Б.ОЮУНЗУЛ

Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгээс залуу судлаачдын дунд уламлал болгон зохион байгуулдаг “Хэл зохиол -2020” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа. Хуралд монгол хэл бичиг, утга зохиол судлалаар судалгааны ажил хийдэг залуу судлаачид, их, дээд сургуулийн залуу багш, эрдэм шинжилгээний байгууллагын ажилтан, гадаадын судлаачид илтгэлээ хэлэлцүүллээ. Тэдний дунд Choi Yoon Seo гэх солонгос эрхэм “Монгол, солонгос хэлний үйлдүүлэх хэвийн бүтээврийг харьцуулах судалгаа” нэртэй илтгэл тавьсан нь сонирхолтой байлаа. Хурлын зорилго нь монгол хэл шинжлэл, утга зохиол судлалын чиглэлээр судалгаа хийж буй залуу судлаачдын эрдэм шинжилгээний ур чадварыг дээшлүүлэх, онол, арга зүйн түвшинг ахиулах, монгол судлалын залгамж холбоог бэлдэх, эрдэмтэн судлаачид мэдлэг туршлагаа харилцан солилцох боломж олгох зорилготой юм байна. Шилдгээр шалгарсан өгүүллүүдийг Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгээс эрхлэн гаргадаг олон улсын “ISSN” сэтгүүлд бүрэн эхээр нь хэвлэх аж. Монгол хэл, утга зохиолын салбарт залуу үе болон гарч буй багш судлаачдаа дэмжиж, танилуулах, тэдний эрдэм шинжилгээний ажлыг нийтлэх, олон нийтэд хүргэх, шүүн хэлэлцэхэд ач холбогдолтой ажээ.

Эх сурвалж www.polit.mn