Б.ДОЛЖИНЖАВ

Монгол Улсын хүн ам өрхийн мэдээллийн санд өнөөдрийн байдлаар Баасансүрэн гэсэн нэртэй 3304 хүн бүртгэлтэй байна. Эдгээрээс овгийг нь хэлэхэд олон нийт таньдаг ганц хүн байдаг нь зохиолч, сэтгүүлч, судлаач Тугалхүүгийн Баасансүрэн билээ. Түүний “Монголд чөлөөт ардчилсан хэвлэл бүрэлдэн төлөвшсөн нь” цувралын VII боть, “Монголын чөлөөт хэвлэл, сэтгүүл зүйн шүүмж судлал, тулгамдсан зарим асуудал” номын нээлт, “Зохиолч, сэтгүүлч, судлаач Тугалхүүгийн Баасансүрэн, түүний уран бүтээл, эрдэм , судлалын ажил” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Улаанбаатар Эрдэм их  сургуульд боллоо. Энэ эрдэм шинжилгээний хуралд Монголын сэтгүүл зүйн салбарын нэр нөлөө бүхий эрдэмтэн судлаачдаас эхлээд сэтгүүл зүйн салбарын томоохон мэдээллийн агентлаг, өдөр тутмын сонины эрхлэгчид оролцож илтгэл хэлэлцүүлснээрээ онцлог байлаа.

Түүний шинэ номын тухай МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн профессор, шинжлэх ухааны доктор, МУСГЗ М.Зулькафиль “Орчин үеийн Монголын сэтгүүл зүйн судлалыг судлаач, шүүмжлэгч, багш  сурган хүмүүжүүлэгч Т.Баасансүрэнгийн бүтээлгүйгээр төсөөлөх боломжгүй. Тэрээр сэтгүүлч, зохиолч, ОНМХ-ийн нэртэй менежер,  сэтгүүл зүйн судлаач, шүүмжлэгч, өөрөөр хэлбэл үгийн урлаг, сэтгүүл зүйн салбарт ховор заяагдсан хосгүй авьяастан “арван хуруу тэгш хүн” юм.   Миний хувьд сэтгүүл зүйн нэрт судлаач, шүүмжлэгч Т.Баасансүрэнд судлаач хүнд байдаг хоёр чухал чанарыг өндөр үнэлдэг. Энэ бол ажилч, хичээнгүй, өөрийнхөө авьяас чадвар, оюуны чадавхийг дээд зэргээр дайчилж чаддаг  хөдөлмөрч чанар, мөн аливаа асуудалд маш нягт нямбай, хариуцлагатай ханддаг, судлаачийн ёс зүйг өндөр түвшинд баримталдаг чанар юм. Үүнийг доктор Т.Баасансүрэнгийн олон жилийн бүтээлч хөдөлмөрийн үр дүн болох “Монголд чөлөөт ардчилсан хэвлэл бүрэлдэн төлөвшсөн нь” хэмээх долоон дэвтрээс бүрдсэн томоохон хэмжээний нэг сэдэвт зохиолыг уншиж танилцах явцад улам тод ажиглалаа.  Баасансүрэн судлаач гярхай ажиглагч, онолыг практиктай оновчтой хосолж, түүнийг ул суурьтай, үнэмшилтэй тайлбарлаж, хэр баргийн хүн анзаарахгүй өнгөрдөг жижиг зүйлийг хүртэл олж, мэдэрч, түүнийг өөрийн болгож чаддаг цөөн судлаачийн нэг юм. Энэ бол, туршлагатай, ясны судлаач хүнд байдаг нэн ховор чанар юм. Доктор Т.Баасансүрэн сэтгүүл зүйн нэрт судлаач, шүүмжлэгч, сэтгүүлч, зохиолч төдийгүй МОНЦАМЭ агетлаг, “Сэтгүүлч” сэтгүүл, ТВ-9 телевиз зэрэг хэвлэл мэдээллийн томоохон байгууллагуудыг удирдаж байсан, удирдаж буй ОНМХ-ийн шилдэг менежер мөн” гэсэн юм.

