярилцах завшаан олдлоо.

-Юуны өмнө таныг уншигчиддаа танилцуулах нь зөв байх?

-Бололгүй яахав. Би Завхан аймгийн уугуул. Аав Доржготов жирийн малчин хүн. Харин цэргийн алба хааж ирснээсээ хойш хөдөөгийн барилга, тоосгоны үйлдвэрт ажиллаж байсан.

Миний ээж Балжинням Завхан аймгийн хүнсний комбинат бас барилгын байгууллагад аавтай хамт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Манайхны удам өндөр насладаг. Аав 100, ээж 90 хүрч таалал төгссөн. Аав хилийн цэрэгт алба хаасан хөгжилтэй явдлуудаа дурсах дуртай. Миний ээж ой ухаан сайтай, их дайчин хүн байсан. Монгол, латин, кирилл бичгийг бие даагаад сурчихсан, их соёлтой, уран хүн байж билээ.

-Та эхээс олуулаа билүү?

-Би эхээс наймуулаа. Улиастайд төрж өссөн боловч “Улаанхуарангийнх” гэж ярих дуртай. Манай гэр бүлийн амьдрал аяндаа ийшээ хөтөлсөн гэх үү дээ.

-Яагаад Улиастай-Улаанхуаран хоёр холбогдчихдог билээ. Үүнийгээ жаахан тодруулах уу?

-Хүүхдүүдээ өсч өндийж, сургууль соёлын мөр хөөх болохоор аав ээж хоёр минь гэнэт зоримог шийд гаргасан байгаа юм. Нэгдэлжих хөдөлгөөн эхэлсэн жилүүдэд 500 шахам малаа айлд данстай нь өгчихөөд Улаанбаатар руу нүүсэн юм билээ. Нутаг ус, мал хөрөнгө ч яахав хэдэн хүүхдээ л эрдэм номтой, хүний зэрэгтэй явуулъя гэж шийдсэн гэдэг юм. Ингээд л Улиастайн Доржготовынх, Улаанбаатарын бүр Улаанхуарангийн айл болж билээ. Улаанхуарангийн тоосгоны үйлдвэр байсан буйр бий. Миний өсч өндийсөн, ажил, амьдралын гараагаа эхэлсэн газар минь тэр.

-Цэргийн сургуульд саналаа өгсөн гэл үү?

-Би арван жилийн дунд сургуулийн физик, математикийн сонгоны ангийг төгсөөд “Цэргийн нэгдсэн дээд сургуульд” саналаа өгсөн. Улс төрийн ангийн оюутан болж хүссэн сургууль, мэргэжилдээ гуравдугаар курсээсээ Сүхбаатарын нэрэмжит цалин авсан. Цэргийн нэгдсэн дээд сургуульд Д.Сүхбаатарын нэрэмжит цалинтай сурна гэдэг ховор хувь тавилан байхгүй юу. Эхний цалингаа аваад ээжийнхээ дуртай баавгайтай чихэр, аавдаа бараг л амсаж үзээгүй гоё архийг нь авч өгсөн чинь их баярлацгаасан.

-Төгсөөд гялалзсан дарга хаана очив доо?

-Цэргийн нэгдсэн дээд сургуулийг алтан медальтай төгссөн. Залуу насны аагаар Зүүнбаянд албаа эхлэх санал өгч байсан юм. Гэвч цэргийн сургуульдаа авч үлдэж, ажлаар хоцорч яваа артиллерийн батерейн захирагчийн улс төрийн орлогчоор томилсон. Тэр үед гар нийлсэн залуучууд цугларч, нэг жил хагасын дотор армийн тэргүүний салбар болж, хугацааны өмнө ахлах дэслэгч, ахмад цолоор шагнагдаж байлаа. Тэр үед хугацааны өмнө цэргийн цолоор шагнагдана гэдэг том шагнал байлаа. Тавантолгой дахь сургалтын төв, Улаанбаатар хотын цэргийн комендатурт цэргийн томилолт болгоноо нэр хүндтэй гүйцэтгэсэн.

