Б.ДОЛЖИНЖАВ

Хүчирхэг, эрч хүчтэй эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон АНУ-ын телевизийн алдарт хөтлөгч Опра Уинфригийн “Миний сайн мэдэх зүйл” номын онцлох эшлэлүүдээс хүргэж байна. Энэ номноос та аз жаргал, баяр баясал гэсэн сайхан мэдрэмжүүдийг жижигхэн зүйлээс ч мэдэрч болдог тухай ойлгох болно.

-Хэрэв бид анзаарч, үнэлж л чадвал амьдрал гэдэг сайхан зүйлээр үргэлж дүүрэн байдаг.

-Аз жаргалтай байхад надад тийм ч их зүйл хэрэггүй. Учир нь би ажилдаа дуртай, хийж буй зүйлээсээ сэтгэлийн таашаал авч чаддаг.

-Бид амьдралдаа өдөр бүр гайхамшгийг мэдрэх боломжоор дүүрэн байдаг ч нүдээ таглаж, чихээ бөглөн, өөрсдийгөө уйтгартай, хөшүүн байдалд хүлсээр иржээ.

-Би өдөр бүрийг шинэ зүйл, шинэ боломжийг авчирсан цоо шинэ эхлэл байгаасай гэж хүсдэг. Амьдралын бүх л шатанд аз жаргал, баяр баяслыг мэдрэх тэр боломжийг авч ирэх шинэ эхлэл.

-Надад нэг сайхан роман юмуу дурсамжийн ном, аяга цай, хөлөө нугалан тухалж суух газар өгчихвөл тэгээд диваажинд очлоо л гэсэн үг.

-Оюун санааны минь хамгийн эхний дасгал бол ирээдүйг яг таг төлөвлөхөөс татгалзаж эсвэл өнгөрсөн үеийн алдаандаа харамсан шаналахгүйгээр одооныхоо жинхэнэ хүч чадлыг мэдэрч, өнөөдрөөрөө амьдрах явдал юм.

-Та бусдаас авч чадаагүй хайрыг өөртөө өгөх зоригтой байх ёстой. Ингэснээр өдөр бүр танд улам өөдөө хөгжин дэвших шинэ шинэ боломж ирдгийг ойлгох болно.

-Амьд явахын утга учир нь өөрийгөө олтлоо ахин дахин өсөж хөгжиж, ямар хүн байхыг зорино, түүндээ хүрэх явдал юм.

- Гайхамшиг гэдэг бол долоо  хоногийн турш завгүй гүйн ажилласны эцэст зөвхөн өөртэйгээ үлдэж, ганцаараа байх явдал юм.

-Сэтгэл зүрхээ анхааралтай сонсоод хамгийн ихээр хүсдэг тэр л зүйлээ хий. Зүрх сэтгэлээ сайтар чагнахын тулд заримдаа чимээгүй байх хэрэгтэй.

Эх сурвалж:www.polit.mn