Т.Баасансүрэн гуай бага ангийн сурагч байхдаа 1962 онд “Пионерийн үнэн” сонинд “Намар” хэмээх анхны шүлгээ хэвлүүлснээс хойш Монголын утга зохиол, сэтгүүл зүйд зүрх сэтгэлээ зориулан зүтгэж яваа зохиолч, сэтгүүлч. Тэрээр долдугаар ангид байхдаа “Анхны пионерийн бүрээн дуу” уран бүтээлийн номоо хэвлүүлсэн” хэмээн УБЭИС-ийн Эрдэмийн зөвлөлийн дарга, академич, Т.Дорж, УБИС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, докторант Б.Уянга нар хамтарсан Үндсэн илтгэлдээ дурьдсан  юм. Үүнээс үзэхэд Монголын хэвлэл мэдээллийн салбарт тасралтгүй 46 жил ажиллахдаа хэдэн зуун тэмдэглэл, найруулал, асуудал дэвшүүлсэн өгүүлэл бичиж нийтлүүлсэн нийтлэлч Т.Баасансүрэн гуай балчир байхаасаа эрдэм  судлал, бичиг цаасны ажилтай амьдралаа холбосон аж. Тэрээр сэтгүүл зүйн онол, практикийн тулгамдсан асуудлаар 30 гаруй ном зохиол бичиж, олон арван эрдэм шинжилгээний өгүүллийг дотоод, гадаадын сонин, сэтгүүлд нийтлүүлсэн.  Мөн өдгөө 100 гаруй өгүүлэл бичиж, уран зохиолын авьяас чадавхи, бяд чадал шалгасан туульсын роман бичиж монголын уран зохиолын сан хөмрөгийг баяжуулсан тухай Хэл бичгийн ухааны доктор Ү.Хүрэлбаатар илтгэлдээ дурдсан билээ.

 

“Монгол эх орны тухай зохиогчийн чин зүрхний дуулал”

 

Т.Баасансүрэн гуайн нийтлэлийн сэдвээр МУСГЗ,нийтлэлч До.Чулуунбаатар , МУСГЗ, доктор Б.Пүрэвдаш, Нийгэм, сэтгэл судлалын дээд сургуулийн захирал Ч.Базар нар илтгэл тавьсан юм. “Т.Баасансүрэнгийн “Наран, Саран, Дэлхий”, “Чингисийн Монголын онгон байгаль” номын тухай  илтгэл тавьсан МУСГЗ, доктор Б.Пүрэвдаш “ Таван бүлгээс бүрдэх “Наран, Саран, Дэлхий” бол Т.Баасансүрэн өөрийн туулж өнгөрүүлсэн амьдралынхаа замыг эргэн харж эргэцүүлэн бясалгахдаа үнэнийг эрс шийдэмгийгээр шулуухан өгүүлж, өөдрөг бадрангуй үзэл, гэрэл гэгээг илүүтэйгээр эрхэмлэн сайхан хүмүүсийн тухай магтан дуулсан, уран зохиол, сэтгүүл зүйн хүчтэй түрлэг болсон ном юм. Харин “Чингисийн Монголын онгон байгаль” бол Алтай, Хангай, Говь, Тал хээр нутгаа магтан дуулж үгийн хүдрээр дүрслэн буулгасан зураглал, Монгол эх орны тухай зохиогчийн чин зүрхний дуулал юм. Т.Баасансүрэн “Үнэн” сонин, МОНЦАМЭ агентлагт олон жил ажиллахдаа эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист ажиллаж сурвалжлаган явахдаа, Монгол сайхан эх орныхоо өнгө үзэмж, гоо сайхныг үгийн увдисаар зураглан буулгахсан гэж хүсэмжлэн мөрөөдөж, үзсэн харсанаа цээжиндээ тэмдэглэн явсаар нас дөч гармагц сая сэтгэл ханаж, үзгээ авч цааснаа буулгасан нь энэ” гэлээ.  Харин Т.Баасансүрэн гуайн Монголын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн үнэ цэнэтэй бүтээл болох “Алдар нэр, алдаа оноо, атаа жөтөө” номын тухай Нийгэм, сэтгэл судлалын дээд сургуулийн захирал Ч.Базар илтгэлээ. Тэрээр “Эрэн сурвалжлах сэтгүүл зүй бол сэтгүүлчээс маш их ур чадвар шаарддаг. Эрдэмтэн судлаачийн энэ бүтээл хэдийгээр Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын улс төрийн үйл ажиллагаа, уул уурхайн баялагийн талаар баримталдаг бодлого, хамтран зүтгэгч  нөхдийн ааш аяг, улс төрийн захиалга хийгээд хэлмэгдүүлэлтийн талаар илчлэн бичсэн мэт харагдавч бүхэлдээ Монголын түүхийн сүүлийн 20 гаруй жилийн нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралын нүүр царайг толинд туссан мэтээр тод томруун тусгажээ. Тухайлбал,  өнөөдрийг хүртэл маргаан шуугиан нь эцэслэгдээгүй, будлиантай  хэвээр байгаа Оюутолгой, Тавантолгойн уурхайн гэрээний эхлэл, өрнөл, түүнийг тойрсон асуудлын учир, хэлхээ холбоо бүгд тодоор тусгагдсан. Мөн Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч яагаад улс төрийн тавцангаас шорон руу ачигдав гэдэг асуултын  хариуг энэ бүтээлд тодорхой баримтаар өгүүлж, энэ нь улс төрийн хэлмэгдүүлэлт байсан гэдгийг олон түмэнд мэдээлж, ойлгуулсан. Гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын улс төрийн он цагуудын эргэн тойронд учгийг тайлах гэж судлаач мэргэжлийн эр зориг гаргаж, учир битүүлэг утасны үзүүрээс барьсаар зангилааг тайлснаар Монголын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хөгжилд томоохон байр эзэлдэг юм” гэж ярилаа.