Миний байх үед төрийн ёслол хүндэтгэлийн 200 гаруй арга хэмжээнд оролцсон байдаг. Надад 1989 онд Цэргийн улс төрийн академид шалгалт өгөх эрх олгож билээ. Академид элсэх шалгалтуудад би сайн бэлтгэсэн. Даанч хувь ерөөл дутсан. Аав ээжээсээ өвлөсөн нэг онцгой чанар надад байдаг л даа. “Бурууд хатуу, зөвд зөөлөн” байх сургааль. Би та нар буруу дүгнэлээ гэж маргаад ёстой л хүчтэний дэргэд хүчгүй нь буруутай гэгч болсон доо. Миний оронд шалгалтад тэнцээгүй нэг том даргын хүүхдийг оруулчихсан байсан. “Улс төрийн газар чинь хуйвалдааны гутамшигт газар болсон байна” гээд хэлчихсэн. Тэр нь миний оронд явуулах хүндээ боломж гаргасан үйлдэл болсон. Тэгээд тэр үед “Улаан од” сонинд “Аалзны тор мэт хуйвалдаан” өгүүлэлд дурдсан их үйл явдал өрнөсөн.

-Тэгээд л ажилгүй юу?

-Нэлээд хэдэн сар ажил хайсан. Иргэний шинэ орчинд танил байхгүй хүндхэн л байсан. Найрамдлын дүүрэгт шинжлэх ухаан, боловсрол, соёл, эмнэлгийн байгууллага хариуцсан зохион байгуулагчаар иргэний ажлын гараагаа эхэлсэн. Дараа нь Улаанбаатар хотын МАН-ын Баянзүрх дүүргийн судалгаа сурталчилгааны төвийн эрхлэгчээр ажилласан. Нөгөө талдаа МАН-ын Хянан шалгах хорооны ажилтнуудыг залхтал “тэмцсэн”. Түүний хүчинд армиас үндэслэлгүй халсан нь тогтоогдож, жил хагасын дараа ОХУ-д сургуульд шалгалт өгөх эрхтэй болсон. 60 орчим хүн шалгалт өгснөөс тэнцээд ОХУ-д сургуульд явсан.

-Монголд өөрчлөлт явагдаж байсан жилүүдэд ОХУ-д байсан байх нь ээ?

-ОХУ-ын Москва хотод очоод сар болж байхад Орос оронд төрийн эргэлт гарсан. Улаан талбайд танк, хуягт орж ирэхэд эсэргүүцлийн жагсаал дунд явж байлаа. Бүх мэдээлэл хаалттай үед Нацагдоржийн бичсэн мэдээллийг МИАТ-ийн таньдаг нисгэгчээр дамжуулан “Өнөөдөр” сонинд хүргэж байсан. Их өөрчлөлтийн дараа манай сургууль хаагдаж манайхан бүгд буцсан юм. Миний хувьд “ганзагын наймаа” хийх зорилгоор үлдсэн. Оршин суух нэг жилийн зөвшөөрлөө ингэж ашиглахаар шийдсэн хэрэг. Гэвч удалгүй хаагдсан сургуулийн оюутнууд нэгдэж эрх ашгаа хамгаалах тэмцэлд боссон. Энэ тэмцлийг удирдсан В.И.Жуков бол хурандаа цолтой хүн байсан. Цэргийн хүн цэрэгтээ хайртай гэдэг шиг хүн дээ. Зөвхөн дотоодын оюутнууд төдийгүй гадаадын оюутнуудын эрх ашиг хөндөгдөж байгааг миний бие илэрхийлэх үүрэг хүлээсэн. Тэгээд олон удаагийн жагсаал тэмцэлд оролцож, улмаар Москва хотын төвд “Ленинский проспект”-д байдаг сургуулийнхаа өвч хамгаалагдсан цэрэгжилийн тэнхимийн хэсэгт цагдаагийн бүслэлт дор улс төрийн суулт, өлсгөлөнд оролцсон нь нэн ховор түүх байж магадгүй. Биднээс гадаадын хэвлэлийнхэн, CNN-ийн сурвалжлагч ярилцлага авч байлаа.

-Ховорхон тохиох үйл явдал байна?

-Тийм ээ, бидний тэмцэл Москва хотын дарга Папов, Ардчилсан хөдөлгөөний удирдагч Шварнадзе, ОХУ-ын ерөнхийлөгч Елцинтэй уулзах хүртэл үргэлжилсэн. Тэгээд ОХУ-ын ерөнхийлөгч Б.Н. Елцин шийдвэр гаргаж, шинэ Оросын нийгмийн ажилтнуудыг бэлтгэх Оросын нийгэм, эдийн засгийн их сургууль байгуулагдсан түүхтэй.

-Хэдэн онд сургуулиа төгсөв?

-1995 онд төгсөж ирээд МАН-ын Хянан шалгах хороонд эдийн засгийн асуудал хариуцсан хянан шалгагчаар томилогдож, МАН-д байсан их хөрөнгийн асуудлыг шалган тогтоох хариуцлагатай ажилд зүтгэх болсон юм. Монгол Улсын төр, засгийн эрхийг олон жил барьсан МАН-ын хур хөрөнгө гэж хэдэн их наядаар хэмжигдэх хөрөнгө байлаа. Хүмүүс надад их баримт материал өгсөн. Би ч архивын баримт материал олныг сөхөж үзсэн. Ингээд тоо тоймшгүй тэр их баримт материалыг ажилгүй сууж байхдаа судалж, эвлүүлж ном болгосон юм. Одоо ч хэдэн ном гаргана.

-Тэгээд дараа нь ҮАБЗ-д дэвшүүлэн тавьсан хэрэг үү?

-Тэр үед МАН-ын үйл ажиллагаанд хянан шалгагчаар ажиллана гэдэг улсын хэмжээний том ажил байсан. Улс төр, нийгэм, эдийн засгийн мэдлэг, мэдээлэлтэй харьцана. Нөгөө талдаа цэргийн салбарт анхан шатны нэгжээс эхлээд ажилласан зэрэг, ажлын туршлага, засгийн эрхийг барьж буй намд ажилласан нь дараагийн ажилд гол шалгуур болсон байх аа. Үндэсний аюулгүй байдлын тухай хууль батлагдаж хууль эрх зүйн орчин бүрдсэн учраас ҮАБЗ-ийн ажлын албыг шинэчлэн өргөтгөх шаардлага тавигдсан. Армиас халагдсаны дараа ОХУ-ын Москвагийн нийгэм, эдийн засгийн их сургууль, Нийгмийн ухааны академийг төгссөн нь их нөлөөлсөн байх. Нэг өдөр Ерөнхийлөгч Н. Багабанди дуудаад энэ хариуцлагатай албанд томилчихсон доо. Цэргийн хүнд тайлбар байх биш “гүйцэтгэе” гэсэн. Намайг ажлын албыг хүлээж авахад найман хүнтэй байсан.

-Та Ерөнхийлөгч Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нарын үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэдэг их айлын гал тогоонд алба хашиж. Олон түмэн энэ албыг сайн мэддэггүй. Ер нь ямар алба юм бэ?

-Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх явдлыг уялдуулан зохицуулах, хэрхэн хангагдаж байгаад хяналт тавих төрийн зөвлөлдөх байгууллага юм. Энэ хүрээнд хуульд заасан маш өргөн хүрээтэй асуудал хамаарна. Дээрх хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд туслах нь “ҮАБЗ-ийн ажлын албаны үндсэн үүрэг мөн” гэж хуульд заасан байдаг. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах хамгийн чухал албадын нэг. Энд байх хугацаанд улсын хэмжээнд зэвсэгт хүчний бүх анги, салбарууд, дархан хилийг хамгаалж байгаа бүх отряд, заставууд, Онцгой байдлын ерөнхий газрын бүх нэгж, орон нутгийн Цагдаагийн хэлтэс, сум дундын тасаг, сумын хэсгийн төлөөлөгч нар, цагдаа, гааль, мэргэжлийн хяналтын байгууллагууд, лабораториуд, хилийн боомтууд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын бүх хорих анги, хэлтэс, албадын ажил, стратегийн ач холбогдолтой бүх орд, томоохон уурхайнууд, химийн хорт бодисоор хордсон газар нутагтай бүрэн танилцсан. Улс орондоо, олон улсын хэмжээнд болсон, болж байгаа бүх чухал үйл явдлыг ҮАБЗ-ийн тэргүүн, хоёр гишүүнд тухай бүр танилцуулж, үүрэг даалгавар авч хэрэгжүүлдэг.

-Иргэдийн зарим нь их сайхан ажил гэх юм билээ?

-ҮАБЗ гэдэг айл чинь нарийн бичгийн дарга, төсвийн ерөнхийлөн захирагчтай. Ажлын албаны дарга нь ҮАБЗ-ийн Төсвийн шууд захирагчийн үүрэг хүлээдэг. Намайг найман жил ажиллах хугацаанд Нарийн бичгийн дарга нар 1.5-2 жил ажиллаад Элчин сайдаар томилогдоод явчихдаг байсан. Тиймээс ажлын албаны даргад ачаалал их байв. Энд ажиллах хугацаанд ээлжийн амралтаа авч үзээгүй. Ажлын албанд ажиллана гэдэг өөрийн хүссэнээр ажиллахгүй шүү дээ. Бүх зүйл, миний хувь заяа дарга нарын шийдлээр болно. Миний баримталдаг зарчим бол хууль зөрчсөн даргын шийдвэрийг биелүүлэхгүй байх эрхтэй гэж үздэг. Ц.Элбэгдорж, Х.Баттулга Ерөнхийлөгчийн үед нарийн бичгийн дарга нь тогтвортой ажилласан байдаг. Энэ нь ажлын албанд их тустай.