 

“Ном бүтээлээр тахиа шиг өндөглөдөг хүн”

 

Сэтгүүл зүйн шүүмж судлалын сэдвээр илтгэсэн шинжлэх ухааны доктор Л.Норовсүрэн “Юуны түрүүнд манай хувьсгалт хэвлэл, утга зохиол, урлагийн нэрт зүтгэлтэн С.Буяннэмэхийн амьдрал, тэмцэл, бүтээл туурвилын тухай иж бүрэн судалгааны бүтээл гарсанд баяртай байна. Бас энэ нөр их ажлыг гүйцэлдүүлсэн сэтгүүл зүй судлаач, журмын нөхөр Т.Баасансүрэнд талархал илэрхийлье. “Сономбалжирын Буяннэмэхийн уран бүтээл, бичлэгийн арга барил, сэтгэлгээний онцлогт хийсэн ажиглалт шинжилгээ” гэдэг бүтээл бол нэрнээсээ эхлээд С.Буяннэмэхийн тухай мэдээллийн чуулбар болох нь мэдэгдэж байна. Т.Баасансүрэнгийн нэг сайхан чанар бол хаа ч очиж, ямар ч ажил алба хашсан ёстой л хийсэн шиг хийдэг хөдөлмөрч хичээнгүй чанар. Тэрээр байнга санаж сэдэж, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө цуцалтгүй тэмцдэг нэгэн. Дүгнээд хэлбэл, хийж бүтээхээс өөрийг үл  мэдэгч хүн гэж хэлж болно.  Өмнө нь би түүнийг ном бүтээлээр тахиа шиг өндөглөдөг хүн гэж хэлсэн удаатай. Төрийн албыг туурвин бүтээх үйлстэйгээ хэрхэн хослуулж хоёр толгойтой, дөрвөн гартай юм шиг ажилладагийнх нь нууцыг тайлахад бэрх. Энэ хүнд ер нь амрах цаг гэж байдаг болов уу гэж бодохоос цаашгүй. Ийм л нэг эрч хүчтэй, эрдэм боловсролтой, авьяас билэгтэй эр хүн Монголын утга зохиол, сэтгүүл зүйн салбарт Алтайн уулс  шигээ алсаас сүмбэрлэн харагдах ноён оргилуудын нэг болж явааг харахад бахархахгүй байхын аргагүй билээ” гэв.