-Таны ажлыг сонирхох хүмүүс байна биз?

-Байлгүй яахав. Ил далд хэлбэрээр энэ суудлын чинь төлөө бараг л “дайн” болно. Миний гишгэсэн мөр болгоныг томруулж харах хүмүүс ч байсан. Ажлаа аваад нэг жил хагасын дараа надад төрийн нууц задруулсан хэрэг үүсгэж, гэр, ажлын тасалгааг 10 гаруй цаг нэгжиж, бараг нэг жил үргэлжилсэн, сунжирсан шалгалт, мөрдөн байцаалт хийсэн. Ингэж урт хугацаатай шалгах нь ажиллахад хэцүү. Тэгээд жилийнхээ ойн дээр прокуророос “Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Буруутгах юм л эрээд байна. Санаанд оромгүй хачин юм тулгаж байцаана гээч.

-Таныг зайлуулах гээд байдгийн цаад учир шалтгаан юу юм бол?

-Миний яс маханд шингэсэн хэдэн онцлог бий. Би армид олон жил ажилласан, цэргийн хатуу чанд сахилга батаар хүмүүжсэн хүн. Хүмүүст зарчимч хатуу шаардлага тавиад сурчихсан. Хоёрдугаарт, миний аав ээж намайг үнэнч шударга байх үзэл санаагаар хүмүүжүүлсэн. Бурууд хатуу, зөвд зөөлөн байх үзэл санааг төлөвшүүлж өгсөн юм. Буруу зүйл хийсэн бол хэнд ч шууд хэлчихнэ. Гуравдугаарт, дарга нарын үгээр, тэднийг дагаж долигонож гүйдэггүй болохоор зарим хүнд таалагдаагүй юм билээ. Нарийн бичгийн дарга шинээр томилогдох бүрт өөрсдийн хүнээ томилж, намайг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргадаг. ҮАБЗ-ийн гишүүд дэмжээгүй учраас энэ ажилд үлдээсээр ирсэн. Хэдий ийм бэрхшээлтэй ч Ажлын албыг бэхжүүлж, хуульд заасны дагуу мэдээллийн албыг шинээр байгуулж, эрдэм шинжилгээний бие даасан нэгж, Стратеги судлалын хүрээлэнтэй болж 100 гаруй хүнтэй том байгууллага болсон. Мөн хоёр том барилгатай болгож, ажилтнуудынхаа ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж чадсан. УИХ-ын сонгуулийн үр дүн гарчихсан, долдугаар сарын 1-ний үйл явдлаас хэд хоногийн өмнө нарийн бичгийн даргаар генерал М.Ганболд томилогдсон байдаг. Тэр үе бас хэцүү байсан шүү. Түүнтэй яг нэг жил ажиллаад ажлаа өгөхийн өмнө “сонин” шийдвэр гаргасан.

-Тэгээд л хусагдаа биз дээ. Ямар аргаар таныг авч хаях юм?

-Нэг өглөө ажилдаа иртэл манай нарийн бичгийн дарга өрөөндөө дуудаад “Өөрийн хүсэлтээр халагдах өргөдлөө өгчих” гэсэн. Миний цаашдын ажлыг шийдээд ажлаа ав, өөрөө хүсэлт гаргахгүй гэсэн. Гэтэл хоёр цагийн дараа “Сахилгын шийдвэр ногдуулах тухай” захирамж гаргаж ажлаас халсан юм. ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга өөрөө солигдохоосоо өмнөхөн Б.Хурцад миний ажлыг өгүүлсэн. Нэгэнт сахилгын шийтгэл ногдуулж халсан болохоор цаашид төрийн ажил эрхлэх нөхцлийг хуулиар хаасан тул шүүхээр явахаас өөр аргагүй байдлыг бий болгосон. Харин М.Ганболд өөрөө Элчин сайдаар томилогдсон.

-Ажлаа өгөхийг хурдан шийджээ?