 

“Сэтгүүл зүйн судлал дахь шинэ зам харгуй”

Харин УБЭИС-ийн сэтгүүл зүй, олон улс судлалын тэнхимийн багш М.Наранчимэг “Сэтгүүл зүй судлаач, доктор, профессор Т.Баасанүрэнгийн “Монголын нууц товчоо” нийтлэлийн судалгааны томоохон бүтээл нь “Монголын нууц товчоог цоо шинэ өнцгөөс харсан өвөрмөц содон судалгаа болж, Монголын нийтлэл зүйн түүхийг долоон зуунаар урагшлуулан эх сурвалж, эх ундаргыг тодорхойлж өгсөн байна.  Мөн “Монголын нууц товчоо”-г зөвхөн утга зохиолын төдийгүй нийтлэл зүйн охь дээж бичиг мөнийг дотоод гадаадын олон эх сурвалжид тулгуурлан баталж, өөрийн үнэтэй санааг дэвшүүлснээрээ Монголын сэтгүүл зүйн судлалд цоо шинэ үг  хэлжээ. Үүнийг академич Т.Дорж шинжлэл судлалд шинэ үг хэлсэн бүтээл, судлаач Б.Наминчимэд нээлтийн  чанартай, доктор Ц.Өнөрбаян, А.Даваасамбуу нар сэтгүүл зүйн судлал дахь шинэ зам харгуй гэх зэргээр нэрлэж өндрөөр үнэлж, тодотгосон байна. Мөн доктор Т.Баасансүрэн “Монголын нууц товчоо”-ны үг хэллэг, дүр дүрслэлийг нийтлэл зүйн үүднээс нягтлан шүүрдэж, адилтгал зүйрлэл, зүйр цэцэн үгсийг хэрхэн яаж онч мэргэнээр ашиглаж, хүний сэтгэлийг татаж, нийтлэлийн үр нөлөөг дээшлүүлж болдгийн үлгэр загварыг бэлхэн харуулсан баримтат нийтлэлийн дээж бичиг мөн хэмээн тодорхойлжээ” хэмээн илтгэлдээ дурдлаа.

 

Түүх мартагдаж түүхийрэхээс урьдчилан сэрэмжлүүлжээ

 

“Зууны мэдээ” сонины эрхлэгч, докторант Д.Отгонбаяр “Монголын үндэсний сэтгүүл зүйн үүсэл хөгжлийн эхэлсэн цэгийг зааж байгаа тэр үед гарч байсан хэвлэлүүдийн талаар манай судлаачид тал талаас нь нарийвчлан судалж, тодорхой дүгнэлтүүдийг хийсэн байдаг билээ. Тэдгээрийн дундаас чөлөөт хэвлэл гэдэг санаан дээр зангидан дорвитой судалж, бүтээл туурвисан судлаач бол доктор Т.Баасансүрэн юм. Судлаач “Монголд чөлөөт ардчилсан хэвлэл бүрэлдэн төлөвшсөн нь” хэмээх цуврал долоон боть бүтээл туурвисан. Судалгааны энэ цувралын “XX зууны эхэн үеийн Монголын чөлөөт хэвлэл” бүтээл нь чухамхүү Монголд үндэсний сэтгүүл зүйн анхдагч хэвлэлүүдтэй холбоотой судалгаанд бүрэн зориулагдсан байна. Тэрээр үндэсний тусгаар тогтнол, эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж байсан өвөг дээдсийнхээ XX зууны эхэн үед гаргаж байсан хэвлэлүүд дэх чөлөөт хэвлэлийн шинж чанаруудыг шинжлэн тодруулж уламжлал ба шинэчлэлийн уялдаа  холбоон дунд нь судлан гаргаж ирсэн юм. Мөн шинжилгээ хийж харьцуулан судлаад 1990-ээд оны чөлөөт хэвлэлийн үүсэл,  хөгжил, төлөвшлийг нэг мөр болгон эмхэлж цэгцлэхийг хичээсэн нь нэн сайшаалтай. Түүх мартагдаж түүхийрэхээс урьдчилан сэрэмжлүүлж, түүнийгээ өмнөх үеийн уламжлалтай холбож, тодотгосон байна”  хэмээн илтгэлийн үеэр хэллээ.