-Ажлаа тэр дор нь “үүрэг гүйцэтгэгчид” хүлээлгээд өгчихсөн. Тамгаа л өгөөгүй. Хэд хоногийн дараа Б.Хурцад шилжүүлсэн. Яагаад гэвэл төсвийн шууд захирагч учраас их мөнгөний асуудал байсан. Намайг халсан даруйдаа л төрийн ордны бүх хамгаалалтад намайг ордонд нэвтрүүлэхгүй байхыг даалгаад, миний өрөөний үүдэнд давхар хамгаалалт гаргасан байлаа. Ингээд л өнөөх “Шударга бусын хонгил” гэдгээр чинь 11 жил алхаж, ажилгүй, цалингүй, амьдралаараа хохирч байгаа хүн дээ. Намайг гэнэт халсан шалтгаан тодорхой. Ерөнхийлөгчийн баруун гарын хүн өнөөх тагнуулч Б.Хурцад зайлшгүй суудал гаргаж өгөөд нэр хүнд олохоос өөр аргагүй. Ингэж л санасандаа хүрсэн юм билээ.

-Та үндэслэлгүйгээр ажлаас халагдсан гэдгээр хууль хяналтын байгууллагад хандсан биз дээ?

-Хандалгүй яах вэ. Ер нь татаагүй хаалга байхгүй. Төрийн албаны зөвлөлд, дараа нь нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандсан. Бүгд л миний талд шийдвэр гаргаж байлаа. Нийслэлийн захиргааны хэргийн шүүх “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргын 15 дугаар захирамжийг хүчингүй болгож...” шийдвэр гаргасан байдаг. ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдсан. Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шатны шүүх хуралдааны магадлал гарч Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг зөв гэж дүгнэсэн байдаг. Энэ бүх хуралдаанд Ч.Өнөрбаяр (хожим Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх болсон) хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан. Дээрх хугацаанд шүүхэд өгсөн тайлбартаа “Б.Хурц Лондон, Германд цагдаа нар саатуулж, тухайн албан тушаал хашиж байгаа хүн эзгүй байгаа тул Д.Жаргалсайханд ажлыг хүлээлцэх боломжгүй” гэж тайлбарласан байдаг. ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга байсан Ц.Энхтүвшин ШШГЕГ-ын даргатай утсаар холбогдон “Шүүхийн шийдвэрийг хүчингүй болго. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг цуцалж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдээг ирүүлсэн нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, хурандаа Д.Ганбатад хариуцлага тооцож, хариуг эргэж мэдэгд” гэж байгаа юм шүү дээ. Энэ бусармаг явдал, хууль хэний улан дор гишгэгдэж байгааг харуулж байгаа биз дээ.

2012 оны зургадугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүх хуралдаж, шийдвэр нь миний талд гарсан. Шүүхийн хуралдааны шийдвэрийн “бэх нь” хатаагүй байхад хэдхэн цагийн дараа Тагнуулын ерөнхий газраас “төрийн нууц задалсан хэрэг”-ээр хоёр дахь удаагаа намайг баривчлан, гэр, албан тасалгааг 10 гаруй цаг нэгжиж, ШШГЕГ-ын 461 дүгээр ангид хорьж, нэлээн хугацаанд шалгасан. Дараа нь 2013 оны хоёрдугаар сарын 21-нд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд “шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас” дахин хянуулах хүсэлтийг ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин гаргаж тавьсан. Гэвч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан “хариуцагчийн хүсэлтээс татгалзаж” тогтоосон байдаг. Хамгийн сүүлд 2019 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан ч шийдвэрийг хэрэгжүүлээгүй өнөөг хүрч ирлээ. Монголын шүүх миний асуудлаар 11 жилийн хугацаанд есөн удаа хуралджээ. Шүүхийн шийдвэр биелсэнгүй. Энэ нь хүний богинохон амьдралд хүндээр туссан тогтолцооны гажуудлыг харуулж байна. Шүүхийн дээр хэн суудгийг бас тодотгоод байгаа юм.

-Сонин л юм байна. Өөр газруудад хандаа л биз дээ?

-Олон газарт хандсан. Бүгд шүүхийн шийдвэрийг дэмжиж, Ерөнхий сайд хоёр, Хууль зүй, дотоод хэргийн сайд гурав, ШШГЕГ-ын дарга дөрөв, Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисст хоёр удаа гээд олон байгууллага, хүмүүс шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж иргэнийг хохиролгүй болгох талаар ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргад хүсэлт, зөвлөмж гаргасан байдаг. Батлан хамгаалахын сайд дээр гурван удаа ажил хүсч орсон. Энэ бүхэн миний эсрэг намайг тэтгэвэрт гартал нь ажилд томилохгүй юм байна гэсэн ойлголтод хүргэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.28 ДАВАА № 187 (6412)