 

“Миний нэр, миний гэр МОНЦАМЭ”

 

Монголын  үндэсний мэдээллийн агентлаг МОНЦАМЭ-г Т.Баасансүрэнгүйгээр, Т.Баасанүрэнг МОНЦАМЭ-гүйгээр төсөөлөхийн аргагүй.  Учир нь тэрээр хэвлэл мэдээллийн салбарт 46 жил ажиллахдаа 15 жилд нь үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагт ажилласан юм. Энэ агентлагт ажиллах үе бол Т.Баасансүрэн гуайн хувьд амьдрал, уран бүтээл, судалгаа шинжилгээний ажлынх нь хамгийн өндөр ургацтай,  үр бүтээлтэй оргил үеийн он жилүүд байсан гэж хэлж болно. Түүнийг МОНЦАМЭ-гийн түүх судлалаар бүтээлээ туурвих хүртэл залуу үеийнхэн үндэсний мэдээллийн агентлагийн түүхийг төдийлөн сайн мэддэггүй байлаа. Тэрээр МОНЦАМЭ агентлагийн түүхэн замналыг харуулсан “Миний нэр, миний гэр МОНЦАМЭ”, “Монголд мэдээллийн агентлаг үүсэн хөгжсөн нь”, “Үндэсний мэдээллийн агентлаг-тусгаар тогтнолын билэг тэмдэг”, “МОНЦАМЭ” үе үеийнхэн гэсэн олон ном бүтээл бичсэн юм. Түүн шиг МОНЦАМЭ  мэдээллийн агентлагийн үүсэл, хөгжил, төлөвшлийн  түүхийг өргөн хүрээнд олон талаас нь маш нухацтайгаар судалсан хүн үгүй юм.

 

Хүн болж төрснийхөө хувьд гишгэсэн мөрөө гүйлгэн харлаа

 

Эрдэм шинжилгээний хурлын төгсгөлд Т.Баасансүрэн гуай “Ухамсарт бүх амьдралаа бараг бүгдийг хоёргүй сэтгэлээр зориулсан Монголын сэтгүүл зүйд би туйлаас хайртай, энэ шинжлэх ухаанд гүн хүндэтгэлтэй ханддаг хүн.Энэ бол миний төрөлх мэргэжил юм. “Монголд чөлөөт ардчилсан хэвлэл бүрэлдэн төлөвшсөн нь” цувралын  долдугаар боть, “Монголын чөлөөт хэвлэл, сэтгүүл зүйн шүүмж судлал, тулгамдсан зарим асуудал” номын нээлт, УБЭИС-ийн Эрдмийн зөвлөл, МСНЭ, ТВ-9 телевиз, МЗЭ-ийн хүүрнэл зохиолын төв болон “Соён гэгээрүүлэгч” телевизээс миний тэгш насны ойд зориулж зохион байгуулсан эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирж, эрдэм номын баяр, уран бүтээлийн минь тайлантай ямар нэг байдлаар ойртон танилцсан та нартаа чин сэтгэлээсээ, үнэн зүрхнээсээ баярлан талархаж байгаагаа илэрхийлье. Өчүүхэн бичгийн хүн миний амьдралд тохиолдсон үйл явдлыг хуваалцаж сэтгэлийн үг, санал шүүмжлэл хэлсэн бүх хүнд баярлалаа. Та нар намайг бурмаар бус урмаар тэжээлээ. Бүхэл бүтэн нэгэн жаран илүүний ажил амьдрал, бүтээлч үйл ажиллагаагаа эргэн харж, эргэцүүлэн бодох боломж олголоо. Хүн болж төрснийхөө хувьд гишгэсэн мөрөө гүйлгэн харж гийгүүлсэн зүйл төдий л олонгүй боловч өөртөө шүүмжлэлтэй хандаж, өөрийгөө сахилгажуулж бүтээл туурвилаа эмхлэн журамлаж бүртгэлжүүлэх учиртай юм байна гэсэн ухаарал болоод сэхээрлийг зэрэг зэрэг төрүүллээ. Их баярлалаа, та нартаа” гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn